-АН-ын бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар хэд хэдэн чухал асуудал авч хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас гаргасан дунд хугацааны үнэт цаасыг арилжаалсан талаар ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. “Чингис бонд”-ыг дэлхийн зах зээл дээр гаргаснаар Монгол Улсын нэр хүнд өсч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, бусад орны анхаарлыг татах чухал алхам болсон. Энэ бондын зөвхөн зарцуулалтад анхаарах биш, дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулалт, бусад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих гол хөшүүрэг болгож ашиглах юм. Бондыг арилжаалахад хоёр ажлын хэсэг гарч цөөн хоногийн дотор маш бага хүүтэй бонд арилжаалсныг АН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг чухал ажил хэрэгжсэн гэж үзсэн.
Хоёр дахь асуудал бол орон нутгийн сонгуульд АН хэрхэн оролцов, ямар үр дүнтэй байв гэдэг талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь мэдээлсэн. АН нийслэлийн олон дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсан. Аймгуудад өндөр амжилттай ялалт байгууллаа. Урьд нь олон жил АН ялж үзээгүй аймгуудад ялж эхэлсэн нь бидний ажлын том амжилт боллоо. Энэ арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд арчиллын баярын өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Үүний төлөвлөгөө, баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ гэдэг талаар ярилцлаа. Хамгийн гол асуудал бол ардчилал, АН-ыг баялаг бүтээгчид дэмждэг юм байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс баялаг бүтээгчдэд талархах ажлыг өргөн зохион байгуулна. Төрийн ордонд чухал уулзалтууд хийнэ. Өөрөөр хэлбэл, АН-ын мөрийн хөтөлбөрийн гол зорилго бол дундаж давхрагыг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих зорилттой учраас энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг бид баялаг бүтээгчдэдээ зориулж хийхээр төлөвлөж байна. 17 настнуудад зориулж тусгай баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
-УИХ-ын зарим гишүүнийг тангараг өргүүлэх ажиллагаа хойшилсоор байна. Энэ долоо хоногт тэднээр тангараг өргүүлж амжих болов уу?
-Тангараг өргүүлэх асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд оруулахаар шийдвэрлээд байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өвөрхангайгаас орж ирж байгаа АН-ын Д.Зоригт, Г.Батхүү, МАН-ын Д.Арвин, Д.Сарангэрэл, “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар нараар тангараг өргүүлэх ажиллагааг хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулган хойшилсон. Энэ удаа ирц бүрдүүлэх талаар юу хийх вэ?
-СЕХ-ны шийдвэр гарсан. Бид энэ шийдвэрийг хүндэтгэн үзэж тангараг өргөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. МАН оролцох эсэх, хоёр гишүүний тангаргийг өргүүлэхгүй гэх үү, үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй байна.
Ц.Оюунбаатарын хувьд СЕХ-ны шийдвэр гарсан. Энэ хүний нэр өргөн баригдсан учраас хэзээ ч тангаргаа өргөх боломжтой. Ямар нэг нэмэлт шийдвэр шаардлагагүй. “Шударга ёс” эвслээс МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай асуудлыг холбогдуулж өнгөрсөн долоо хонгийн тухайн өдөр чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн асуудал ярьсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд эвсэл яаж оролцохыг мөн хэлж мэдэхгүй байна.