1.5 тэрбумын бонд “Wall Street Journal”-д

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

1.5 тэрбумын бонд “Wall Street Journal”-д

Монголын Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын бондыг өчигдөр олон улсын хөрөнгийн биржид арилжсан нь өнөөдрийн онцлох сэдэв байлаа. Энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч “Wall Street Journal”-д бондын арилжааны тухай мэдээлсэн байна. “WSJ”-ын энэ талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ОУВС таван удаа санхүүгийн хүнд байдлаас аварч байсан Монгол Улс өчигдөр буюу лхагва гаригт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан нь Засгийн газрын эхний бонд юм. Энэхүү арилжаа нь АНУ-ын Засаг захиргааны зөвхөн нэг удаагийн 2.5 их наяд ам.долларын бондтой адил юм. Монголын Засгийн газрын бондыг худалдаж авахаар төлөвлөж байсан, 68 тэрбум ам.долларын эргэлтийн сантай Лондонгийн “Ашмор Инвестмент” хөрөнгө оруулагч группийн судалгааны тэргүүн Жан Ден  "Энэ бол дэлхийн хөрөнгийн зах зээл дэх том алхам" хэмээжээ. 80 хувьтай арилжагдсан бондын арилжааг хоёр үе шаттай явуулсан бөгөөд таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд 4.125 хувийн ашигтай, арван жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бонд  5.125 хувийн ашигтайгаар зарагджээ. Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын Чингис нэртэй бондыг ихээр сонирхож байсан нь бондын худалдан авагчид харьцангуй өндөр ашигтай ийм хөрөнгө оруулалтыг хүлээж байсан мэт. Хөрөнгө оруулагчид Хятад, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог Монгол гэдэг жижиг оронд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэсэн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байв. Монгол Улсын гадаад валютын нөөц багасч, инфляци хоёр оронтой тоотой хэвээр байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн арилжаа нь энэ онд 30 хувиар буурсан юм. Мөн Засгийн газар нь бизнесийнхэнд тун ч таагүй хэд хэдэн шийдвэр гаргасан.

Агуу Чингис хааныхаа суу алдрын дор явж ирсэн Монгол Улс ердөө хэдхэн жилийн өмнө хөгжиж буй орнуудын дундаас цойлон гарч ирсэн. ОУВС-гаас 2009 онд банкны системд шинэчлэл хийхийн тулд зээл авч байсан Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 2011 онд 17 хувь буюу 8.6 тэрбумд хүрсэн. Хонконгийн “Куам Ассет Менежмент” компанийн менежер Лорен "Дөнгөж хоёр, гурван жилийн өмнө Монгол Улс маш ээдрээтэй нөхцөл байдалд байсан” хэмээжээ. Хөрөнгийн зах зээлийн зөвлөх “Dealogic” компаниас явуулсан судалгаанаас харахад хөгжиж буй орнууд 2012 онд нийт 85 тэрбум ам.долларын зээлийн бонд гаргасан аж. Тэр дундаас Замби, Боливи анх удаа бонд гаргажээ.

Монгол Улсад дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд 1.5 тэрбумын бондыг зам, цахилгаан станц барих болон уул уурхайд хөрөнгө оруулахад ашиглах тухай танилцуулгад бичжээ. Хөрөнгө оруулагчид Монголд зээл өгөх хүчтэй дуршилтай болсон аж. Монголын төрийн өмчит Хөгжлийн банк өнгөрсөн гуравдугаар сард 580 сая ам.долларын бонд гаргахад захиалагч нар нь төлөвлөж байснаас бараг 10 дахин олон байсан юм. Италийн Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард гаргасан арван жилийн хугацаатай бонд 4.75 хувийн ашигтай, Замбийн 10 жилийн хугацаатай бонд 5.625 хувийн ашигтай бондтой харьцуулахад Монголын Засгийн газрын дэмжлэгтэй Чингис бондын хүү 5.75 хувьтай байсан ч эрэлт их байсан нь үнийг хөөргөж, хоёрдогч зах зээлд ашиг нь 4.5 болж буурсан билээ.

АНУ-ын санхүүгийн үйлчилгээний “Standard & Poor"s” Монгол Улсын итгэмжийн үнэлгээний зэрэглэлийг Бангладеш, Гүржийнхтэй төстэй  хөрөнгө оруулалтын бус BB- гэж үнэлсэн бол “Moody"s Investors Service” Монголд B1 гэсэн үнэлгээ өгчээ. Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхох болсон нь зэс, уран, нүүрсний асар их  баялагтай нь холбоотой. Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хамтран эзэмшдэг зэсийн арвин нөөцтэй Оюутолгой ордод ирэх жилээс үйлдвэрлэл эхэлнэ. Шинжээчид ирэх жилүүдэд Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээр Чилийн дараа хоёрдугаарт орж, зэсийн үйлдвэрлэлээс олсон ашгаар бондын төлбөрийг төлнө гэж таамаглаж байна.

Гэвч уул уурхайгаас ирэх ашиг хүлээлт үүсгэснээс болж Монгол Улсын эдийн засаг гэнэтийн өсөлттэй тулгараад байгаа. ОУВС энэ огцом өсөлт энэ онд 12.7 хувь болж, саарна гэж үзэж байна. Төсвийн алдагдал энэ онд 650 сая ам.доллар буюу ДНБ-ний 7 хувьтай тэнцэнэ гэсэн таамаг бий. Дэлхий даяар түүхий эдийн үнэ унаж байгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарыг хүнд байдалд оруулчихсан. Гэтэл Дэлхийн банкны үзэж буйгаар энэ оны эхний найман сарын байдлаар Монголын Засгийн газрын зардал нь 42 хувиар нэмэгджээ. Монголын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмж, татварын орлогын алдагдлыг нөхөхийн тулд Төв банкнаасаа 145 сая ам.доллар зээлсэн. Харин инфляци энэ үед 15 хувьд хүрсэн.

Монголын Засгийн газрын бондын арилжаанд оролцоогүй “Western Asset Emerging Markets”-ын 516 сая ам.долларын зээлийн сангийн менежер Роберт Абад “Монгол Улс бол эдийн засаг нь огцом өссөн, анхныхаа бондыг гаргаж буй улс. Санхүүгийн маш тогтворгүй нөхцөл байдлаас гарч ирсэн Засгийн газрын бонд эрсдэлээс хамгаалах даатгалтай байх ёстой. Гэвч энэ бондын танилцуулгад даатгалын талаар юу ч тусгаагүй” гэжээ. Түүнээс гадна төгрөгийн ханш сул байгаа нь бондыг эргэн төлөх санхүүгийн чадварыг үгүй хийж мэднэ. Монголбанк ам.долларын эсрэг төгрөгийн ханш унахаас сэргийлж, 800 сая ам.долларын интервенц хийсэн.

Монголын валютын нөөц 1.4 тэрбумд хүрч буурсан нь сүүлийн хоёр жилийн хамгийн доод үзүүлэлт гэж ОУВС-гаас мэдээлсэн. Монголын Засгийн газрын буруу алхам гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулсан бөгөөд албаны нэгэн хүний мэдээлснээр өнгөрсөн онд 4.6 тэрбум ам.долларт хүрсэн хөрөнгө оруулалт энэ онд 3 тэрбум орчим ам.доллар болно гэж таамаглаж байна.

Орчуулсан Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж