Элчин сайд нарыг татах саналыг зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарыг татах саналыг зөвшилцөнө

УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр /2012.12.03/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  Монгол Улсаас гадаад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах тухай саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүллээ.

Уг саналд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Энхсайхан, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд  суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Аюурзана, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.Сайраан, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл, Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Очиржав нарыг тус тус эгүүлэн татаж,

Монгол Улсаас БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргал, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэл, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Бельгийн Вант Улс болон Европын Холбоонд  суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболд, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишиг нарыг тус тус томилох тухай тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, “Засгийн газраас санал ирүүлэхдээ дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгон авахдаа гадаад харилцааны салбарт олон жил идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлага зэргийг харгалзсан байна. Ерөнхийлөгчийн зүгээс ч эдгээр нэр дэвшиж байгаа албан хаагчдыг хилийн чанадад улс орноо төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй  ажлыг хаших боломжтой хэмээн үзэж байгаа” гэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж