Ажлын байр бий болгоход анхаарах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Ажлын байр бий болгоход анхаарах ёстой гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл хийгээд түүнтэй холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийг шинэчлэх болсон шалтгаан нь сэтгэц зан үйлийн эмгэгтэй иргэдийг нийгэм хамт олон дунд тулгуурлаж шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорьж байгаатай холбоотой аж. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн эмгэгтэй иргэдээ хэвтүүлэн эмчлэх зэргээр албадлагын чанартай үйлчилгээг үзүүлж ирсэн. Харин дэлхий нийт нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг энэ төрлийн бүлгийн хүмүүст хүргэхийг чармайж, тэр хэрээр үр дүн нь илүү байгаа тул ийм өөрчлөлт хийх ёстой хэмээн үзэж буй юм байна. Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Сэтгэцийн эмгэг анхаарал татаж байгаа асуудал. Төр, засгаас сэтгэцийн эмгэгтэй хүмүүст тодорхой дэмжлэг үзүүлж, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашиг, амьдралын баталгаа дээшлэх, нийгэм, хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг заалтуудыг хуулийн төсөлд оруулж ирж байгааг дэмжиж байна. Харин сэтгэл судлаач хамгийн хэрэгтэй мэргэжил. Иймд сэтгэл судлаач бэлтгэх чиглэлээр тодорхой заалтыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй” гэж үзэж буйгаа онцолсон юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өнөөдөр 20-30 жилийн өмнө л хэрэглэж байсан эмээ хэрэглэж байгаа. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сэтгэцийн эмгэг өвчинд хэрэглэгддэг маш олон төрлийн шинэ эм гарч ирсэн.  Эдгээр эм өндөр үнэтэй байдаг, энэхүү хэлэлцэж байгаа төслийн хүрээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс насан туршдаа эмээр хангагдаж байх заалт орсон уу” гэж асуув.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Л.Насанцэнгэл ”Өнөөдөр сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчлөлд 14 төрлийн хамгийн үнэ багатай эм хэрэглэдэг.  Гаднаас өндөр үнэтэй эм авах төсөв байдаггүй. Цаашид тодорхой заалтуудаар олгогддог эмүүдээр хангах талд анхаарч ажиллахаар зорьж байгаа” гэлээ.

Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл байлаа. Дээрх төсөлтэй холбогдуулж гишүүд “Хөдөлмөр эрхлэлтийг анхан шатанд дэмжихэд саад тээг болдог газар нь орон нутгийн удирдлага. Засаг дарга нарыг тухайн орон нутагт суугаа иргэдэд халамжийн мөнгө тараагаад суух биш, тэднийг ажилтай болгохыг дэмждэг байх мехнизмыг хуулийн төсөлд тусгаж өгөх ёстой. Түүнчлэн дотооддоо мэргэжлийн боловсрол олгох  сургалт төгссөн хүмүүсийг ажлын байраар хангах, гэр бүлийн хүмүүсийг салгаж гадаадад ажиллуулахаар явуулах бус хамтад ажлын байраар хангах асуудалд анхаарах хэрэгтэй”  гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.  Эцэст нь гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж