Тэнгэрт ойрхон тухалж, тэндээс “Ертөнц”-ийг сонордлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Тэнгэрт ойрхон тухалж, тэндээс “Ертөнц”-ийг сонордлоо

Монгол хүний омогшлыг бадрааж, сэтгэлийг хөглөсөн “Ертөнц” цомгийн танилцуулга, хандив цуглуулах тоглолт өнгөрсөн баасан гаригт “Blue sky tower”-т боллоо. “Blue sky tower”-ийн 23 давхар дахь “Sky lounge”-д хүрэлцэн ирсэн зочид тэнгэрт ойрхон тухалж, тэндээс “Ертөнц”-ийг сонордсон юм. Энэ үдэш поп дива, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин Б.Дашдондог, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, “Люмино” хамтлагийн дуучин Анхаа зэрэг роп поп урлагийн төлөөлөл төдийгүй нийгмийн бүхий л салбараас олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй эрхмүүд, гадны жуулчид хүрэлцэн ирсэн зочдод байгаль дэлхийн үнэ цэнийг мэдрүүлж, гайхалтай ая эгшгээр бүтсэн бүтээлүүд эгшиглэлээ.

Тоглолтод хөгжмийн зохиолч Г.Онон, хөгжимчин Ц.Алтангэрэл, Э.Оргилболд, Н.Ганбат, Д.Батбилэг, Д.Ганпүрэв, Ю.Батпүрэв, Ц.Нямгэрэл, Б.Цогбаяр, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцож, “Ертөнц” цомгоос “Уулс”, “Онгод”, “Салхи”, “Тэнгэр”, “Ус”, “Хурай хурай хурай” бүтээлүүдийг чихэнд бус сэтгэлд хүртэл хөгжимдсөн юм. Монгол ардын хөгжмийн зэмсэг болох хэл хуур, хувис, хэц, товшуурыг сэргээж, орчин үеийн хөгжимтэй хослуулсан нь тусгалаа олж, үнэхээр давтагдашгүй бүтээл болсныг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид хэлж байлаа. Түүнчлэн тоглолтын үеэр хамгийн анхны буюу цор ганц хувь хэвлэгдсэн “Ертөнц” цомог дуудлага худалдаагаар 1 сая 206 мянга хүрсэн нь хэр чансаатай бүтээл болсныг харуулсан юм.

Доктор З.Бат-Отгон “Тэнгэр” бүтээлийг сонссоныхоо дараа  “Би тэнгэр заяатай Монгол хүн учраас энд ирсэн юм. Энэ аялгууг сонч суухад надад гурван зүйл бодогдлоо. Нэгдүгээрт, тэнгэрийг хөгжмөөр зурсан юм шиг яаж ингэж илэрхийлдэг юм бэ гэдгийг гайхаж байна. Тэнгэрийн оршихуйг хөг аялгуугаар Монгол хүний тэнгэр авьяас илэрхийлж болдог юм байна. Хоёрдугаарт, би урьд нь гадаад дотоодын олон газраар явж, өчнөөн хөгжим сонсч байсан. Би нэг бол хоёр чихээрээ эсвэл тархиараа сонсдог байсан. Харин саяын аялгуунуудыг би мөн чанараараа сонслоо. Миний мөн чанарт бүх бодол сэтгэл хураагдаж ирлээ. Үнэхээр гайхалтай бүтээл. Ингэж хэлэхээс өөр арга алга. Эцэст нь би О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгээр Г.Онон дүүдээ, түүний хамтран бүтээгчдэд ерөөл өргөе” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

“Bro’s” рекордсын продессор М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон тэргүүтэй уран бүтээлчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсны гол зорилго нь “Ертөнц” цомгийг дэлхийн стандартад нийцэхүйц чанартай бичүүлж, Монголдоо төдийгүй дэлхийн сая сая сонсогчдод түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа санхүүгийн асуудлыг олны дэмжлэгээр шийдвэрлэхэд оршиж байлаа. Энэ үйлсэд ч зочид хүндэтгэлтэй хандаж, дэмжиж байгаагаа илэрхийлэн, тус тусынхаа хандивыг өргөсөн юм. Тун удахгүй “Ертөнц” цомог таны гэрт эгшиглэх нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж