мөртлөө хуучин мэдээ. “ОХУ дотоодын экспортын татвараа нэмсэнтэй
холбоотойгоор “Роснефть” компани энэ сард нийлүүлэх нефтийн
бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 100 ам.доллараар нэмжээ. Энэ
тухайгаа манайд албан ёсоор мэдэгдсэн байна”. Монголд энэ бүхэн шинэ
мэдээ байхаа хэдийнэ больжээ. Гэхдээ өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний үнэд хамгийн ихээр хамаатай. “Роснефть”-д Монголын
Засгийн газар нөлөөлж чадахгүй учраас үнийг тогтворжуулах гэнэтийн шок
үүсэхээс хамгаалах арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ бол 100 хоногийн
“төрсөн өдөр”-өө саяхан тэмдэглэсэн Н.Алтанхуягийн Засгийн газарт
тулгарч буй эхний том шалгалт. Хэрэв Монголбанктай хамтран бодлогоо зөв
тодорхойлоод ажиллабал “аюул” биш юм шүү дээ.
Уул уурхайн
салбарын үе үеийн сайд нараас “Роснефть”-д захиа бичээгүй хүн ховор.
Харамсалтай нь захиагаар асуудлыг шийдсэн тохиолдол бүр ч ховор.
Тиймээс Монголбанк энэ удаад газрын тосны бүтээгдэхүүний нөөц
бүрдүүлэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Өнгөрсөн оны
нэгдүгээр сард яг ийм нөхцөл байдал үүсэж буруугаа Монголбанк
ам.долларын ханштай холбон тайлбарлаж байв. Гэвч тухайн үед ам.долларын
ханш 2-3 орчим хувиар өсөж байхад шатахууны үнэ ганцхан хоногийн дотор
16-18 хувиар өссөн. Харин сөрөг арга хэмжээ авахдаа яасан гээч. Мөнөөх
Монголбанкныхаа хурааж хуримтлуулсан гадаад валютын нөөц рүү
“сарвалзсан”, гуйсан. Гэтэл Монголбанк өнгөрсөн оны арваннэгдүгээр
сараас хойш интервенц хийж валютын ханшийг тогтворжуулсан. Засгийн
газраас тэр дор нь нефть импортлогчидтой уулзаж шатахууны үнийг 50
төгрөгөөр хямдруулсан ч литр тутамдаа 260 төгрөгөөр нэмэгдсэн тэр
“шарх”-ыг нөхөж чадахгүй нь ойлгомжтой. Эцэст нь тухайн үед ЭБЭХ-ний дэд
сайдаар ажиллаж байсан Б.Ариунсанг огцруулсан байх жишээтэй. Тэр үед
Засгийн газраас арай хурдтай, дорвитой алхам хийсэн нь Гадаад харилцааны
сайд Г.Занданшатар байлаа. Тэрбээр өмнөд хөрш рүү яаран айлчилж,
нефтийн бүтээгдэхүүн урт хугацаанд нийлүүлэхийг хүсэж, ОХУ-аас БНХАУ руу
тавих хийн хоолойг Монголоор дайран өнгөрүүлэх, Оюутолгой төслийн
хэрэгцээт эрчим хүчийг Өвөр Монголоос татах зэрэг онц чухал асуудлыг
хөндөн хэлэлцээр хийсэн байна. Хэдийгээр хийн хоолойг Монголоор дайруулж
чадаагүй, Өвөр Монголоос эрчим хүчээ одоо л дөнгөж авах гэж байгаа
боловч “Роснефть”-д захиа бичихээс дээр алхам байв.
Харин одоо
шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкны зүгээс “Роснефть”-ийг “уурлах”
бүрийд унаж сөгдөөд байхааргүй сөрж зогсох ерөндөгөө бодож олоод хийж
эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж үнийг тогтвортой
байлгахаар дэд хөтөлбөр өмнөх шийдвэрүүдээс арай алсын хараатай болсон
гэж хэлж болохоор байна. Тухайлбал УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолд
газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу
хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, шаардлагатай агуулах
савыг барих ажлыг зохион байгуулахыг тухайн үеийн Засгийн газарт
даалгасан байдаг. Гэвч тэр шийдвэр хэрэгжээгүй. Тэгээд ч 2008 оноос хойш
шатахуун импортлогч компаниудын тоо олширсон, шатахууны хэрэглээ өссөн.
Тиймээс нөөц бүрдүүлэх компаниудын тоо, нөөцийн нэр төрөл, хэмжээг
шинэчлэх шаардлагатай болсон. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газар “газрын
тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байлгах” гэснийг өөрчилж
“улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангах
хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөцтэй байлгах”-аар нэмэгдүүллээ.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг ирэх гуравдугаар сарын 1-ний дотор хангуулж
жил бүрийн наймдугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтов.
Дараагийн нэг шинэ шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, “зах
зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж” газрын тосны
бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, урьдын адил үгсэн хуйвалдаад үнээ нэмсэн
тохиолдолд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хурааж авах
эрхийг ч тодорхойлов. Ингэж л “хоолой дээр нь хутга тулгахгүй” бол
“Роснефть”-ээс түрүүлж нефть импортлогч үндэсний монополь компаниуд
хэрэглэгчдийг сөхрүүлж байгаа нь үнэн билээ.
Нөгөө талаас
“Роснефть” дотооддоо томоохон хямралтай тулаад байгаа нь үнэн. Өнөөдөр л
гэхэд В.Путины дохиогоор “Роснефть” компани Их Британийн “ТНК-BP”-ийг
100 хувь мэдэлдээ авахаар болоод байна. Энэ бүхэн “Роснефть”-д л
ашигтай. Тэд нүүрс устөрөгчийн түүхий эд олборлолтоороо дэлхийд эхний
аравт, нефть олборлолтоор тэргүүн байранд орно л гэнэ. “Роснефть” их
хэмжээний зээл авах том боломжтой, шинэ технологиор ажиллах болж байгаа
зэргээс үүдэн ОХУ-ын Ерөнхийлөгч “Эх орны эдийн засагт сайн дохио өглөө”
хэмээн уг хэлцэлд ач холбогдол өгч мэдэгдэл хийгээд байгаа юм. Тиймээс ч
тэрбээр эх газрын бүх хүзүүвчийг эзэмших эрхийн 75 хувийг “Роснефть”-д
богино хугацаанд шилжүүлэн өгөхийг даалгасан талаар Оросын хэвлэлүүдэд
мэдээлж байсан. Харин “Роснефть” өндөр нэр хүндтэй, асар том ашигтай
ажиллах болж байгаа нь Монголд ямар нөлөөлөлтэй вэ гэхээр “олз” тун
бага.
"Тиймээс Засгийн газар Монголбанктай хамтран газрын тосны
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд “хүртэж” буй
167 тэрбум төгрөгөө зөв зарцуулж шатахууны нөөцийн агуулах барих,
нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлаа яаралтай хийх хэрэгтэй"
“Роснефть”-ийн
ерөнхийлөгч, тус компанийг үндэслэгч Сергей Богданчиковтой “захидал”
шидэлцэж, учран золгосоор арайхийн хэл амаа ололцож байтал мөн л
В.Путины дохиогоор түүнийг огцруулсан. Гол шалтгаан нь “Роснефть” асар
хурдтайгаар ашиг олж байсан явдал. Өөрөөр хэлбэл Роснефть”-ийн асар
өндөр ашиг С.Богданчиковыг “В.Путины хүн” болгосон шигээ хожим нь
“В.Путины дайсан” болоход ч гол шалтгаан нь болсон юм. С.Богданчиков
“Юкос”-ын хувьцааг худалдан авсан IPO босгосон гэхчлэн олон дорвитой
ажлыг хурдан хугацаанд хийснээр 1998 онд ажлаа авах үед нь жилдээ
олборлодог байсан нефтийг нь сард олдог болгосон гэдэг.
Удаах
ерөнхийлөгч нь Эдуард Худайнатов байлаа. Мэргэжлийн бус хүн гээд
салбарынхан нь түүнд ам муутай байсан ч ямар зорилгоор очиж байгаа,
хэний заавраар юу хийх ёстойгоо маш сайн мэдэж байсан. Түүнтэй овоо
танилцаж, хэд хэдэн удаа хэлцэл хийж үзсэн ч бас л огцруулчихаж. Харин
дараагийнх нь буюу “Роснефть”-ийн одоогийн ерөнхийлөгч нь Игорь Сечин.
Түүнийг “хоёр дахь В.Путин” гээд бодчиход эндүүрэхгүй. Төрийн мэдлийн
компани болох “Роснефть”-ийн захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг, Ерөнхий
сайдын орлогч Игорь Сечин С.Богданчиковын эсрэг бүх “хор”-ыг найруулж
огцрох мөчийг отож байсан. Тиймээс “Роснефть” хүрээгээ тэлж хүчирхэгжих
энэ үед Ерөнхийлөгчөөр нь ажиллахаар ирж байгаад гайхах юм огт байхгүй.
Мэдээж бүх том гэрээ хэлцэл түүний хүссэнээр болж буй. Өнөөдөр л гэхэд
“Роснефть” компанийн 600 сая нэмэлт хувьцааг “Роснефтегаз” эх компаниас
нь худалдан авах тухай Британий “BP” компанийн саналыг хүлээж авах
эцсийн хугацаа нь. Уг саналыг хүлээж авбал “BP” компани “Роснефть”-ийн
19,75 хувийн эзэн болох юм. Ингэснээр хуулийн дагуу тус компанийн есөн
захирлуудын зөвлөлийн есөн гишүүний хоёрыг нь сонгох эрхтэй болно. Ийм л
том хор гүйж, улс төр, бизнесийн бүлэглэл дэлхийн хэмжээнд сүлэлдэж
байж өөрийн орны эдийн засгаа тогтворжуулаад өрөөл бусдыг атгаж, агшааж
байдаг аж.
Тэдэнд монголчууд зүдрэх огт хүртээлгүй. Тиймээс
Засгийн газар Монголбанктай хамтран газрын тосны бүтээгдэхүүний үнийг
тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд “хүртэж” буй 167 тэрбум төгрөгөө
зөв зарцуулж шатахууны нөөцийн агуулах барих, нийлүүлэлтийн эх үүсвэрийг
төрөлжүүлэх ажлаа яаралтай хийх хэрэгтэй. Дээр нь өнгөрсөн долоо
хоногт Засгийн газраас газрын тосны үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг боловсруулах
ажилд яаравчлахыг Уул уурхайн яаманд даалгасан. Мөн Монгол Улсын Уул
уурхайн сайд Д.Ганхуяг 20 гаруй хоногийн өмнө Москвад ОХУ-ын Гадаад
харилцааны орлогч сайд И.В.Моргуловтой уулзахдаа энэ ондоо багтаан
Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Улаанбаатарт хийх
саналаа илэрхийлсэн. Энэ үеэр шинэчлэлийн Засгийн газар тус улстай ямар
харилцаанд түншлэх тухайгаа шинээр тодорхойлно. Хэдийгээр тэгтлээ
найдвар төрүүлэхгүй байгаа ч анхны “танилцах уулзалт”-аас нэлээд зүйл
тодорхой болох биз ээ.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин