
Ингэхэд парламентыг бүрдүүлж байгаа хүчнүүд аль нь ямар зорилгоор хууль тогтоох байгууллагын ажлыг гацааж байгааг авч үзье.
УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээж АН-аас цөөн суудал авсан нь тус намд том цохилт болсон. Гэхдээ АН-аас нэг их олон суудлын зөрүүгүй тул “Агтны хариу жилдээ Аяганы хариу өдөртөө” гэгчээр өмнө нь хэд хэдэн удаа хамтарч Засгийн газар байгуулж байсан АН-ын талаас дахин хамтрах саналыг МАН-д тавина гэж горьдож байв. Гэвч АН-ынхан парламентад бүлэг байгуулах хэмжээнд гарч ирсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран Засгийн газраа байгуулсан нь МАН-д цөхрөл, гомдлоос өөр зүйл авчраагүй. Намынхаа бага хурлыг УИХ-ын анхдугаар чуулганы анхны өдөр зарласан нь ч “Тэртэй тэргүй анхдугаар хуралдааныг даргалах хамгийн ахмад настай хүн нь манайд байгаа. Бидэнгүйгээр цааш явах гарцгүй тул хүлээж байг” гэсэн санааг цаанаа агуулж байсан байж болох. Гэвч АН-ынхан “Шударга ёс” эвслийн бүлгийн Л.Цог гишүүнээр хуралдаан даргалуулж, З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгож, хуульд заасан “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах саналаа гаргана” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн МАН-ыг бүлэггүй үлдээснээс үүдэж МАН-ын төлөөлөл бүхий гишүүд шалтаг л таарвал хуралдаан тасалдаг зуршилтай болсон. Түүний нэг том шалтаг нь Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог дээр үүсээд байгаа нөхцөл байдал. Тэнд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарчн Сонгуулийн хууль зөрчсөн асуудал хууль, шүүх дээр маргаан дагуулж, АН-ын Д.Зоригт, Г.Батхүү нараар тангараг өргүүлэхээр СЕХ шийдвэрлэсэн нь МАН-ын эрхэм гишүүдийг суулт нэрээр буйдан дээр тухлуулахад хүргэсэн. Дээр нь овоо найдлага тавьж байсан орон нутгийн сонгуулиар МАН-ынхан хэд хэдэн аймагт ялалт байгуулсан ч санасан хэмжээндээ хүрч чадаагүй.
Иймээс УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсонгүй. Уг нь Төрийн ордны хүрээнд таамаглаж ярилцаж байснаар Д.Зоригт, Г.Батхүү нарын тангараг өргөх асуудлаар МАН-ын төлөөллийн гишүүд дахин улс төрийн агуулга бүхий үйл ажиллагаа өрнүүлэх байх гэж хүлээж байсан ч угаасаа УИХ-ын гишүүдийн ирцийн байдал сайнгүй байгаа нь тэдэнд нэр цэвэр, зүгээр л хуралдаа суулгүй өнжих таатай боломжийг бүрдүүлж өгөв. Тэд Д.Зоригт, Г.Батхүү нарыг ийнхүү ил далд аргаар бойкотлохдоо МАН-аас тангараг өргөхөд бэлэн болсон Д.Сарангэрэл, Д.Арвин нарын бүрэн эрхийг эдлүүлэх хугацаанаас хороох зэргийн бага сага, өөрсдөдөө хоргүй золиос гаргахад бэлэн гэдгээ харуулав.
Ирэх долоо хоног хүртэл зай ч бий. Нэг тогооноос “төрсөн” МАХН-ынхны ая зан хаашаа эргэхийг харзнах бас нэг дотоод хонжоо МАН-ынханд төрөөд буй нь ч цухалзаад л байгаа.
Энэ эвслийг бүрдүүлэгч хоёр нам аль хэдийнэ эмээлийн бүүрэг шиг эсрэг тэсрэг хараад суучихсан нь илэрхий болсон. Яалт ч үгүй нэг эвслийг бүрдүүлж нэг субъект болж сонгуульд орсон, тэгээд Засгийн газарт мөн л эвслийн нэрээр багтсан тул салаад явчихаж болдоггүй. Гэхдээ дотроо нам солих, ашиг сонирхлын зөрчил гаргах зэрэг олонхи, цөөнхөөр ялгарах байдал гаргаад л байгаа. МАХН-ын гишүүнчлэлтэй УИХын гишүүд, сайд, дэд сайд нар Интерполд захиа илгээж Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоохыг сануулсан байх жишээтэй.
АН угшилтай МҮАН-ынхан эвсэл дотроо зургуулаа буюу 10 гишүүнтэй эвсэлдээ олонхи байсныг МАХН-ынхан хүч тэнцүүлэх гээд Ц.Цолмонг талдаа татаад авчихсан. Одоо МАХН-ын мандат бүхий 11 дэх гишүүн УИХ-д ороод ирэхээр МАХН нэг хүнээр илүү гарна. Ерөөсөө МАХН-ынхан “Та нар Н.Энхбаяр даргын нэрээр гарч ирсэн шүү” гэсэн сануулгыг МҮАН-д байнга өгч албан тушаал хуваасан ч эвсэл дотроо 70:30 гэсэн харьцаа барин МҮАН-ыг доош дарж буй.
Дээр нь эвслийн 11 дэх гишүүний тангараг өргөх асуудал УИХ-ын үйл ажиллагааг гацаах нэмэлт “механизм” болчихсон. МАН-ынхан АН-ын Д.Зоригт, Г.Батхүү нараар тангараг өргүүлэхгүй гэсэн бойкот хийж байгаа бол харин МАХН-ынхан өөрийнхөө хүний тангараг өргөхийн эсрэг тас гэдийчихсэн. Уг нь СЕХ-ноос долдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид 72 гишүүний нэр айлтгасны дотор “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатарын нэр байсан. Ц.Оюунбаатар өөрөө энд тэнд ярилцлага өгөхдөө “Өнөө маргаашгүй тангараг өргөнө өө” л гээд байдаг. МАХН-ынхан харин үүнээс тэс хөндлөн мэдэгдлийг удаа дараа хийж байгаа.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга У.Барсболд нар “Шударга ёс” эвслийн нэрсийн жагсаалтын нэг, зургаад жагссан Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэг тангараг өргөх ёстойгоос биш хаа хамаагүй 10-т бичигдсэн Ц.Оюунбаатар болоогүй” л гээд хэлээд буй. УИХ-ын дэд дарга Л.Цог, эрхэм гишүүн О.Баасанхүү нар ч ийм байр суурь илэрхийлж байсан. Бас Ц.Оюунбаатар бол МАХН-ын гишүүн биш, Нам бусчуудын холбооны тэргүүний сонгуультай гэсэн хачир нэмэгдсэн. Эндээс харвал “Шударга ёс” эвслийн 11 дэх суудал эзэнтэй болтлоо мөдгүй байж мэднэ. Ерөөсөө энэ асуудал МАХН-ын даргын хяналтын шатны шүүх хурлын шийдвэр яаж гарахаас шалтгаална.
Ядахдаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хяналтын шатны шүүх хурлын товыг дахин долоо хоногоор сунгалаа. Тэгэхээр дараагийн долоо хоногт ч УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж мэдэх нь. Тэдэнд Засгийн газарт орсон нь зөвхөн намын даргаа хаацайлах бамбай болохоос бус АН-ын даргын тэргүүлсэн гүйцэтгэх засаглал хэрхэн ажиллах нь хэрэг дээрээ огтхон ч сонин биш. МАХН-ынхан Ц.Оюунбаатарын тангаргийг бойкотлож, МҮАН-ынхан уснаас хуурай гарахын тулд өвчтэй, чөлөөтэй гэсэн шалтаг заан шар нар, бор хоногийг өнгөрөөж явна.
Элгэнд наалдсан дэлүү гэгчээр хамтарсан Засгийн газрын бодлогын яам болох Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг гартаа оруулж авсан ИЗНН ямар ханилгаагүй хүчин болохоо харуулаад л байна. УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байхад ИЗНН-ын хоёр гишүүн нэмэр болохгүй, МАН, “Шударга ёс” эвслийн гишүүдийг дагаад хурлаа таслаад намирчихна. Үг хэлбэл АН-ыг сөргөнө. Бодлогыг нь няцаана. Үүгээрээ сөрөг хүчин болох МАН-д ихээхэн тус хүргэж байгаа. АН дангаараа олонхи болж чадаагүйн гайгаар хүч хавсарсан түншүүд нь ийнхүү “их бие”-ийг бүрдүүлэгч АН-ыг шимэгчлэн хорлосоор.
УИХ-ын 2000 оны сонгуулиас хойш азгүйтсэн АН-ынхан энэ жил уг нь арай хийморилог байгаа. Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан засагтай, ардчилагчид олон суудал авсан парламенттай, нийслэлийн ИТХ-ын дийлэнх нь ардчилагчид, орон нутгийн сонгуульд ч гайгүй орсон. Гэхдээ л УИХ-д дангаараа олонхи болж чадаагүй тул МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг царайчилж “амьдрахаас” аргагүйд тулсан. АН-ынханд ч ялгаагүй энэ удаа УИХ гацаанд орох нь хэрэгтэй байгаа. Наанаа инээсэн дүртэй ч цаашаа хараад уйлж суугаа.
Яагаад гэвэл хамтарч түншилсэн “Шударга ёс”эвсэл, ИЗНН хоёр байнга янаглан хорлоно. МАХН-ын даргад муу юм хийж болохгүй. Эс тэгвэл засаг задрах эрсдэлтэй. Засаг задарлаа гэхэд АН л хохирно. Хамтрагч МАХН, ИЗНН-ынхан МАН-тай нийлээд талийна. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. Орон нутгийн сонгуулийн дүнгээр МАХН, МҮАН, ИЗНН-тай хамжиж байж олонхийг бүрдүүлэх боломжтой газрууд бий. Ингэхээр яалт ч үгүй нөгөө хүчнүүдээсээ хамааралтай. Зарим зүйл дэр тохироо хийж МАХН-ын даргын асуудалд аядуу хандахаас өөр аргагүй.
АН-ынхан ялсандаа аархаж нэг өдрийн өмнө МАН-гүй хуралдаж УИХ-ын даргаа сонгосон нь цааш цаашдаа олон өдрийн уяа гацаа үүсгэсэн. Дээр нь Өвөрхангайг төлөөлөх хоёр хүнээрээ тангараг өргүүлнэ гэдэг тийм ч амар даваа биш болоод байна. УИХ-ын дарга уг нь парламентад суудалтай бүх хүчин, бүх гишүүдэд ижил тэгш хандах ёстой. Гэтэл З.Энхболд дарга сөрөг талдаа арай л хатуурхаад буй нь нөгөө талыг сөрвөлзөхөд түлхэхээс өөр гавьяа төрүүлэхгүй л байна.
Үгүй ядахдаа Орон нутгийн сонгуулийн хууль, Улсын нэгдсэн төсөв гээд чухал хуулиудаа МАН-ын бүлэггүй баталчихсан юм чинь одоо бүлгийг нь байгуулаад өгч яагаад болохгүй гэж. УИХ бол намуудын сөргөлдөөний талбар биш иргэдийн төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага гэдэг утгаараа тэр. Нарийндаа УИХ гэдэг бол Иргэдийн төлөөллийн дээд хурал. Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, багийн нийтийн Хурлын “том ах” нь.
Хэрүүл маргаан, намуудын ашиг сонирхол байлгүй л яахав. Гэхдээ тэд сонгогчдоос сонгогдож гарч ирсэн болохоор тэдэндээ үйлчлэх ёстой. Завсарлаж, бойкотлож, гацсаар суутал зун, намар өнгөрөөд хатуу хахир өвөл эхэлчихээд байна. Гэтэл төр, засгаа төвшитгөх ёстой АН-ынхан сөрөг хүчин төдийгүй түншүүддээ бурантаглуулчихаад алхаж чадахгүй сууж байдаг. Сонгогчид АН-д заавал санал өгөх алба ч үгүй байсан. Зүгээр л итгэл даалгах гэж сонготол ийм байдалд орчихов. Ирэх долоо хоногт УИХ-ыг гацаанаас гаргахгүй бол есөн ес наян нэг хоногийн их хүйтний улирал наашилж явааг сануулъя.