УИХ-ын чуулганыг хойшлуулсан цаад учир

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг хойшлуулсан цаад учир

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан болсонгүй. Уг нь зарим гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэх ёстой байсан нь чөдөр, тушаа болж, чуулганы хуралдааныг хойшлуулахад хүргэсэн юм. Энэ нь Г.Батхүү болон Д.Зоригт нартай холбоотой. УИХ-ын чуулганы хуралдаанд Ардын намын болон “Шударга ёс” эвслийн гишүүд болон бие даагч нар ирээгүй учир ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан юм. Ингээд дээрх хүмүүс ямар шалтаг зааж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй асуудлыг сонирхцгооё.

"Тиймээс МАХН-ынхны “захиалга”-аар өчигдөр “Шударга ёс” эвслийнхэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй"

АРДЫН НАМЫНХАН ЭНЭ УДАА ГОЛ ДҮРД ТОГЛОСОНГҮЙ

Ардын намынхан Өвөрхангайд нэр дэвшсэн Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүйн тулд буйдантай жагсаалаа дахин хийнэ гэж байсан ч өчигдөр нөхцөл байдал арай өөрөөр өрнөсөн. Энэ удаа Ардын намынхан орчин тойрноо сайн ажигласны хүчинд  гол дүрд тоглох хэрэггүй гэдгийг ойлгосон бололтой. Зүгээр л УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байхад л тэдний хүсэл биелж,  чуулган хуралдахгүй гэдгийг мэдэж байсан учир энэ удаа нэг их сүр дуулиан болсонгүй. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат эмнэлэгт хэвтсэн учир өвчтэй. УИХ дахь Ардчилсан намын дэд дарга С.Одонтуяа Итали, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Батчимэг  нар Герман, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар Өмнөд Солонгос, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Сингапур, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-д томилолттой байгаа. Харин  Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар хувийн ажлаар АНУ-д яваа аж. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа учир УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох боломжгүй байжээ.

МАХН-ЫНХАН АРДЫН НАМД ХҮЧ ХАВСРАВ

УИХ дахь Ардын намын гишүүд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх сонирхолгүй байгаа шиг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэгт багтаж буй МАХН-ынхан Ц.Оюунбаатар тангараг өргөхийг дэмжихгүй байгаа юм. Тиймээс МАХН-ынхны “захиалга”-аар өчигдөр “Шударга ёс” эвслийнхэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Гэхдээ бодит байдлаас тэдний тайлбар зөрөх нь мэдээж хэрэг юм. “Шударга ёс” эвслийнхэн УИХ-ын чуулганы хуралдаан болно гэж товлосон цагт хуралдаж байсан учир  очиж амжаагүй гэдэг тайлбарыг хийсэн. Харин УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Бүлгийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах асуудал гаргаагүй. Харин бүлгийн гишүүдийн хувьд ямар саналтай байгааг мэдэхгүй байна. Гишүүд өөрсдийн хүсэл сонирхлоороо чуулганы хуралдаанд оролцох байх” хэмээсэн юм. Энэ бүхнээс “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МҮАН-ынхан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох сонирхолтой байгаа ч МАХН-ынхны хүсэлтээр оролцож чадахгүй байгаа бололтой гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.

Ямартай ч Ардын намынхан Г.Батхүү, Д.Зоригт нарыг, МАХН-ынхан Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх сонирхолгүй байгаагаас болж төрийн ажил саатаж, УИХ-ын чуулганы хуралдаан цагтаа хуралдаж чадахгүй байдалд ороод байна. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлаас гадна нэлээд чухал хэд, хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан юм. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг батгаж байсан юм.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж