С.Жавхлан амьтай юу, хэлхээ төмөр амьтай юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

С.Жавхлан амьтай юу, хэлхээ төмөр амьтай юу?

Үе үе дуулианы эзэн болдог дуучин С.Жавхлантай ярилцлаа. Түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд дуулианы давалгаа дахиад л эрчээ авч байсан бол сүүлийн үед нам жимхэн байна уу гээд түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та үнэхээр байнга дээл өмсдөг болсон юм аа даа. Өөрчлөгдсөн зүйл гэвэл үсээ ургуулж байгаа бололтой?

-Би монгол хүн болохоор л  үндэсний хувцсаа өмсч байна. Харин надаас ийм асуулт асууж байгаа та харин хаанахын хувцас өмчихөөд сууж байгааг би асуумаар байна.  Гэзэг бол  мэдээллийн долгионыг өөрөөрөө дамжуулж, тархи, зүрх сэтгэл, бодол ухаанд зөн мэдрэмж нэмэгдүүлдэг. Тийм ч учраас бидний өвөг дээдэс бүстэй, бүсгүй ялгалгүй гэзэг тавьдаг байсан биз дээ. Бяцхан жишээ хэлэхэд, ээж хүнийг зөв совин ихтэй гэдэг. Гол учир нь гэзгэндээ байгаа юм. Товчхондоо ийм л байна.

-Гэхдээ  таныг урт үс илүү овортой харагдуулах юм биш үү?

-Миний насыг мэддэг бүх хүнд баярлалаа. Намайг овортой болгож харж байгаа тэр хүнийг би сэтгэлээрээ овортой хүн гэж хэлэх гээд байна. Тийм учраас  тэр хүн их айдастай явдаг  байх. Миний үсний ширхэг бүрийг тоолж суугаа  завтай бөгөөд залхуу хүмүүсийг би хүндлэн биширч байна.

-Ингэхэд та хичнээн дээлтэй вэ?

-Гэрт, гадаа өмсдөг шинэ, хуучин хоёр дээл бий.  Тайзан дээр өмсдөг 10-аад дээл байгаа байх.

 -За тэр яахав. Та гадагшаа сургуульд явах тухай бодлоо бүр орхисон уу?

-Хүмүүс сүүлийн үед гадны хэл ус, эд юмс сонирхож, гадаад хүн гэхээр л үхчихээ шахдаг болжээ. Англи хэл сураагүй бол хүн биш юм шиг тооцох гээд ч байх шиг. Гэтэл англичууд өөр хоорондоо юу гэж ярьдаг гэхээр “Бид бол язгууртан, дэлхийн эзэд, харин дэлхийн бусад улс  бидний хэлийг сурч, бидэнд үйлчлэх ёстой. Зарц барлагууд” гэж боддог. Гэтэл бид өвөг дээдсийнхээ мянган мянганаар үе дамнуулан дэлхийг захирч ирсэн төрөлх хэлээ хаяж гээгдүүлээд, гадны гэх  бүхий л зүйл рүү хошуурч байгаа нь  юуны ёр вэ гэж би гайхдаг. Бид энэ маягаар цаашилбал ёс заншилгүй улс болно. Тийм болохоор надад гадаад улс орноос дуу сурах шаардлага байхгүй гэж бодож байна. Бид тэднийг хангалттай мэднэ. Харин Монгол гэдэг улс байгааг тэдэнд мэдүүлэх л чухал байх.

-Миний бодлоор таны олон сайн дуу муу клиптэй юм шиг санагддаг. Гэхдээ энэ зөвхөн миний бодол. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би бүр шүүмжлүүлэх гэж клипүүдээ тэгж хийдэг тал бий шүү. Надад нэг хүн “Ээжийн чанасан цай” дууны клипэнд дөрвөн алдаа байна” гэж хэлж байсан.  Хариуд нь би тэр хүнд найман алдаа байгаа. Чи талыг нь олоогүй байна. Нэмээд дөрвийг нь олоорой гэж хэлсэн /инээв/.

-Сонин л хариулт байна. Яагаад заавал уран бүтээлээ алдаатай хийх ёстойг сайн ойлгосонгүй.

-Таны ойлгох, ойлгохгүй миний буруу биш ээ.

-Дуучин Т.Баясгалантай та одоо хэр холбоотой байдаг вэ?

-Мэнд устай л явдаг.

-Танай оюутны ангийнхан одоо хэр холбоотой байдаг вэ. Ангиараа цугладаг уу?

-Яг үнэнийг хэлэхэд ангийнхантай уулзах зав ахад нь бараг гарахгүй юм байна шүү дээ. Миний энэ ярилцлагыг ангийнхан маань уншиж байвал цугларч байгаад хүрээд ирээрэй гэж хэлмээр байна. Хэдүүлээ салхинд гарвал  яасан юм бэ /инээв/.

-Та эмэгтэй дуучидтай хамтарч дуулахдаа шалгуур тавьдаг уу. Ер нь бүсгүйчүүдээс хамт дуулах санал танд ирдэг үү?

-Надтай хамтарч дуулсан уран бүтээлчдэд би үргэлж талархаж явдаг гэдгээ хэлэхийг хүсч байна. Миний дайнд хүрч дуулах дуучин байхгүй энэ тэр гэж би том дуугарахгүй ээ. Харин ч эсрэгээрээ би тэдний хүссэн шиг дуулж чадаж байна уу гэдэг бас сонин.

-Гавьяат болсныхоо дараа таны хэлсэн үгийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байх. С.Жавхлан зөв үг хэллээ гэх хэсэг байхад төрийн шагналыг үл тоолоо гэсэн яриа ч байсан?

-Би байгаад энэ цолыг авав уу. Энэ цол намайг авав уу  гэсэн утгатай үг хэлсэн юм. С.Жавхлан амьтай юу, хоёр залгаа төмөр амьтай юу гэсэн утга юм л даа. Өөрийнхөө амьтайг мартаад төмрийн хойноос хөөцөлдөж амьдардаг хүмүүст л зориулж хэлсэн үг шүү дээ. Энэ үгний цаана задалбал олон талын ёгт утга бий. Би нэг л бодолдоо үнэнч амьдарна гэж боддог юм. Би ямар ч алдар цолонд хүрсэн С.Жавхлан өөрчлөгдөхгүй. Надад байдаг хамгийн том цол бол миний нэртэй үргэлж хамт дуудагддаг Саманд  гэж  аавын минь алдар. Би тэгж л боддог. Ер нь шагнал гэдэг чинь манжийн үеэс л гаралтай зүйл ш дээ. Бидний үеийн залуучууд ийм  зүйлийг  нэгэнтээ сонирхохоо больчихсон байх гэж би боддог. Учиргүй олон одон тэмдэг зүүчихсэн хүнийг  хараад  “Пөөх ямар мундаг юм бэ” гэж боддог хүн орчин үед тийм ч олон байхгүй байх аа. Яаж хөөцөлдөж, хөлөө хугалах шахаж байж авсан бол гэж хардаг болсон. Ер нь гадуур яг тийм  уур амьсгал байгааг мэдрээд хүмүүс  шагналаа зүүхээсээ ичдэг болсон ч байж магадгүй. Заримдаа  бүр ичихээ больчихсон ганц хоёр хүн таардаг л юм. Хүний өмнөөс ичих гэдэг хамгийн аюултай зүйл шүү. 

-Олны танил хүний алдаа, оноо түмний нүдэн дээр ил байдаг. Энэ нь танд заримдаа яршигтай санагддаг уу?

-Огтхон ч яршигтай санагддаггүй.  Алдсан ч Жавхлан, оносон ч Жавхлан.

-Таны хамгийн сүүлийн уран бүтээлийг хүмүүс сонсоод өөрийн чинь хувийн амьдралыг дахиад сонирхож эхлэх шиг санагдсан. “Чи минь байгаа хойно” дууг хэлж байна л даа. Энэ дуу гарсны дараа С.Жавхлан эхнэртэйгээ эргээд нийллээ гэж хэвлэлүүд бичиж эхэллээ. Ер нь та нарын амьдралыг уран бүтээлтэй чинь холбох маягаар хүмүүс таамагладаг шүү дээ?

-Хүмүүс бодсоноо л бодог.

-Та утсандаа өөрийнхөө дуунаас тавьдаг уу?

-Үгүй ээ. Өөрийнхөө дууг өөрөө хулгайлаад яахав гэж бодоод би тийм үйлчилгээ ашигладаггүй.

-Та рок, попынхноос хэнийг сонсох дуртай вэ?

-Миний чих дүлийрчихгүй л бол би бүгдийг нь сонсоно. Олон сайхан дуучид, хамтлагууд байна, би бүгдийг нь хүндэлж явдаг. Урлагийнхан чинь адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс ш дээ. Тийм болохоор бид нэг нэгнийгээ дэмжиж, ойлгож, хүндэлж байх ёстой байх.

-Та анзаарсан бол өөрийг чинь УИХ-д нэр дэвшиж, улс төр сонирхох болсныг чинь хүмүүс тийм ч таатай хүлээж аваагүй.

-“Дур дураа голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй” гэж үг байдаг. Би дуучнаасаа  илүү улстөрч байх авьяастай ч  юм билүү чи яаж мэдэж байгаа юм. Дуучин гэдэг мэргэжил миний зүгээр өнгөлөн далдлалт, хорогдох байр ч юм билүү мэдэхгүй шүү дээ. Гэхдээ хоёулаа одоо энэ сэдвээр яриад яахав.

-Түрүүн орж ирсэн бүсгүй  таны дүү юу. Их адилхан юм?

-Миний төрсөн дүү. Саяын нөхөр л намайг энэ хорвоо дээр загнаж, айлгадаг  хүн шүү дээ. Дүү, бид хоёрын дунд амьдралын их хурлууд олон болно оо. “Эвт шаазгай буга барина гэдэг биз дээ.  Ах, дүүс  тийм л байдаг.

-Та шинэ тоглолтод бэлтгэж байгаа юу?

-Яг одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй л байна. Миний хэзээ тоглолт хийхийг фэнүүд маань мэдэх байх даа.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж