Тавантолгойн хувьцааг дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг дахин хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхэллээ. Энэ хуралдаанаар ”Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн байгуулах, түүний давуу эрхийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх талаар хэлэлцэх юм. Мөн Тавантолгой ордыг ашиглах, Тавантолгой төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулга хийнэ.

Тавантолгойн орд дахь Цанхийн орчимд үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерийг өнгөрсөн онд зарлаж, нийт 15 консерциум саналаа ирүүлснээс зургаатай нь Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Тодруулж хэлбэл, Тавантолгойн нүүрсийг ямар технологиор боловсруулах, нүүрсийг ОХУ руу дамжуулан тээвэрлэхэд төмөр замын тээвэрлэлтийн тариф нь хэд байх. Хэрвээ Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжуулан нүүрсийг гадаад зах зээлд гаргана гэвэл тэр нь Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээний үнэ ханштай байж чадах уу гэх зэрэг олон асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөжээ. Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн хэлснээр энэ долоо хоногт багтааж, хоёр дахь шатны хэлэлцээрийг хийнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм. Тиймээс өнөөдрийн хуралдаанд дээр дурдсан зургаан консерциумаас хэд нь Засгийн газраас тавьж буй шаардлагыг биелүүлж, хоёр дахь шатны хэлэлцээрт орох болсон талаарх мэдээлэл тавигдаж магадгүй ажээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж