Э.Батшугар явбал Монголбанк яах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Э.Батшугар явбал Монголбанк яах вэ?

Улс төрийн томилгоо гэж нохойн наадам болсон нэг ажил байна. Түүний тод жишээг АН яс модыг нь босгосон шинэтгэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн харуулах болов. Эвслийн хөзрийн гол мод нь Н.Энхбаяр, Э.Батшугар хоёр. Тэр хоёроор хөзөр дарахгүй бол эвслийнхний хүсэл биелшгүйг улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд харуулж байна.

УИХ-ын гишүүнд заавал аав, хүү хоёрын нэг багтах ёстой. Эс тэгвэл эвсэл, эвсэл биш болно. Улс төрийн албан тушаалд энэ хоёр бас байх ёстой гэсэн чихэр нэхсэн эрх хүүхдийнх шиг саналууд “Шударга ёс” эвслийн зүгээс хөвөрсөөр. Эвсэл дотроо энэ саналыг голлон гаргагчид нь МАХН-ынхан. Ингэх нь бас нэг талаас аргагүй. Н.Энхбаяр гэдэг нэрээр л “Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар бүлэг байгуулах хэмжээний саналыг сонгогчдоос авсан. Орон нутгийн сонгуульд ч санал зулгаасан. Н.Энхбаяр, МАХН гэсэн хоёр нэр байгаагүй бол юун МҮАН парламентад хөл тавих. Тийм болохоор гол хүнээ, эсвэл хүүг нь парламентад суулгах, эсвэл өндөр албан тушаалд тавих гол эрмэлзэлтэйгээр “Шударга ёс” эвслийнхэн шинэтгэлийн Засгийн газарт бүл нэмсэн. Нэгэнт тостой тогоонд хошуу, тоонотой гэрт толгой холбож хамтарсан засаг байгуулсан юм хойно АН-ынхан наашаа харж инээж, цаашаа харж урвайж суугаад эвслийн хүслийг биелүүлж буй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ял эдэлж, эмнэлэгт эмчлүүлж байгаа болохоор хяналтын шатны хурлын шийдвэрийг МАХН-ынхан нүд цавчихгүй, шүд зуун хүлээж суугаа. Хяналтын шатны шүүхийн шийдвэр эсрэг гарвал Олон улсын хүний эрхийн шүүхэд хандах юм гэсэн. Тэгсээр байтал УИХ-ын бүрэн эрхийн хугацаа явж өгөх тул одоо Э.Батшугарыг гол дүрд гаргаж ирлээ.

Э.Батшугарыг УИХ-ын гишүүнд МАХН-ын жагсаалтаар нэр дэвшүүлсэн ч цэргийн алба хаагаагүй гээд СЕХ хасчихсан. Үндсэн хуулийн Цэцэд МАХН-ынхан хандаад тусыг эс олсон. Харин эвслийн удирдлагын хэлж буйгаар өнгөрсөн намар эрх бүхий дээд шатны байгууллага буюу Батлан хамгаалах яам гэж ойлгогдож байгаа газраас Э.Батшугарыг цэргийн алба хааж иргэний үүргээ биелүүлсэн гэсэн шийдвэр гаргасан гэх.

Тиймээс эр цэргийн албыг эчнээгээр хаасан Э.Батшугарт одоо УИХ-ын гишүүн болоход учрах саад байхгүй гэж хэлэх боллоо. Уг нь түүнийг зөндөө хор найруулж, АН-ын наагуур цаагуур гүйсээр Монголбанкны дэд ерөнхийлөгч болгосон. Монголбанкны дэд ерөнхийлөгч гэдэг хэр баргийн аавын хүүд оногддог ч алба биш. Сургууль төгсөөд ганц хоёрхон жил гадны санхүүгийн компанид ажилласан залуухан хүүд бол ахадсан гэмээр том ажил. Түүнийгээ сайн хийгээд байхад том улстөр дэх цаашдын ирээдүй нь өөрөө л нээгдээд ирмээр. Сайн банкир гэдгээ харуулчихвал Ерөнхийлөгч асан аавын нэрийг худалдаж идээд байх шаардлага ч гарахгүй. Гэтэл МАХН-ынхан Э.Батшугарыг “сраз майор” болгохоор зүтгэсээр байна.

Э.Батшугар өдгөө 25 настай. Энэ нас уг нь УИХ-ын гишүүнд балчирдахгүй. УИХ-ын дэд дарга С.Баярцогт тухайн үедээ 23-тай, гишүүн асан Д.Балдан-Очир 25-тай гишүүн болж л байсан. Гэхдээ Э.Батшугарын хувьд байдал өөр.

СЕХ-нд “Э.Батшугар цэргийн алба хаасан тул жагсаалтад оруулан УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн барина уу. Ц.Оюунбаатарын нэрийг эргүүлэн татсугай” гэсэн утгатай бичгийг МАХН-ынхан явуулчихаад хариу харж суугаа юм байна. Тэр бичгийн хариу иртэл эвслийн 11 дэх гишүүн тангараг өргөхгүй гэнэ дээ.

Ингэхэд Э.Батшугар УИХ-ын гишүүн болчихвол Монголбанкны дэд ерөнхийлөгч яах вэ. Төрийн алба тоглоомын алба болсон уу. УИХ-аар баталсан Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх гол хүн нь байтал “Саалиа хаяад” гэгчээр орхичихоод Төрийн ордонд морилох уу.

Монголбанкны дэд ерөнхийлөгч гэдэг хэн дуртай нь орж, хэзээ дуртайдаа гардаг тоглоомын талбар уу. Их Хурлын гишүүн болно гэж итгэж хүлээж байгаа л юм бол Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албаар тоглох хэрэг байсан уу. Хэрвээ бүх зүйл МАХН-ынхны хүслээр болж Э.Батшугар Их хуралд багтах зай олдлоо гэхэд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудлыг яах уу? Богинохон зуур ашиглаад өнгөрсөн мэт суудлаа орхиж таарах нь. Гэтэл Монголбанкны дэд ерөнхийлөгч болсныхоо төлөө мань эр намынхаа харьяаллаас түр түтгэлзээд байгаа. Юу л гээчийн бантан болоод байна даа. Хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлж болдог юм уу гэдэг шиг Монголбанкны дэд ерөнхийлөгч гэдэг ийм богинохон хугацаанд зайдлаад өнгөрөх тоглоомын албан тушаал байсан юм байх даа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж