Тус аймгийн МАН орон нутгийн сонгуульд түүхэндээ ялагдаж үзээгүй нь намдаа том үнэлгээ байж таарна. Харин аймаг орноо хөгжүүлж чадсан уу гэвэл өөр хэрэг. Сонгууль болгоноор дотооддоо явган хэрүүл тасардаггүй. Ойрхны жишээ авъя. 2008 оны сонгуулиар аймагтаа үнэмлэхүй ялсан тэр үеийн МАХН-ынхан маргааш орой нь даргынхаа “Локатр” төвд баяраа зад тэмдэглэсэн юм. Нэгэнт нам нь ялсан болохоор Сайнцагаан сумын Засаг дарга нэгэн өөрийн эрүүл мэндийн байдал, ажлын ачааллыг харгалзан ИТХ-ын даргын суудалд санаатай байгаагаа тойруу замаар ойлгуулсан хэдэн үг хэлжээ. Гэтэл намынх нь нэр бүхий залуус “Энэ суудал бидэнд ирэх ёстой” гэж цамнасан байна. Энэ хэрүүлтэй шөнийн үүрээр Сайнцагаан сумын Засаг дарга, олны хүндтэй хүн хорвоогоос үүрд явж мөнөөх залуус ч хүссэн албан тушаалдаа заларсныг Дундговийн нүдтэй бүхэн харж чихтэй бүхэн сонссон доо.
Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрчээ. Дахиад орон нутгийн сонгууль. Сонгууль зарлагдсан өдөр МАН-ын “Зүүнээсээ гарсан” шинэхэн дарга анхны өргөдлөө сонгуулийн хороонд ирүүлэв. Тэр нь фейсбүүкт “Ардчилсан нам ялна” гэсэн утгатай хэдэн өүүлбэр бичсэнд эгдүүцсэн хэрэг. Уул өргөдлийг Сонгуулийн хороо авангуут сум дундын шүүхэд өгснөөр эцэс төгсгөлгүй шүүхдэлт эхлэх нь тэр. Энэ “Хэрэг” гэгчийг шүүх хүлээн авахаас татгалзсан ч араас нь МАН дараагийн өргөдлөө шиджээ. Тэр нь Дундговь аймагт суугуул иргэний бүртгэлтэй ч нийслэлд алба ажил хашдаг Н.Баасанхүүг АН-ын нэрсийн жагсаалтаас хасуулах байв.
Шүүхийн шийдвэр Н.Баасанхүүгийн талд гарангуут Нийслэлийн шүүх хүртэл “Хөлөө хүрэх” газар яваад барсангүй. За ингэж байтал хэрэг дахин мандаж. МАН-аас нэр дэвшигч С.Буджав Дээрхийн гэгээнтэн Далай ламтай, Ж.Мөнхчулуун бурханч лам Пүрэвбаттай, Д.Чандмань Чайжамц хамбатай, Ц.Мөнгөнцоож гавьж Ш.Сонинбаяр болон их номч, хувилгаан Дамцагдоржийн хойт дүрээр тодорсон гэгээнтэнтэй шар хадаг нөмрөн авахуулсан зургуудаа сонгогч нартаа тараасан нь илэрч аар саар зүйлээр шүүхдүүлж суусан АН-ынханд өгөөш бололгүй хайчихав. Цагдаа шалгаж шүүхэд шилжүүлсээр байтал эд нарын хэрэг шийдэгдэж амжилгүй сонгууль болдгоороо болж Ц.Мөнгөнцоожоос бусад дээрх эрхмүүд ялалт байгуулан тодров. Харин сонгуулийн дараа шүүх шийдвэрээ гарган дээрх эрхмүүдийг сонгуулийн хуулийн 34 дүгээр зүйл зөрчсөний учир захиргааны арга хэмжээ авч мөнгөн торгууль ногдуулав. МАН-ын угшилтан олонхитой Сонгуулийн хороо ч тэр дороо хуралдан дээрх хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэрт хүрч 11 сарын 23-ны орой 21 дүгээр тогтоолоо гаргажээ. Тэр даруй МАН-ын дарга С.Сүхбаатар аймгийн “Цоглог” телевизээр “Аймгийн сонгуулийн хороо манай дөрвөн нэр дэвшигчийг хассан тухай тун сая шийдвэр гаргалаа” гэж хилэнт мэдэгдэл хийн олныг цочирдуулав. Нүд нь гялалзаж нүүр нь минчийсэн тэр эрхэм бараг л цэнхэр дэлгэц хага татан гараад ирэх нь холгүй уурсав. Тэрээр аймгийн цагдаа, шүүх, сонгуулийн хороо нэг намд үйлчиллээ хэмээн буруутган энэ бүхний цаана Ардчилсан нам, УИХ-ын гишүүн /Бодвол Б.Наранхүүг хэлсэн болов уу/ байгаа гэж хэлэх хэлэхгүй үгээр давшиллаа. Ингэхдээ одоо энэ шинэчлэлийн гэх Засгийн газар Монголын төрийг самарч, Монгол орны нэр төрийг унагаж байгаа гэхчилэн ямар ч байсан энэ засгийн газрын үед өөрөө төрийн ямар ч алба хаших нүүргүй болтлоо үгийн муугаар дайрав. Тэр ч бүү хэл 1966-2000 онд аймгийн эрх барьж байсан Ардчилсан намын нөхдийг аймгийг удирдаж чадаагүй, уруудуулж доройтуулсан мэтээр гүтгэн гүжирдэв. С.Сүхбаатар мэдэгдлийнхээ эцэст маргааш өглөөний 9 цагт төв талбайд хийх сүрт жагсаалд оролцон эсэргүүцлээ илэрхийлэхийг ард иргэддээ дахин дахин уриалсан юм. Бүр цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж сүржигнэв. МАН-ын даргын уриалснаар маргааш нь Мандалговьчууд төв талбайд гарч ирсэнгүй. МАН-ын аппарадын хэдэн ажилтан, сонгуульд нэр дэвшигч хорь гаруй хүн намынхаа тугийг барин өдрийн 12 цаг болж байхад “Усанд унасан гарын эзэн хүчтэй” гэгчээр гарч ирсэн ч дугуйрч бөөгнөрч байгаад тарж одсон юм. Түүний дараахан Сонгуулийн хорооны дарга Н.Эрдэнэ-Очир орон нутгийн телевизээр ганцаараа /Уул нь нарийн бичгийн даргатайгаа гарч ирвэл сайнсан/ мэдэгдэл хийхдээ нэр дэвшигчдийг хассан тухай тогтоол албажаагүй, дарга, нарийн бичгийн дарга нарын үсэг зураагүй байгаа /Гэтэл тэр үед дарга, нарийн бичгийн даргын гарын үсэгтэй тогтоол нь тарж амжсан байв/ гэж мэдэн будилж, сонгуулийн ерөнхий хорооноос асууна, энэ тэр гэж бөөрөнхийлсөн нь МАН-аас сонгуулийн хорооны даргыг дарамталсны үр дагавар гэж олон түмэнд ойлгогдсон. Уул тогтоол албажсан нь ил тод болмогц түүнийгээ МАН-ын шахалтаар хүчингүй болгосон 22 дугаар тогтоолыг нөгөөдөр нь гаргаж “Нуухыг авах гээгд нүдийг сохлов” гэгч болов. МАН-ынхан ч өрсөлдөгч нараасаа өө сэв хайн сурталчилгааны хуудсыг цуглуулан өсгөгч шил барих нь холгүй шүүрдэцгээв. Сайхан-Овоо суманд Засаг дарга 4 жилийн тайлангаа хэвлүүлсэнд ард түмний бүтээсэн нэгэн бурхны зураг орсон, өөр нэг нэр дэвшигч Монгол улсын Ерөнхийлөгчтэй авахуулсан зурагны ар талд Зава Дамдины чулуун хөшөө цухуйж байгаа, суманд нэр дэвшигчийн төрийн хүндэтгэлийн өргөөнд авахуулсан зурагт Чингисийн хөрөг байгаа, сурталчилгааны хуудсан дээр улаан дээлтэй гурван хөгшин цааш харан суусан нь лам биш үү…гэхчилэн баримт АН-аас олдож баргийг шүүх, цагдаад өгсөн ч ”Хэргийг” хэрэгсэхгүй болгожээ. Харин Н.Баасанхүүгийн сурталчилгаанд нэгэн хийдийн хэн нь үл танигдах гурван ламын жижигхээн зураг тавигдсан нь “Хэрэг”-т тооцогдон нэр татуулах шалтгаан болжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч энэ эрхмийн нэрийг татахаар дахин дахин хийсэн оролдлогын шалтгаан нь аймгийн ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоожтой өрсөлдсөнд байгаа гэж Н.Баасанхүү үзэж байгаа юм байна.
“Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай” хуулинд “Энэ хуулийг 2012.09.14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж байгаа. Гэтэл Дундговь аймгийн МАН-ын хууль зүйн ухааны докторын зэргийг Японд англи хэл дээр хамгаалсан гэх дарга С.Сүхбаатар 2012.09.07-08-нд Дундговьд зохион байгуулсан "Ардчилал-2012" наадмыг хуулийн 34.6.2-ийг зөрчсөн гэж Цагдаад шалгуулахаар өгсөн байна. Хууль гараагүй байхад “ Сонгуулийн жил эхэлснээс хойш” гэсэн заалт орно гэж "Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж иддэг тарлан бух биш" болохоор яаж мэдэх вэ. Ер нь тэгээд хууль хэрэгжиж эхлэхээр хуульчилсан өдрөөсөө арагш ухарч үйлчилдэггүйг Сүхбаатар доктор мэддэггүй хэрэг үү. Тэрч бүү хэл өөрийгөө зөвтгөж шүүх, цагдаа, сонгуулийн ерөнхий хороо, Ардчилсан нам, шинэчлэлийн Засгийн газрыг дайрч давшилсан зохиогчийн нэр, хаяггүй өгүүллийг 2012.11.29-ний өдөр тутмын хэд хэдэн сонин, мэдээллийн сайтад нийтлүүлж “Шинэ дэлхий” ТВ-ийн нэвтрүүлгийн бүтэн цаг эзлэн аймгийн Засаг даргын суудал руу эрээ цээргүй зүтгэж байгаагаа зөвтгөхдөө Монгол улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдан элдвээр хэлсэн байна. Энэ бүх үйлдэлдээ Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Сүхбаатар Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас уучлал гуйвал тааарна.
Аймгийн “Цоглог” телевизээр С.Сүхбаатарын яаран сандран үг хэлээ ч цэгнэлгүй хийсэн эндүү ташаа мэдэгдлээс юү “Үнэртэв” гэвэл “аймгийн Засаг даргын суудалд суучихлаа” гэж сэрүүн зүүдэлсэн эрхэм тэр боломжоо хаагдчихлаа гэж цухалдсан нь илт. Одоогийн Засаг даргаа алба ажлаа эрхлэн ахуйд намын даргын ажлыг нь Энэхүү Сүхбаатар гэгч уулгалан авчихаад “Гар бариад бугуй барина. Бугуй бариад булчин атгана” гэгч болсныг юү гэж үзэх вэ..
Засаг даргын хувьд орлогчийн нь энэ санаархал “Үр могой” адил харагдах биз. Яагаад гэхлээр, эрдэм номтойг нь гайхаж Улаанбаатар дахь нэг жижигхэн түшмэлийн албанаас дэвшүүлэн авчирснаа бодоход…