
Монголын мэргэн буучид олимпийн эрхийн төлөө өчигдөр Өмнөд Солонгосыг зорилоо. Өнгөрсөн сард Австралийн Сидней хотноо олимпийн эрх олгох “Дэлхийн цом”-д онч мэргэнээ сорьсон ч хүссэн амжилтаа гаргаж чадаагүй тэд Өмнөд Солонгосын Чанвон хотноо энэ сарын 7-15-ны өдөр болох “Дэлхийн цом”-ын ээлжит цувралд оролцохоор эх орноосоо мордсон нь энэ юм. Чанвоны тэмцээнд дэлхийн 58 орны 500 орчим мэргэн бууч өрсөлдөнө. Монголын баг тамирчдын тухайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт, ОУХМ Ц.Мөнхзул, Ч.Нарантуяа, Т.Баярцэцэг, Н.Ганчимэг, З.Батхуяг, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Д.Ганзориг, Б.Бишрэл, Н.Баяраа, Э.Даваахүү нарын 12 тамирчин дасгалжуулагч Л.Ундралбат, С.Алтанцэцэг, С.Адилбиш нарын удирдлага дор өрсөлдөх ажээ.
Чанвоны “Дэлхийн цом”-ын тэмцээн 9-ний бямба гаригт эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 50 метрийн спорт гар бууны дасгалаар эхэлнэ. Монголын баг тамирчдаас энэ өдөр 10 метрийн хийн урт бууны төрөлд Б.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нар, харин 50 метрийн спорт гар бууны төрөлд Э.Даваахүү онч мэргэнээ сорих юм.
С.Цэлмэг