Улаанбаатарын “Эмэгтэйчүүдийн TEDx-т” умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хүмүүнлэг үйлс хийж байгаа эмэгтэйчүүд болон хавдарын эмч нарын “Амьдралын төлөө” гэдэг багын тухай доктор Л.Баярсайхан илтгэл тавьсан.
Хавдрын болон эмэгтэйчүүдийн эмч нар 2005 оноос эхлэн Ротари клубууд болон бусад сайн санаат хүмүүсээс хандив цуглуулж “Амьдралын төлөө” гэдэг уриан доор умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэн эмчлэх аян өрнүүлжээ. Зун бүр нэг сарын хугацаанд эдгээр эмч нар зуныхаа амралтаар хөдөө орон нутгаар явж, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын үзлэг шинжилгээ хийж, хавдартай эмэгтэйчүүдэд хагалгаа хийдэг байна. Тэд 2005 оноос хойш хөдөө орон нутгийн 25,000 гаруй эмэгтэйд үзлэг хийж, өвчнийг нь эрт илрүүлж оношилсоны ачаар олон арван эмэгтэйн амийг аварчээ. Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 70 хувиар буурсан байна. Хавдрын тоо буурахад дээрх эмч нарын өвчлөлийг эрт илрүүлж, хагалгаа хийн аварсан эмэгтэйчүүдийн тоо чухал байр суурь эзлэдэг байна.
Хүндийн өргөлтийн спортын ОУХМ, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний гурван алт, гурван мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаа амжилтынхаа түүхээ “TEDx”-д оролцсон залуу эмэгтэйчүүдтэй хуваалцлаа.
Тэрээр амжилтад хүртлээ найз залуу, гэр бүл хүүхийг хойш тавьсаар 30 гарсан хойноо гэрлэж хүүхэдтэй болжээ. Хүүхэд гаргавал спортын карьер нь дуусна, хүүхдээ хөхүүлбэл ямар ч тамиргүй болно гэж дасгалжуулагч нь хориглож, өөрөө ч тэгэх байх гэж айж байсан ч Баярмаа хүүхдээ гаргажээ. Гэхдээ л түүнд нэг юм дутуу санагдаж, зорьсон амжилтдаа хүрэх ёстой гэж бодогдоод болохгүй болохоор нь дахин бэлтгэлдээ орсон байна. Гэтэл байдал түүний төсөөлснөөс огт өөрөөр эргэж хүүхэд гаргаад сульдах биш улам чадалтай болж, илүү хүнд штанг өргөдөг болжээ. Хүүхэд гаргахынхаа өмнө 100 кг-ийн өргөдөг байсан бол одоо 120-ийг өргөдөг болсон гэсэн. Олон эмэгтэй хүүхэд гаргахаар зорилгоо орхиж, бүх амьдралаа хүүхэдддээ зориулдаг. Баярмаа аваргын эмэгтэйчүүдэд хэлэх гэсэн санаагаа бол хүүхдээ ч гаргаад мөрөөдөл зорилгодоо хүрэх боломж эмэгтэй хүн бүрт бий. “Эмэгтэй хүнийг амьдралыг өөрчилж чадах ганц хүн байдаг нь хүүхэд гэдэг үнэн. Би хүүхэдтэй болоод улам хүчтэй болсон. Хэдий би аварга ч гэсэн эмэгтэй хүн бүр ажлаараа, магадгүй хүүхдийнхээ хувьд аварга нь байдаг юм шүү гэж тэрээр ярьж байлаа.
Түүний дараа Америкийн Мерилэндийн их сургуулийн, санхүүгийн сургуулийн туслах профессор Ч.Төгсчулуун Монгол эмэгтэйчүүд нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай сонирхолтой судалгаа танилцуулсан юм.
Монгол эмэгтэйчүүдийн боловсролын төвшин, хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ, нийгэмд эзлэх байр суурь зарим өндөр орлоготой орнуудаас ч их байдаг хэрнээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах явцад оролцох боломж хомс байсаар байгаа. Монголын хөрөнгийн бирж дээрх ТОП-20 компани буюу зах зээл дээрх хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн захирлуудын ердөө нэг нь л эмэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс үргэлж өндөр байдаг. Шийдвэр гаргах төвшинд болон эрх мэдэл дийлэнхдээ эрэгтэйчүүдийн гарт байгаа нь хүйсээс шалтгаалж боломжийн гадуур үлдэж байгааг харуулж байна гэж уг судалгаанд өгүүлжээ.
Мөн Ерөнхийлөгч нарын орчуулагч, Face to Face нэвтрүүлгийн анкор, продюсор Э.Содонтогос монгол залуусаа монгол хэлээ бүрэн төгс эзэмшиж, эх хэлний яруу баялагт дурлаж, эх хэлээ чадварлаг ашиглахыг уриалсан юм. Энэ чадвар төрийн албаны хүмүүст ялангуяа гадаад харилцааны ажил хийдэг залууст заавал байх ёстой. Залуус эх хэлээ төгс эзэмших хүсэл, оролдлогод хөтлөгддөг байгаасай гэж тэрээр хүсч бодож явдаг юм байна. Мөн Монгол залуус болж өгвөл эх орноороо аялж, эх нутаг газар шороогоо чин сэтгэлээсээ дээдлэж, бахархадаг байгаасай гэж уриалсан юм.
Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хэрхэн амьдрах ажиллах урам зоригтой болсон тухай бас нэг сайхан түүх хуваалцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг сайн дурын болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг өгөх уулзалтууд, гар урлалын сургалтын ачаар тэргэнцэртэй эмэгтэйчүүд бусдаас хараат бусаар амьдарна гэдэг итгэлтэй болж, зарим нь ажил хийж, зарим нь сурч эхэлсэн байна.
“TEDx” бол хиймэл дагуулаар шууд цацагдаг арга хэмжээ. “TEDx”-ийн тэр жилийн хамгийн хамгийн сонирхолтой илтгэлийн бичлэгийг интернетээр шууд үзэж болдог. Өчигдөр болсон Эмэгтэйчүүдийн “TEDx”-т Өмнөд Африкт рестораны бизнес эрхэлдэг нэг эмэгтэйн тухай амжилтын түүхийг бидэнд үзүүлсэн.
Яаж ч шургуу ажиллаад ашиг олдоггүй байсан Малеохоноло Молеко гэдэг эмэгтэй хувийн хэрэгцээний мөнгөө бизнес хийх мөнгөнөөсөө салгаж ажиллах чадварыг бизнесийн сургалтад суусны ачаар олж авч, нарийн боовны газраа ресторан болгон өргөжүүлжээ. Тэрээр мөн энэ туршлагаа бусад залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж, амьдардаг газрынхаа манлайлагч эмэгтэй болоод байгаа юм.
Мөн Jacki Zenner гэдэг “Goldman Sachs” банкны анхны эмэгтэй худалдаачин, партнер болсон эмэгтэй санхүүгийн зуучлалтын салбар буюу хамгийн их мөнгө эргэлддэг салбарт эмэгтэйчүүд яагаад удирдах албан тушаал маш бага хашдаг тухай олж мэдэх гэж хичээжээ. Гэхдээ Jacki олигтой хариу олоогүй. Санхүүгийн зуучлалын ажил хийдэг хүмүүс байнгын онгоцоор нисч, маш олон цагаар ажиллаж их мөнгө олдог ч гэсэн тэр мөнгөө зарцуулах цаг завгүй хүмүүс. Ийм нөхцөлд эмэгтэй хүн, ялангуя хүүхэдтэй эмэгтэй ажиллах бараг боломжгүй. Бидний хүйсийн ялгаа өндөр үнэлгээтэй ажил хийх боломжийг маань хязгаарладаг гэсэн ойлголтод тэрээр хүржээ.
Эмэгтэйчүүдийн “TEDx”-д Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб “Үтрээний хүүрнэл” жүжгээрээ оролцсон. Тэд энд “Үтрээний хүүрнэл” жүжгийн нэг хэсэг болох “Миний богино юбка” хүүрнэлийг толилуулсан. “Богино юбкатай залуу эмэгтэйг ухаан муутай, толгойг нь мэдэж болно, өөрөө өдүүлэх дуртай байна гэж ойлгох явдал хаана ч байдаг. Үнэндээ бол миний богино юбка Эмэгтэйчүүдийн армийн эрх чөлөөний туг. Юбкан доор минь байгаа бүхэн зөвхөн минийх, би өөрийгөө өөр мэднэ” гэсэн санааг энд илэрхийлдэг юм.
Улаанбаатарт “Эмэгтэйчүүдийн TEDx” ийнхүү сонирхолтой илтгэлүүдээр дүүрэн болж өнгөрсөн юм. “TEDx” бол ашгийн бус сайн дурын, хандивын арга хэмжээ юм. Илтгэл тавих эсвэл зохион байгуулж байгаа хүмүүс ямар ч төлбөр авдаггүй, цэвэр сайн дурын идэвх дээр үндэслэдэг байна.
1984 онд “TED” ашгийн бус байгууллага Америкт “Даян дэлхийн шилдэг санааг хуваалцья” уриан доор уулзалт зохион байгуулж, шилдэг бүтээн байгуулагчид, сэтгэгчдийг цуглуулан технологи, дизайн, интертайнмэнт, хүмүүнлэгийн болон бизнес хөгжлийн зэрэг сонирхолтой сэдвүүдээр санал бодол, шинэ санаагаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр шилдэг сэтгэгчид, бүтээн байгуулагчид шинэ санаа, бусдын олж хараагүй зүйлсээ бусадтай хуваалцдаг уламжлалтай болсон байна. Ийнхүү мянга мянган гайхамшигт санааг дэлхий даяар төрөл бүрийн аргаар хүргэж байна.
“TED”-ийг дэмждэг ямар ч албан байгууллага, хувь хүмүүс, нийгмийн бүлгүүд өөрийн улсдаа, хотдоо, аймаг, дүүрэг, тосгондоо ч “TED”-ийн жишгээр өөрсдийн TED-ийг зохион байгуулснаар “TEDх” хийж болно.
Дараа жил хүртэл баяртай Улаанбаатарын Эмэгтэйчүүдийн “TEDх”