Холион бантан улс төр

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Холион бантан улс төр

Шинэ хэд нь хөл, хэлд гайгүй орж явсан УИХ-ын гишүүд намрын чуулганы түр завсарлагаас хойш холион бантан улс төрийг хутгах болов. Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого гээд хоёр чухал баримт бичгийг гараас гаргачихаад орон нутгийн сонгуулийн кампанийн төгсгөлөөр намрын чуулганаа түр завсарлуулан тал тал тийш мордсон эрхэм гишүүд дугуй танхимдаа эргэж цуглах тун дургүй байна. Завсарлагын хугацаа дуусаад 10-аад хоносон ч хуралдаж чаддаггүй.

Уг нь ирцийн мэдээн дээр гишүүдийн дийлэнх нийслэлд байгаа гэх боловч хуралдаанд орохдоо тулахаараа танхимын талаас илүү нь эзгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр АН-ынхан эрхгүй ирж суудалдаа суух юм. Тэртэй тэргүй бүлэггүйгээрээ түрсэн МАН-ын гишүүд чуулганы танхим бус албан бус бүлгийн дарга Н.Энхболдын өрөө хавиар эргэлдээстэй. АН-аас Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ гаргасан нь сонгуульд ялагдсан гомдол, бүлэггүй үлдсэн цөхрөл гээд дайр болсон шархан дээр нь давс үрснээс ялгаагүй болгож, чаддаг ганц мэх болох чуулганы хуралдааны ирцийг хүргэхгүй байх “байр суурин” дээрээ бат зогсоход хүргэв. Хэдийгээр МАН-ын “бүлэгт” бүл нэмэх Д.Сарангэрэл, Д.Арвин нараар УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх боломж бүрэн дүүрэн нээлттэй ч хамт орж ирэх Д.Зоригт, Г.Батхүү нарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд ууган намынхан гэдийчихсэн. УИХ-ын дарга З.Энхболд “Шалтгаангүйгээр хурал тасалсан” хэмээн тэднийг дотоод сүлжээгээрээ “айлгасан” ч тусыг эс олов.
Ядаж байхад орон нутгийн сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн тав нь сонгогчдод мөнгө тарааж байгаад баригдчихаж. Тэднийг АН-ынхан цагдаа, шүүхэд өгчихөж. Энэ явдал МАН-ынхны хуралд суухгүй шалтаг дээр нэрмээс битгий болоосой.

Гэтэл өөрөө өөртэйгөө зөрчилддөг сонин араншинг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн үзүүлэв. Өөрийнхөө бүлгийн албан ёсны 11 дэх гишүүнээр тангараг өргүүлэхгүй гээд тэд хурлаас бултдаг боллоо. Тэр суудал зөвхөн Н.Энхбаяр, Э.Батшугар хоёрын нэгийнх. Ц.Оюунбаатарт УИХ-ын суудал падлийгүй хэмээн эвслийнхэн тас гүрийлээ. Ёстой онигоотой юм гэгч энэ болоод байна.

МАХН-ын даргын хяналтын шатны шүүх хурал долоо хоногоор хойшилчихсон. Хэрэв хяналтын шатны хурлын шийдвэр экс Ерөнхийлөгчийн эсрэг гарвал олон улсын шүүхэд хандана гэж МАХН-ынхан хэлээд байгаа. МАХН-аас улс төрийн албан тушаал хашсан эрхмүүд интерпол руу “Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг хайхаа зогсоо” гэсэн захидал бичиг явуулаад байгаагаас үзэхэд тэд даргынхаа талаар олон улсын шүүхэд өлхөн хандаж чадна. Тэр болтол хэдий хугацаа шаардах билээ. Тэгэхээр “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал эзгүй байгаад л байх нь.

Уг нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн жишээнээс харвал жагсаалтаар парламентад орж ирсэн гишүүн гараад явчихаж болдог, жагсаалтаас хойноос нь нөхөөд орж ирж болдог л юм байна. Тэртэй тэргүй тойрог төлөөлөхгүй болохоор түүнд зарчмын ялгаа байхгүй. Тэгэхээр “Шударга ёс” эвслийнхэн бүрэн бүрэлдэхүүнтэй байя гэвэл УИХ-ын гишүүн болох бүх нөхцөл нь бүрдсэн Ц.Оюунбаатараар тангараг өргүүлж гишүүний эрхийг нь эдлүүлж байгаад МАХН-ын дарга цагаадаад ирвэл Ц.Оюунбаатарыг эргүүлж татаад даргыгаа оруулаад ирж болдоггүй л юм байх даа. Тэгэхгүй бол УИХ Үндсэн хуульд зааснаар 76 гишүүнтэй бус, 75-уулаа явж байгаад бүрэн эрхээ дуусгаж ч мэдэх. Одоо ингээд дөрвөн жилээсээ хагас жилийнх нь хугацааг барчихаж байна шүү дээ.

АН-ынхан Д.Зоригт, Г.Батхүү хоёроор нөгөө гурван гишүүний тангаргыг бас барьцалдуулчихаад байгаа. Барьцааны том барьц нь МАН-ыг бүлэгтэй болгох эсэх тухай асуудал. Төсөв, мөнгөний бодлого, Орон нутгийн сонгуулийн хуулиа сөрөг хүчний бүлэггүй баталж, орон нутгийн сонгуулиа хийчихсэн хойно уг нь МАН-ыг бүлэгтэй болгоход ядаад байх юмгүй мэт. Гэвч таван гишүүний өөр хоорондоо барьцаалагдсан тангараг энэ үйл явдлыг ухраах бас нэг шалтаг болоод байх шиг. Энэ завсар намуудын хооронд юу болсон ч өөрсдөд нь падгүй ИЗНН-ынхан л санаа амар, бие ч амар хэд хонолоо.

УИХ-ын дарга З.Энхболдын зарласнаар бол шинэ долоо хоногт чуулганы хуралдаан сэргэх ёстой. Хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөг ч гаргачихаж. Германы Бундестагт зочилсон, БНСУ явсан гишүүдийн эргэн ирэх хугацаа ч болсон байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас эхлээд хамрын шуухинаа зооглосон эрхмүүд илааршсан биз ээ.

Парламент хуралдаж чадахгүй гацаж суух хооронд Орон нутгийн сонгуулиар ирц бүрдээгүй 140-өөд хэсэгт дахин сонгууль боллоо. Нийслэлийн  төвийн  зургаан дүүргийн дахин сонгууль болсон хэсгүүдэд сонгогчдын ирц шал дордов. Өмнөх сонгуулиар 40-өөс дээш насныхан сонгуулийн гол ирцийг гүйцээсэн бол дахин сонгуулиар бүр 46-гаас дээш насныхан болж насны бүтэц дээшилжээ. Ахмадууд даарч хөрч, халтиран гулган саналаа өгч, залуус хийгээд идэрчүүд дулаан гэртээ зурагтаа үзээд налайсан юм байх. Ид сурах, бүтээх насныханд Э.Бат-Үүл баатрын багийнхан дүүрэгт хөлтэй болно уу, үгүй юү падгүй хэрэг болжээ. Нэгэнт сонгуульд саналаа өгөөгүй хойно нийслэлийн ажил сайжирч, муужрах нь тэдэнд хамаагүй, утаа униар, халтиргаа гулгаа, түгжрэл бөглөрлийг ч шүүмжлэх эрхгүй болов оо. Шинэ долоо хоногт дахин сонгуулийн дүн гарна. Ахмадууд хэнд санал өгснөөс нийслэлийн ажил, амьдрал хамаарах нь тодорхой боллоо.

Холион бантан улс төр сэргэж ажил жигдрэх үү, дахиад л тангараг өргөх таван гишүүнээ дундаа тавьж байгаад чөдөр тушаагаа бэхлэх үү гэдгийг шинэ долоо хоногийн үйл явдал харуулна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж