“Салбарын хууль тогтоомжийн уялдааг сайжруулахад анхаарлаа”

Хуучирсан мэдээ: 2012.11.29-нд нийтлэгдсэн

“Салбарын хууль тогтоомжийн уялдааг сайжруулахад анхаарлаа”

Хөдөлмөрийн яамны ТЗУГ-ын дарга Г.Сувдаатай ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног тохиож байна. Энэхүү богино хугацаанд Хөдөлмөрийн яамнаас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв? Ер нь яамны зүгээс ямар асуудалд анхаарлаа хандуулж ажилласан бэ?

-Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн асуудлыг онцгойлон авч үзэж, Хөдөлмөрийн яамыг шинээр зохион байгуулсан. Улмаар Хөдөлмөрийн сайдыг томилж эрхлэх асуудлын хүрээнд нь хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдэж байгаа үйл ажиллагааг болон бүтэц зохион байгуулалтыг нэгтгэн төвлөрүүлсэн байгаа. Гол зорилго бол иргэдээ ажилтай, орлоготой болгох асуудал. Үүнд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх, бүтцийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ хүртэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжлийн өндөр түвшний судалгаа, дүн шинжилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангах чиг үүрэг бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт, аймаг, дүүрэгт хөдөлмөрийн хэлтсүүдийг байгуулж, асуудлыг шийдвэрлээд байна. Бас нэг чухал ажил байсан нь Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

-Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны сүүлийн үеийн дүнг танилцуулж болох уу?

-Бололгүй яахав. Сүүлд хийсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо аравдугаар сарын байдлаар 40.1 мянга болж өмнөх сараас 4.0 мянган хүнээр буурсан байгаа. Шинээр ажлын байранд орсон иргэдийн тоо аравдугаар сарын байдлаар  35 387 мянгаар нэмэгдэж мөн оны наймдугаар сараас 9000 орчмоор нэмэгдсэн байгаа юм.

-Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар товч танилцуулахгүй юу?

-Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудлыг тус тусад нь бие даасан бүтэцтэй болгосон нь нийгмийн тулгамдсан асуудал болох иргэдийн хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд цаг үеэ олсон зөв шийдвэр болсон нь харагдаж байгаа. Юуны өмнө иргэдийг ажлын байраар хангах дэд бүтцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн төв бирж, аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 21 аймагт ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний бүртгэл мэдээллийн электрон киоск буюу е-бирж ажиллуулж эхэллээ. Энэ бол орчин үеийн шаардлага, стандардат нийцсэн чухал ажил боллоо. Цаашид бүх сумдад суурилуулна. Ингэснээр алс баруун хязгаар Ховдын Булган, зүүн хязгаар Дорнодын Халхгол сумын иргэн хэн ч бай оршин суугаа газраасаа онлайнаар өөрт тохирох ажлын байрыг олж авах боломжтой боллоо гэсэн үг юм. Мөн салбарын хууль тогтоомжийг шинэчлэх чиглэлээр гадаад орнуудад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, монгол улсад хөдөлмөрлөхөөр ирж байгаа гадаадын иргэдэд тавигдах эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн шалгуурыг өндөржүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа монгол иргэдийн хөдөлмөрийн харилцааны тэгш нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Мөн хариуцлагыг чангатгах чиглэлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудыг шинэчлэн найруулахаар, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд зээл олгох шалгуур, ангилалыг тодорхой болгох зэргээр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ бүхэнд цаг алдаж болохгүй учраас яамны бүтэц шуурхай, нягт ажиллах байгаа.

-Өнөөдөр ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа. Ажлын байрыг хэрхэн бодитойгоор нэмэгдүүлэх вэ?
     
-Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний дунд хугацааны хөтөлбөр болох “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Эзэнтэй Монгол”, “Хувиараа болон нөхөрлөл хоршоо эрхлэгчдийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих”, “Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих”, “Хөдөлмөрт бэлтгэх”, “Хөдөлмөр эрхлэлтийн сургалт”-ын гэсэн долоон дэд хөтөлбөр боловсруулсан. Цаашлаад аймаг, дүүрэг, сум, баг, хороо бүр өөрийн онцлогт тохирсон ажлын байр бий болгох дэд хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах болно. Салбарын ажилтнуудын ажлын үр дүнг цаасан тайлангаар биш бодитой, нүдэнд харагдаж, гарт баригдсан ажлын байрны тоогоор хэмжих шаардлага тавьж ажилдаа ороод байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийг тэлэхийн тулд аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээлийн хүү, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг арга хэрэгслээр дэмжих, хөрөнгө оруулалтыг ажилгүйдэл ихтэй, алслагдсан бүс нутагт  нэмэгдүүлэх, орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ажилгүйдлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

-Бас нэг анхаарах асуудал байгаа нь үйлдвэрлэлийн осол нь ялангуяа уул уурхай, барилгын салбарт их гарах боллоо. Ослын шалтгаан, нөхцөл гол нь юунд байна, салбарын яам энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол өндөртэй салбарууд давамгайлах чиг хандлагатай хөгжиж байна. Ослын шалтгаан нь ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй, хууль тогтоомжид заасан шаардлагыг биелүүлэхгүй, энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байгаатай холбоотой гэж дүгнэж байгаа. Түүнчлэн Засгийн газрын “11-11” төвд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дотор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, ажил олгогч байгууллагууд холбогдох хууль, дүрэм журам стандартыг мөрдөх, хөдөлмөр эрхлэгчдийн энэ талын мэдлэг боловсрол, хөдөлмөрийн сахилга батыг эрс дээшлүүлэх асуудлуудыг их хөндөж байна. Яамны зүгээс өнгөрсөн хугацаанд хууль хэрэгжүүлэгч байгууллага, ажилтан, ажил олгогчийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, салбар хороодыг байгуулж ажиллаа. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн энэ ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” номыг Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр, ШУТИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтран хэвлүүлж Засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн босгон дээр бүх байгууллага, инженер, техникийн ажилтан, оюутан залуучууд, ажил эрхлэгчдэд хүргэсэн. Энэ мэтээр шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн яамны ажил цаг минутаар ургашилж байна. Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног гэхэд бид томоохон, чухал ажлуудын ард гарсан, нийгэмд үр дүнгээ өгсөн байна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж