
аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн
үеэр Ардчилсан намын дарга нар болон УИХ, Засгийн газрын гишүүд Орхон
аймгийн иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсон, УИХ, Засгийн
газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. 2008 оны
парламент олон биш боловч маш чухал асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн
гэдгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэллээ. Мэдээж үүнд Оюутолгойн,
Тавантолгойн ордын ашиглалтыг эхлүүлсэн явдал орж байгаа. Иргэдийн
хамгийн түрүүнд тавьсан асуулт ч Тавантолгойн ордоос иргэдэд ногдох 536
ширхэг хувьцааны эргэн тойронд үргэлжиллээ. Өнгөрөгч пүрэв гаригт
хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”
төрийн өмчит компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй
эзэмшүүлэхээр болсон. Нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож буй. Энэ
хувьцааг Засгийн газрын тогтоол гарсан өдөр буюу гуравдугаар сарын 31
хүртэл төрсөн бүх хүүхдэд өгнө, харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш
төрсөн хүүхдэд олгогдохгүй гэдгийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
мэдээллээ. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд
олгохдоо хүн амын тооллогын дүнг баримталсан аж. Харин дөрөвдүгээр
сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд Оюутолгой, Тавантолгой болон
стратегийн ач холбогдолтой гэж үнэлэгдсэн ашигт малтмалын томоохон орд
газруудын төрийн өмчийн хувийг эзэмших “Эрдэнэс МГЛ” компанийн давуу
эрхийн хувьцааг эзэмших аж. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь бусдад
арилжаалах, өвлүүлэх, бэлэглэхийг хориглосон тул зөвхөн уг хувьцаанаас
ногдол ашиг авах боломжтой аж. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны
хувьд Тавантолгойн орд эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл
дээр борлуулж эхлэх буюу тус ордын хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл
дээр арилжаалагдан, үнэ нь тогтсон үед иргэд хувьцаагаа арилжаалах,
өвлүүлэх, бусдад бэлэглэх эрх нь нээгдэх юм байна. Энэ нь ерээд оны
цэнхэр ягаан тасалбартай адил үнэ цэнэгүй зүйл болж хувирах эрсдлээс
хамгаалж байгаа юм гэдгийг Тэргүүн шадар сайд тайлбарлалаа.
Мөр
Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудалд харьяалагддаг жижиг дунд
үйлдвэрийн асуудлаар тэр иргэдэд мэдээлэл өгсөн юм. Засгийн газраас
жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 2009 онд 30 тэрбум, 2010 онд 34
тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгчээ. Зээлийн хүү сарын нэг хувь,
эхний нэг жилдээ үндсэн зээлээ төлдөггүй зэрэг нь банкны зээлийг бодвол
хөнгөлөлттэй нөхцөл болдог аж. Өнгөрсөн жил Орхон аймгийн иргэд 128
төсөлд 5, 6 тэрбум төгрөгийн зээл хүссэнээс 25 төсөлд 1,6 тэрбум
төгрөгийн зээл олгожээ. Үүнээс ес нь шинээр хэрэгжүүлсэн төсөл, 16 нь
өмнөх үйл ажиллагаагаа өргөтгөхөд зарцуулагдсан байна.
Иргэдтэй
хийх уулзалтын үеэр анхаарал татсан бас нэг асуудал нь эрүүл мэндийн
даатгалыг иргэдэд үр ашигтай болгох, Эрдэнэт хотод байгуулах оношлогооны
төвийн асуудал байлаа. Оношлогооны төвийн хувьд Эрүүл мэндийн төв буюу
аймгийн нэгдсэн эмнэлгийн ард газар авч, суурийг тавиад байгаа, энэ онд
багтаан барилгын ажлыг эхлүүлэх аж. Үүнд “Эрдэнэт” үйлдвэр 20 тэрбум
төгрөгийн санхүүжилт хийж байгаа юм байна. Харин Улаанбаатар хотод
үүнээс 3-4 дахин илүү хүчин чадалтай оношлогооны төвийг 60-70 сая
ам.доллараар босгохоор төлөвлөж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа
ярилаа. Эрүүл мэндийн даатгалын тухайд даатгалаа төлсөн иргэд эмнэлэгт
үзүүлэх эмчлүүлэх болоход хувийн эмнэлгүүд бүгд төлбөр нэхдэг, улсын
эмнэлгүүд хүртэл шаардлагатай эм тариагаар хангагдаагүй гэдгээр
шалтаглан хэвтэж эмчлүүлэгсэд өөрсдөө эм тариагаа худалдаж авахад
хүрдэг, эргээд мөнгө нь олдоггүй зэрэг асуудал байнга нэхэгддэг. Тэгвэл
Эрүүл мэндийн сайд энэ асуудалд дараах хариултыг өгсөн юм.
-Өмнө
нь зөвхөн амбулаториор үйлчлүүлэх болон хэвтэж эмчлүүлэхэд Эрүүл
мэндийн даатгалын сангаас мөнгө нь төлөгддөг байсан. Үүнийг өөрчилсөн
Эрүүл мэндийн сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал гарч,
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн амбулториор үйлчлүүлэх, хэвтэж
эмчлүүлэх, оношлогоо хийлгэх /шээс, цус, биохимийн шинжилгээ өгөх болон
эхо аппаратад харуулах гэх мэт/, уламжлалт болон физик эмчилгээ,
амбулаториор өдрөөр эмчлүүлэх зэрэгт төлбөрийг эрүүл мэндийн даатгалын
сангаас гаргахаар болсон. Шинжилгээ оношлогооны хувьд 30 мянган
төгрөгийг даатгалын сангаас гаргахаар хязгаар тавьсан байгаа, илүү
гарсан төлбөрийг иргэн өөрөө хийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол нэг удаагийн
шинжилгээ оношлогооны төлбөр. Тиймээс иргэд 30 мянган төгрөгөөр жилд
хэдэн ч удаа оношлогоо хийлгэж болно гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Мөн улсын эмнэлгүүдийн хүрэлцээ муу байгаа тул магадлан итгэмжлэгдсэн
хувийн эмнэлгүүдийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас хийх асуудлыг
яаралтай шийдвэрлэнэ. Даатгалаа өөрөө төлдөг буюу ажил эрхэлж байгаа
хүмүүсийн дийлэнх нь төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ авдаггүй, харин
төрөөс даатгалыг нь төлдөг хэсэг буюу ахмад настан, хүүхдүүд хамгийн их
эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Тиймээс даатгалыг иргэдэд үр ашигтай
байлгахын тулд гурван жилийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй
хүмүүсийг нэг удаа бүх төрлийн үзлэг, оношлогоонд 100 хувь үнэ төлбөргүй
орох эрхийг хуульд оруулж өгсөн байгаа. Даанч манай иргэд хуулиа
уншихгүй байна. Тиймээс бид хуулийг иргэдэд хүргэх ажлыг зохион
байгуулах болно гэсэн юм.
Мөн
уулзалтын үеэр Орхон аймгийг хэзээ хотын статустай болгох вэ, энэ
хаврын чуулганаар шийдэх үү, “Ардчилсан нам, МАН хоёр цаашид нэгдэх
болон эвсэж ажиллавал яасан юм” гэх мэт “өдөөн хатгасан” гэхээр
асуултуудыг иргэдийн зүгээс тавьсан. Үүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр
“Ардчилсан нам, МАН хоёр ойрын 20 жилдээ нэгдэхгүй, мөн эвсэл ч болохгүй
болов уу гэж бодож байна. Хоёр нам бодлогоороо өрсөлдөж, ялсан нь
засгийн эрх барих болно” гэсэн юм. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сум
буюу хуучнаар Эрдэнэт хотыг хотын статустай болгох асуудал дээр УИХ-ын
дэд дарга Г.Батхүү “Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж
шийдэх асуудал учраас яг одоо хаврын чуулганаар шийдвэрлэнэ гэж хэлж
чадахгүй. Ямар ч байсан бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын
тухай хуулийг намрын чуулганаар баталсан нь нэг гарц болсон. Одоо улс
төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын дунд Үндсэн хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тодорхой асуудлууд дээр хэлэлцүүлэг явж байгаа.
Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах,
томоохон суурин газруудыг хотын статустай болгох санал ч тэнд мөн явж
байгаа” гэлээ. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд Л.Гансүх ядууралтай Засгийн газар тэмцэхгүй байна
гэдэг иргэдийн шүүмжлэл дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр,
-Ядуурал
газар авсан нь үнэн. Гэхдээ энэ нь хэдийнээс, юунаас шалтгаалсан бэ
гэдэг дээр бодох ёстой. Энэ Засгийн газрын шинээр бий болсон зүйл биш
шүү дээ. Социализмын үед бидэнд хурмтлал гэж байсангүй. ЗХУ задарч,
манайд орж ирдэг татаас зогссоны дараа нийгмийн бүхий л салбар унасан.
Банкинд мөнгө байсангүй, иргэдэд өмч хөрөнгө байгаагүй. Тийм үед бид
эхлээд том эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд явсан. Банкуудаа
сэргээх, үйлдвэрүүдээ босгохын тулд төсвөө зарцуулсан. 2004 оноос л бид
иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулах боломжтой болж эхэлсэн. Үүний нэг
хэлбэр нь хүүхдийн мөнгө. Тэгвэл өнөөдөр бид иргэддээ хувьцаа эзэмшүүлэх
асуудлыг шийдлээ. 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед дэлхийн
том том орны эдийн засаг 4-5 хувиар унаж байхад манайх 1,6 хувьтай
байсан. 2010 онд дэлхийн том эдийн засгууд босч чадахгүй байхад манайх
зургаан хувийн өсөлттэй байсан. Мэдээж бидэнд маш олон сонголт, мянган
салаа зам байсан, бид нэгийг нь сонгосон. Энэ нь уул уурхайн баялгаа
эргэлтэд оруулж, ашиг хүртэх явдал. Гэхдээ уул уурхай бол бидний эцсийн
зорилт биш, зөвхөн санхүүгийн эх үүсвэр л юм. Үүн дээрээ түшиглээд бид
эдийн засгийн цоо шинэ салбаруудыг хөгжүүлэх, шинэ шинэ бүтээн
байгуулалтыг эхлүүлэх ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.