С.Баяр “нууцлаг” байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

С.Баяр “нууцлаг” байна

УИХ-ын хаврын чуулганы босгон дээр АНУ-аас ирсэн УИХ-ын гишүүн С.Баяр ихээхэн “нууцлаг” байхыг хичээж байна. Тэрбээр ирээд Ардчилсан намынхантай уулзсан гэсэн мэдээлэл байгаа ч “тэгсэн” гэж хэлэх гишүүн тус намын бүлгээс алга. Эрхэм гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар бүгд л “мэдэхгүй” гэсэн ижил хариу хэллээ. Харин С.Баяр гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт, гишүүн Э.Бат-Үүл нарын явцуу хүрээнд уулзаж, цагийн байдлын талаар санал солилцсон гэсэн сураг ажиг Төрийн ордонд дуулдаж байна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгаа, Тавантолгойн гэрээний асуудал, Сонгуулийн тогтолцоог намын бүлгүүд яаж тохирох гэж буй, ер нь эзгүйд нь түүний талаар ямар яриа хөөрөө гарсан зэргийг С.Баяр гишүүн асууж тодруулсан бололтой. Мэдээж энд МАХН-ын дарга Н.Энхбаярын хөндөөд буй 2008 оны долдугаар сарын 1-тэй холбоотой асуудлууд багтсан байж таарна.

С.Баяр гишүүн сэтгүүлчдээс нэлээд зай барьж буй. “Монгол ньюс”-ийнхнийг эс тооцвол шүү дээ. Ирсэн даруйдаа “Өнөөдөр” сонинд “утсаар” товч ярилцлага өгсөн. Харин УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа MN 25 дугаар суваг телевизийнхнийг сэмхэн дохин өрөөндөө аваачиж ярилцлага өгчээ. Ярилцлагын утга нь “Өнөөдөр” сонинд “телефон холбоо”-гоор өгсөнтэй утга ойролцоо. “Н.Энхбаяртай сонин хэвлэлээр хэрэлдмээргүй байна. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг хуулийн байгууллага л шийдэж тогтооно биз. Түүнээс наана хэвлэлээр илүү дутууг яримааргүй байна” гэсэн агуулгатай ярилцлагыг С.Баяр гишүүн өгсөн байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж