Монголын бодлого Хойд Солонгост хавар авчирч магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

Монголын бодлого Хойд Солонгост хавар авчирч магадгүй

Саяхан Монгол Улсад Хойд Солонгостой холбоотой хэд хэдэн үйл явдал боллоо. Юуны түрүүнд Монгол Улсын Засгийн газар Хойд Солонгост албан ёсоор хүнсний тусламж олгохоор болж байна. Ард иргэдийг нь хулгайлсан гэх мэт таагүй асуудлаас болоод гацаад байсан Япон улстай Монголын талын чармайлтаар Хойд Солонгосын тал албан ёсны уулзалт хийв. Өмнө нь дээрх хоёр орны төлөөлөгчид энэ асуудлаар Вьетнамд уулзаж байсан ч төлөөлөгчид нь хаалгаа саван гарч бүтэлгүйтэн өндөрлөж байсан бол энэ удаагийн Улаанбаатарын уулзалт нэлээд нааштай боллоо гэж ойлгож байна.

Зүүн Хойд Азийн улс орнуудын харилцан ойлголцол хамтын ажиллагааны хөгжилд энэ уулзалт гарцаагүй бодит том хувь нэмэр болж байгаа төдийгүй Монгол улсын нэр хүндийг бүс нутагт төдийгүй дэлхий дахинд дээшлүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө Монгол улс уйгагүй хүчин чармайлт гаргаж буйг дэлхий дахинд  баттай харуулсан үйл явдал боллоо. 

Мөн Монгол улсын Их Хурлын даргын урилгаар Хойд Солонгосын Ардын Дээд хурлын дарга бас манайд айлчилсан нь хоёр орны ойлголцлыг нэг төвшинд ахиулсан алхам болж байгаа юм.

Хойд Солонгосыг дэлхий дахин коммунист, хаалттай орон гэсэн ганцхан өнцгөөс хардаг. Хойд Солонгосын арми л гэхэд Монгол Улсын хүн амын бараг тал буюу нэг сая 200 мянган байнгын цэрэгтэй, дэлхийд цэрэг армийн хүчин чадлаар эхний тавд жагсдаг улс. Явган цэргийн бүх төрлийн буу зэвсэгнээс авахуулаад танк, их буу, байлдааны усан онгоц, сум, дарь гээд бүхнийг дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн хэдэн жил холын зайн тусгалтай баллистик пуужин туршиж бүс нутгийн орнуудыг сандаргаад авсан. Шинэ залуу удирдагч нь сансрын уудмыг эзэмших зорилт тавин сансарт орон зайд хиймэл дагуул хөөргөсөн ч бүтэлгүйтсэн. Гэхдээ л залуурт пуужингийн технологи, цэргийн аж үйлдвэр өндөр хөгжсөн орон юм.

1950-1953 онд болсон Солонгосын дайнаас хойш тогтсон Хүйтэн дайны тогтолцоо одоо хүртэл Солонгосын хойг дээр хэвээр байгаа нь бүс нутгийн хамгийн том түгшүүрийн голомт болж байна. Хойд Солонгосын байр байдлаас шалтгаалаад АНУ Хойд Солонгос руу нэлээд хатуу бодлого явуулдгийг хэлэх хэрэгтэй. Мөн бүс нутагт АНУ-ын хамгийн гол хоёр холбоотон нь Өмнөд Солонгос, Япон хоёр юм.

Ийм буланд шахагдсан байдалтай байдаг ч бууж өгдөггүй, гадаад дотоод бодлогод нь үндсэндээ өөрчлөлт шинэчлэл гардаггүй Хойд Солонгостой хэл амаа ололцоод байгаа нь Монголын гадаад бодлогын тодорхой амжилт гэж хэлж болно. Бас энэ  харилцаанд ахиц дэвшил гаргахаар олон жил  хөөцөлдсөн, бараг автор нь гэж хэлж болох Баабар гуайг ч бас дурдах ёстой  гэж судлаачийн хувьд үзэж байна.

Дараагийн алхам

Бүс нутагтаа геополитикийн идэвхитэй тоглолт хийх барьц нь Монгол Улсын дипломат мутарт ороод ирлээ. Одоо цаашид яах вэ гэсэн асуулт тулгарч байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй улсын статустай орон. Энэ нь Монгол Улс цөмийн зэвсэг бүтээхгүй, үйлдвэрлэхгүй, газар нутгаараа тээвэрлүүлэхгүй гэсэн бодлого. Энэ бодлогын ачаар ардчилсан төртэй болсны дараагаас гадаадад манай нэр хүнд ч их өссөн. Зүүн хойд Азид гадаад бодлогын хэмжээнд ийм бодлого явуулдаг орон манайхаас өөр байхгүй. Төрийн бус байгууллагууд бол бий.

Манай явуулдаг бодлогоос эсрэгээр Хойд Солонгос цөмийн хөтөлбөртэй. Уран баяжуулах нэг ёсны үйлдвэр, аж ахуйн газартай. Байсхийгээд Олон улсын Цөмийн Агентлагийн газар МАГАТЭ-тэй хэрүүл хэлцээн хийгээд байдаг. Асуудал нь юундаа байна вэ гэхээр өмнө дурдсан, хэд хэд туршсан дунд тусгалын, цаашлаад холын тусгалтай баллистик пуужингийн хошуунд цөмийн баяжмалаасаа хийгээд технологийн  нарийн асуудлыг шийдчихвэл цөмийн зэвсэгтэй болчихно гэсэн үг. Хамгийн гол нь цөмийн зэвсэг бол нэг ёсондоо сүрдүүлгийн, хүчний бодлогын хамгийн том хэрэглүүр. Яг үүнээс л бүс нутгийн орнууд санаа зовж байгаа юм. Мэдээж хэрэг хамгийн их түгшиж байгаа нь Өмнөд Солонгос, Япон хоёр.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохоор дипломат яриа хэлэлцээг “Зургаан талт уулзалт” гээд байгаа бөгөөд БНХАУ өөрийн нийслэлдээ 2003 оноос хойш 6 удаа зохион байгуулсан ч томоохон нааштай үр дүнд хүрсэнгүй. Мэдээж Хойд Солонгостой яриа хэлэлцээнд орж буй бусад таван орон болох АНУ, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ–ын зүгээс Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, ялангуяа цөмийн зэвсэгийн асуудал, Солонгосын хойгт энх тайвны тогтолцоо, дэг журмыг тогтоох чиглэлд зүйл бүрийн санал санаачлага, дэмжин тэтгэхээс өгсүүлээд хааж боох хүртэл бодлого явуулсан ч өнөөдрийн байдлаар нэг л хүрээндээ эргэлдсээр ахиц тааруухан л байна.

Судлаачийн хувьд, Монгол Улс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө сайн дураараа татгалзан, Монгол Улсын сонгосон “Цөмийн зэвсэггүй байх” гэсэн хувилбарын давуу талуудыг ятган сэнхрүүлэх чиглэлээр дипломат амжилт гаргаж чадвал бүс нутагтаа улам өндөр нэр хүндтэй болж чадна, түүгээр ч зогсохгүй төрийн тэргүүн маань “Дэлхийн Энх тайвны Нобелийн Шагнал” өлхөн авч чадна гэж бодном.

Учир нь БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүн Хойд Солонгос руу хандсан “Нарны илч”-ын бодлого явуулж, Хойд Солонгост БНСУ-ын тэргүүнүүдээс анх удаа түүхэн айлчлал хийн “Энх тайван, Эвлэрэлийн зарчимыг дэвшүүлсэн” хэмээн 2000 онд түүнд Нобелийн Энх тайвны шагналыг гардуулсан юм. Дашрамд дурдахад Ким Дэ Жүн ерөнхийлөгч Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдээс 1999 онд Монголд анх удаа төрийн айлчлал хийн, хоёр орны харилцааг “Харилцан нөхсөн хамтын ажиллагаа” гэсэн түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байсан билээ.

Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж