Умард Солонгос алсын зайн пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Умард Солонгос алсын зайн пуужин хөөргөнө

Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлагаас БНАСАУ энэ арванхоёрдугаар сарын 10-22-ны хооронд “Sohae” станцаас алсын зайн гурван үе шаттай тив хоорондын баллистик пуужин хөөргөх гэж байгаа тухай мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ эхний шатны пуужингаа пуужин хөөргөх тавцанд байрлуулан хөөргөх ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд үүнд 3-4 өдөр зарцуулагдах гэнэ. Энэхүү пуужин нь Хойд Солонгосын “ Unha-3” пуужинтай төстэй бөгөөд Хятад болон Солонгосын хойгийн хоорондох далай дээгүүр нисч, эхний шатны пуужингаа далайд унагаад, цааш Японы Окинава арал дээгүүр нисч өнгөрөх аж.  Хэдийгээр Умард Солонгосын зүгээс энэхүү пуужин хөөргөх ажиллагааг энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж байгаа ч энэ тухай мэдээ дэлхий дахинд түгшүүр төрүүлжээ.

Тиймээс БНХАУ, АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгосын албаныхан энэ асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Сөүл хотноо яаралтай уулзалт хийж байгаа юм байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн сайд байр сууриа илэрхийлэхдээ “БНАСАУ сансарт энхийн зориулалттай пуужин хөөргөх эрхтэй ч НҮБ-аас гаргасан баллистик пуужин хөөргөх хоригийг биелүүлэх ёстой.” гэжээ. Мөн тэрээр БНХАУ болон бусад улсын зүгээс Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаа. Тиймээс Умард Солонгосын пуужин хөөргөх асуудлыг тайвнаар хүлээн авч, байдлыг хүндрүүлэхгүй байхыг хичээх болно” гэж мэдэгдсэн байна.

Харин Япон улсын зүгээс Умард Солонгосын хөөргөх алсын зайн пуужин тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд угтуулан пуужин хөөргөж устгахаар төлөвлөж, Окинава аралд газар-агаарын ангиллын пуужин байрлуулж эхэлжээ. Мөн ОХУ-ын зүгээс ч Хойд Солонгосын пуужин хөөргөх ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, НҮБ-ын баллистик пуужин хөөргөх хоригийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Харин Филлипин улс  НҮБ-д энэ асуудлаар хандаж, Хойд Солонгосын пуужин үнэхээр баллистик пуужин мөн эсэхийг нарийн тогтоохыг шалгаж тогтоохыг хүсчээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын “Korean Air” компани Хойд Солонгосын хөөргөх гэж буй алсын зайн пуужинтай мөргөлдөхөөс сэргийлэн Шар тэнгис дээгүүрх онгоцны нислэгийн чиглэлүүдээ өөрчлөх тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж