Гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр

Түлхүүр 1. Ухаалаг сонголт.

Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго, найз нөхөд, хамаатан садан … зэргүүд нь "ХАНЬ, ҮР ХҮҮХЭД"-ийн "дараа" орно гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү?

Түлхүүр 2. Баталгаа

Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгаа өгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдаа үнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг байна. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд түүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог" гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосуудад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чадах уу?

Түлхүүр 3. Гал халуун бүл

За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг.
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?
-Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь Засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон…
Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.

Захианд нь: "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн – Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн – Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун бүл" гэнэ.

Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "БИД", "БИДНИЙХ" гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?

Түлхүүр 4. Хүндлэл

Гэр бүлд "улс төржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван 🙂 замаар НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт… Гол нь гэр бүлийн аливаа асуудалд ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

Түлхүүр 5. Учир утга

Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус тул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "журам дүрэм"-тэй оршин тогтнодог. Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр бүлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ?

Түлхүүр 6. Өршөөл уучлал

Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л "Чи ҮРГЭЛЖ оройтдог.." эсвэл "Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй..", эсвэл "ДАНДАА л залхуурч байхын…" гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохгүй. Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу?

Түлхүүр 7. Бөх бат суурь

Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.

"Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш" гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэгэн онигоо байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. "Дандаа гурилтай шөл идэх" эсэхээ тэдгээр л хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй "өөрчлөлт шинэчлэлт"-ийг хийх хэрэгтэй шүү дээ. (одоо үед бараг л амтай бол change гэдэг болсон тул би хоцроод яахав хө) Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу?

www.chandmani.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж