
Европын хөлбөмбөгийн топ тавцанд хамгийн баялаг түүхтэй Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг шөвгийн наймд Английн “Тоттенхэм” багтай сугалаа таарч, өнгөрсөн шөнө эхний тоглолтоо “гэртээ” хийлээ. “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болсон тоглолтод Эммануэль Адебайор тоглолтын хоёр үед нэг, нэг удаа мөргөж гоолдсоноос гадна Анхель ди Мария, Роналдо нар өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөснөөр “Реал” дөрөвний нэг шигшээгийн эхний тоглолтдоо 4:0 харьцаатай ялалт байгуулсан юм. Гурван өөр баг удирдаж Аваргуудын лигийн цом өргөсөн түүхэн дэх анхны дасгалжуулагч болох “аян”-аа үргэлжлүүлж буй Жозе Моуриньогийн аяллын гараа ямартай ч таатай үр дүн авчирлаа. Тоглолтын ердөө дөрөв дэх минутад эзэн багийн довтлогч Адебайор Месут Озилын булангийн цохилтыг мөргөж, гоолын салхийг хагалсан юм. Хаалгач Эурелио Гомес, хамгаалагч Лука Модрич нар бөмбөгийг хаалганаас холдуулах гэж хичээсэн ч амжилт олоогүй. Гэтэл тоглолтын 15 дахь минутад Английн шигшээн довтлогч Петер Крауч Марсело дээр алдаа гаргаснаар хоёр дахь шар картаар
торгуулж, талбайг чөлөөлсөн нь Тоттенхэм”-ийн байдлыг улам хүндрүүлсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст “Реал”-ын гоолын “бэлэг” үргэлжилж, завсарлагаанаас хойш 11 минутын дараа Адебайор дахин гоолдсон юм. Энэ удаад Марселогийн зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг чулуу болгов. “Арсенал”-ын экс тоглогч Адебайор Премьер лигийн хүрээнд “Тоттенхэм”-ийн эсрэг үргэлж гайхалтай тоглолт гаргадаг байсан. Өнгөрсөн шөнө ч ялгаагүй Того довтлогч “гялалзаж”, “Тоттенхэм”-ийн эсрэг хийсэн сүүлийн 10 тоглолтод 10 дахь гоолоо оруулсан юм. Тэрбээр өчигдрийн тоглолтод бараг л хет-трик хийх шахсан, тэр тусмаа гурвууланг нь мөргөж оруулах тун дөхсөн. 66 дахь минутад тэрбээр Лассана Диаррагийн хөндлөн дамжуулалтыг мөргөсөн боловч хаалгач Гомес бөмбөгийг аюулгүй болгож чадсан. Гэхдээ энэ аюултай довтолгооноос хойш төд удалгүй, 72 дахь минутад Аргентиний шигшээ багийн залуу од Анхель ди Мария энэ үдшийн шилдэг гоолыг оруулсан бол тоглолт өндөрлөхөөс гурван минутын өмнө дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Роналдо багийнхаа дөрөв дэх гоолыг оруулжээ.

Тоглолтын үр дүнд “Реал Мадрид” сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногийн лхагва гаригт Лондон хотын “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болно. Испанийн эзэн хааны багийн хувьд хагас шигшээд шалгарах эхний алхмаа тун амжилттай хийлээ. Сонирхолтой нь, тэд дараагийн шатанд нутаг нэгт “Барселона”-тай таарах боломжтой билээ.
С.Цэлмэг