Хошуугаа тослох уу, хангай дэлхийдээ ”өргөх” үү

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Хошуугаа тослох уу, хангай дэлхийдээ ”өргөх” үү

Өглөө бүр л цас хялмаалаад хоночихсон байдаг болж. Хотод ийм байгаа юм чинь хөдөө бол нэлээд цасархуу байгаа нь тодорхой.  Хялмаа ихэдвэл зуд хэмээн хууччуул ярьдаг сан. Цаг уурчдын ярьж байгаагаар сүүлийн гурван жил өвөлдөө хүйтэн, цас ихтэй байсан гэнэ. Их гэдгийн тухайд бол олон жилийн дунджаасаа ахиу байсан гэсэн үг юм байна. Ийм байдал энэ өвөл ч бас хэвээр байх төлөвтэй байна. Одоо манай орны нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Хангай, говь гэлтгүй, хамгийн багадаа гэхэд хар туруу цастай гэж байна. Цаг уурчдын гаргасан урьдчилсан мэдээгээр энэ арванхоёрдугаар сар болон ирэх гуравдугаар сард нийт нутгаар, харин хоёрдугаар сард нутгийн хойт хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно гэжээ. Цас ихтэй байна гэдэг нь зуд болно гэсэн үг биш ч гэлээ хүйтэнтэй хавсраад ирэхээр мал өвөлжилтийг хүндрүүлэх нь тодорхой. Одоо ч зарим аймгийн сумдад  өвөлжилт хэдийнэ хүндрээд эхэлчихсэн гэсэн  мэдээлэл байна. Ийм нэгэн яриа байдаг юм. Мянган малтай хэмээн бардамснасан малчин эрд хятад тариачин “Чиний мянган мал нэг зудных, миний нэг му газар мянган жилийнх” хэмээн амыг нь тагласан гэдэг. Үүн лүгээ үнэхээр зуд турхан бол нүүдлийн мал аж ахуй голлосон манай улсын хувьд бол “хадны мангаа” гэсэн үг. 

2000 оны өвөл манай улсын ихэнх нутгаар зуд тохиож, олон малчид хотоо харлуулж байсныг санаж байна. Тэр өвөл Архангай, Хөвсгөл  Завханы нутагт айхтар хүчтэн болж мал амьдаараа хөлдөж байсан гэж ярьдаг.  Олон малчид хотоо харлуулж, арга тасарсан малчид бурхнаа хүртэл шатааж, амьжиргаанаасаа салсан зарим нэг нь амиа хорлож байсан тохиолдол бий. Тэр зуднаар малаа барсан малчид олноороо их хотын хаяа бараадаж нийслэлийнхний ам бүлийг нэмж байсан билээ. 1975, 1987, 1988,1993, 2001, 2002, 2009-10 онд зарим нутгаар олон жилийн дунджаас 3-5 дахин их цас орсон бөгөөд 1990, 1993 оны хаврын эхээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 5-7 хоногт 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч олон мянган мал хорогдсон байсан гашуун сургамж бий.  Хамгийн ойрын жишээ гэвэл 2010 оны нэгдүгээр сард цасны дундаж зузаан уулархаг нутгаар 40-45, хунгарласан газраа 60-80 см хүрч байв. 2005 оны өвөл Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 45-550C хүрч хүйтэрч байсан баримт бий. Энэ бүхнийг дурдахын учир гэвэл тэнгэрийн араншин гэдэг барьцгүй гэдгийг л тодотгох гэсэн хэрэг.

Энэ  өвлийн тухайд ийм болно хэмээн муу амлахгүй ч олон жилийн дунджаас их цастай, бас хүйтэн байна гэсэн мэргэжлийн байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ судалгаа байна. Ялангуяа нэгдүгээр сард Ховдын өмнөд, Хөвсгөл, Өмнөговийн баруун, Архангай, Төв, Дорнодын хойд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн байна гэсэн мэдээлэл байгаа юм. Түүнчлэн цасны тухайд гэвэл Увс, Хөвсгөл, Архангайн зүүн, Завханы баруун хойд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Сэлэнгийн өмнөд болон зүүн, Сүхбаатарын баруун хэсэг, Булган, Төв, Өмнөговь, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орохоор төлөвтэй байгаа юм. Эндээс харвал ихэнх нутаг цасархуу байх нь.
Өнгөрсөн зун хур бороотой, монгол нутаг даяар  зуншлагатай байсан. Үүний ачаар мал тарга хүчээ сайн авсан ч цас хүйтэн хавсарвал зуны идэш, намрын тарга нэг их удаан тэсэхгүй.   Мэргэжлийн байгууллагынхан  нийт нутгийн 98 гаруй хувьд хэвийн байна гэж байсан ч дараа дараалан орсон цасны улмаас зарим нутгаар өвөлжилт хэдийнэ хүндэрч эхлээд байгаа билээ. Үүнээс улбаалсан бэлчээрийн хүрэлцээ хангамжийн асуудал хоолой хорсгож эхэлнэ гэсэн үг. Хэрэв энэ мэтээр цаг хүндэрвэл малчдын хувьд онд орох найдвар багатай малаараа хошуугаа тослох уу, хангай дэлхийдээ өргөх үү гэсэн хоёр сонголт үлдэнэ гэсэн үг.  Ийм нөхцөлд малчдын хувьд малаа заазлан, тарга тэвээрэг муутайг нь зуданд алдахаас өмнө тогоогоо тослох, цаашлаад хот суурин газрынхны хүнсний хэрэглээнд нийлүүлэх нь илүү ухаалаг алхам болох нь тодорхой. Мал нэг л доройтоод эхлэхээр аманд нь “алт” цутгаад ч  сэхэл авдаггүй хэмээн малчид ярилцах юм билээ. Өөрөөр хэлбэл баахан тэжээж тэжээж, бөөн зардал гаргачихаад аманд ч үгүй хамарт ч дэлхий дэрлүүлснээс тарга тэвээрэгтэй байгаад нь мах болго гэсэн сануулга байх. Одоо ямар мах хөлдөхгүйн зовлон байх биш. Тэгээд ч хот суурин газрын махны хэрэглээ бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй байгаа нөхцөлд эртхэн шиг зах зээлд нийлүүлсэн нь хожиж таарна. Энэ жилийн тухайд гэхэд Улаанбаатар хотын оршин суугчдын хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлдэхээр төлөвлөж байгаа. Энэ бол наад захын хэрэглээ бөгөөд малчдын хувьд бэлээхэн боломж, төвөг чирэгдэл багатай зах зээл гэсэн үг. Хувь хүмүүс, худалдаа эрхлэгчид мах нэлээдгүй нөөцөлж, хавар үнэ нэмэгдэхээр худалдана гэсэн тооцоотой байгаа тухай яриа байна. Иймэрхүү тактикаар малчид ч бас нядалсан мал махаа өөрсдөө хадгалж, хавар хүртэл жоорлож байгаа юм байх. Харин тэдний энэ тооцоо хэр зөв болохыг хэлж мэдэхгүй юм. Хүн бүр л хаварт зориулан хадгалаад байвал цаг нь болохоор махны үнэ нэмэгдэх бус хямдрах магадлал ч бас бий. Тэгэхээр маргаашийн өөхнөөс өнөөөдрийн уушги нь дээр байж ч мэднэ.

П.БУЛГАН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж