Дэвид Бэкхам зоогийн газар нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхам зоогийн газар нээнэ

Английн нэрт хөл бөмбөгчин Дэвид Бэкхам өнгөрсөн ням гаригт Америкийн нэрт телевизийн  хөтлөгч Райан Сикрестийн радио шоунд оролцохдоо шинэ бизнест хүч сорих гэж байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр дэлхийн нэртэй брэндүүдийг сурталчилж, томоохон компаниудтай гэрээ хийж байсан ч энэ удаа өөрийнхөө бизнесийг эхлүүлж Лондонд хувийн тансаг зоогийн газраа  байгуулахаар бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Бэкхам шоуны үеэр өөрийн бизнесийн талаар “Би гэр бүл, дотны найз нөхөдтэйгээ амттай хоол идэж, цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай. Бусад хүмүүсийн хувьд ч гэр бүлийнхэнтэйгээ амттай хоол идэж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь хамгийн их аз жаргалыг авчирдаг гэж боддог. Иймээс  өөрийн гэсэн зоогийн газар байгуулж тав тухтай, тансаг орчинд амттай хоолоор хүмүүст үйлчилнэ гэдэг бол маш сайхан санаа гэж бодож байна. Би яг хэзээ зоогийн газраа албан ёсоор нээхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тун удахгүй” гэжээ.

Түүнчлэн Дэвид энэхүү ярилцлагынхаа үеэр хоол хийх маш их дуртай төдийгүй өмнө нь хоол хийх талаар хичээл хүртэл заалгаж байсан тухай  хошигнон ярьсан байна. Тэрээр сүүлийн үед шинэ зоогийн газрынхаа ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа гэнэ.


Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж