УИХ-ын чуулган яагаад хойшлов?

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган яагаад хойшлов?

УИХ-ын чуулганыг өнөөдөр хуралдуулахаар төлөвлөөд байсан ч ирц хүрэхгүй шалтгаанаар дахин хойшлууллаа. Чуулганы хуралдааныг уг нь 10.00 цагт эхлүүлэхээр тов зарласан ч зөвхөн АН-ын гишүүд чуулганы танхимд цуглаж, харин МАН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд байсангүй. Энэ талаар намуудын байр суурийг хүргэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Ирц хүрвэл тангараг өргөнө

-Тангараг өргөх гишүүдийн асуудал хууль ёсны эсвэл хууль бус байх эсэх нь шүүхийн шийддэг асуудал. УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга нь үүнийг шийддэг эрх бүхий субьект биш. Шүүх, СЕХ нь шийдвэрээ гаргасан байгаа учраас бид тангаргийг нь өргүүлэх ёстой. Ирц хүрвэл МАН-ын гишүүд чуулганд орсон ороогүй тангараг өргөнө. Тиймээс ирц хүрвэл таван гишүүн тангараг өргөнө.

МАН-ын гишүүн Н.Энхболд: Шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байгаа

-МАН-ын хувьд бүх зүйл хууль ёсны дагуу явагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өвөрхангайн тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэцээс “Дээд шүүхээр эцэслээгүй учраас цэц шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбар өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, асуудлыг хуулийн дагуу шийдэж байж, дараагийн асуудлыг шийднэ гэж байгаа юм. МАН-аас дэвшсэн хоёр нэр дэвшигч одоогийн тангараг өргөх хоёр гишүүнээс тус бүр 6000 сонгогчийн саналаар илүү байгаа. Тиймээс сонгогчдын сонголтыг хүндэтгэх ёстой. Бид ийм л байр суурьтай байна, цаашид ч ийм байна.

УИХ дахь МАН-ын гишүүн С.Бямбацогт: Ирц бүрдвэл чуулганд оролцоно

-МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байна. Яагаад оролцсонгүй вэ?

-МАН бол чуулганы ирцийг бүрдүүлэгч биш. Олонхи МАН-ын бүлэггүйгээр бүх асуудлыг шийдээд яваад байгаа шүү дээ. УИХ-ын даргаас эхлээд Байнгын хороо, Засгийн газар бүгд МАН-ын гишүүдгүйгээр шийдвэрлээд яваад байгаа. Хамтарсан Засгийн газрын 46 гишүүн бий. 46 гишүүнээ бүрдүүлээд чуулганыг хуралдуулах боломжтой. Хамтарсан Засгийн газар гишүүдээ бүрдүүлээд хуралдааны ирцийг бүрдүүлвэл МАН оролцоод явах боломжтой.

-МАН-ын зүгээс Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын асуудлаас болж чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гэж байна?

-Өвөрхангайн тойргийн асуудалд шийдэгдээгүй маргаантай зүйл байгаа.  Энэ бол чуулганы хуралдаанд оролцохгүй байх гол шалтгаан биш. С.Чинзориг нэр дэвшигчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өлсгөлөн зарлах мэдээлэл өгсөн байсан.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Асуудлаа шийдэж байж чуулганд оролцоно

-УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах байсан ч танай эвсэл чуулганд оролцсонгүй. Ямар учраас чуулганы хуралдаанд оролцсонгүй вэ?

-Ер нь бол УИХ-ын зарим гишүүд тангараг өргөхтэй холбоотойгоор хууль зүйн нэг мөр ойлголт гараагүй байна. Энэ талаар эвслийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. “Шударга ёс” эвслээс нэг гишүүн тангараг өргөх ёстой. Одоогоор эвслийн удирдах зөвлөлөөс СЕХ-нд албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотын хариу одоохондоо гаргаагүй байгаа. Тиймээс яаравчлан тангараг өргөх нь буруу гэж эвслийн гишүүд санал хэлсэн. Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг хассан СЕХ-ны тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж олон хуульч тайлбарладаг. Тиймээс хуульчид шүүх, холбогдох байгууллагад хандсан байгаа юм. Зарим дээр нь шүүхийн процесс явагдах бололцоотой гэж  үзсэн. Тиймээс хууль зүйн талаас нь энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Мөн Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдийн асуудал эцэслэн шийдэгдээгүй, СХД-ийн дахин санал хураалт яагаад болоогүй гэх мэтчилэн олон асуудал байгаа учраас  өнөөдрийн хувьд нэр дэвшигчдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэе гэж үзсэн. “Шударга ёс” эвслийн бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй байхад ирц хүрэхгүй гэсэн зүйл байхгүй АН, МАН-ын гишүүд нийлээд ирц хүрэх боломжтой. МАН-ын хувьд ямар шалтгаанаар ороогүйг мэдэхгүй байна. АН-ын зүгээс ч гэсэн ирцээ бүрдүүлэх ёстой. Би хувьдаа өнөөдөр чуулганы хуралдаан болохгүй гэж бодож байна.

-Маргааш МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал Улсын дээд шүүхэд болно. Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эвслийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байна гэсэн яриа бас байна?

-Эвслийн бүлгийн хуралд гишүүд энэ талаар ярьсан. Гэхдээ шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Албан ёсны байр суурь, чиглэл гаргаж яриагүй. Ер нь аливаа шүүх хараат бус байж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Шүүх хараат бус байж шийдвэрээ гаргана гэж бодож байна.

-Н.Энхбаярт холбогдох шүүх хурлаар хэргийг нь хэрэгсэхгүй болговол МАХН-ын дарга УИХ-ын гишүүн болох боломжтой юу?

-Хувь гишүүдийн хувьд тийм хүлээлт байж болно. Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтад байсныг нь сэргээгээд яваасай гэж хувь гишүүд хүсч байгаа байх. Хамгийн гол нь хууль, шүүхийн процесс шударга байх ёстой шүү гэдгийг ард түмэн ч харж байгаа байх.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж