хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй салбарын өвөлжилттэй холбогдуулан 21
аймагтай цахим хурал хийсэн талаар бид мэдээлсэн. Хурлын талаар
дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Орон нутгаас өгсөн
мэдээллээр хэд, хэдэн аймагт өвөлжилт хүндрээд байна. Тухайлбал,
Говь-Алтай аймгийн газар нутгийн 80 гаруй хувь цасанд дарагджээ. Шөнөдөө
орсон цас нь өдөртөө хайлмагтаж мөстлөг үүсгэж байгаа нь мал бэлчээрлэх
боломжгүй болгож буй аж. Аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр
2.3 сая толгой мал өвөлжинө. Үүнээс 4000 гаруй толгой мал нь отрын бүс
нутагт өвөлжинө.
Аймгийн хэмжээнд цас их орж буй нь зам даваа
байсхийгээд хаагдахад хүрч байгаа аж. Одоогоор гурван ч сумын томоохон
зам, даваа хаагджээ. Зам давааг нээхэд нэг удаадаа 5-6 сая төгрөг
зарцуулдаг. Цаашид зам даваа нээхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг
улсаас шийдэж өгөхгүй бол аймаг дангаараа дийлэхгүй болж байгаа. Үүнд он
дуустал 60 орчим сая төгрөг шаардлагатай болж буйг тус аймгийнхан
мэдэгдлээ. Мөн өвс, тэжээлийг хадгалах агуулах барих шаардлагатай. Энэ
асуудлыг холбогдох газруудад удаа дараа тавьж ирсэн ч өнөө хэр нь хариу
өгөхгүй байгаа тухай гомдол мэдүүллээ.
Аймгийн хэмжээнд нэгэнтээ
өвөлжилт хүндэрч эхэлсэн тул малчдыг малаа тарга тэвээрэгтэй байгаа үед
нь нядалж махны нөөц бүрдүүлэхэд анхаарахыг хүссэний зэрэгцээ онд
оруулах малаа угтуулан тэжээж эхлэхийг зөвлөсөн байна.
Өмнөговь
аймгийн хувьд найман суманд цасан бүрхүүл тогтсон. Таван суманд өвөлжилт
хүндэрч болзошгүй болсон. Урьд шөнө зарим сумдад 28 секунд хүртэл
цасаар шуурснаас Манлай сумын малчин н.Батжаргалын 300 гаруй толгой мал
уруудан алга болжээ. Аймгаас эрлийн баг гарган хайх ажиллагаа явуулж
байгаа ч мал олдоогүй тухай мэдэгдэв. Ер нь цаашид цас орсоор байвал
өвөлжилт хүндэрнэ. Тиймээс одооноос эхлэн урьд жилийн улсын нөөц дэх өвс
тэжээлийн үнийг бууруулж, малчдад худалдах арга хэмжээг авах шаардлага
гарч ирж буйг тус аймгийнхан яамныханд санууллаа. Өвс тэжээлийн үнийг
бууруулах хүсэлтийг Дундговь аймгаас ч тавьж байна. Тус аймгийн хэмжээнд
өнөөдрийн байдлаар урьд жилийн нэг боодол өвс 4400-4600 төгрөгийн
үнэтэй аж. Үнийг нь буулгачихвал малчид худалдаад авах боломжтой, нөгөө
талаас фондыг шинэ өвс тэжээлээр хангах шаардлагатай. Тийм учраас энэ
ажлыг цаг алдалгүй зохион байгуулах талд яамнаас шийдвэр гаргаж өгөх
хүсэлт тавив.
Баянхонгор аймгийн хувьд бусадтай харьцуулахад
өвөлжилт гайгүй байгаа. Уулархаг нутгаараа 90 хүртэл см зузаан цас
тогтсон нь тэгж ч их тайвшраад сууж болохгүйг сануулж байгаа. Тиймээс
цаг алдалгүй зарим ажлыг хийх шаардлагатай болж буйг дуулгалаа.
Тухайлбал, Улсын Онцгой комиссын зүгээс ирэх арванхоёрдугаар сарын 10-н
хүртэл улсын нөөц дэх өвс тэжээлийг хөдөлгөж болохгүй гэсэн бодлого
барьж буй нь цаг алдах аюултайг сануулав. Учир нь зам даваа хаагдаагүй,
цаг агаар гайгүй байгаа үед улсын нөөц дэх өвсийг сумд руу татаж,
малчдад худалдах ажлыг одооноос зохион байгуулахгүй бол цаг нь тулж цаг
агаар хүндэрсэн үед эл ажлыг хийх нь хугацаа алдсан хэрэг болно. Дээр нь
зардал ихээр гарна. Тиймээс эл шийдвэрээ цуцлахыг хүслээ.
Ховд
аймгийн хувьд 17 сумын 91 багт хонин толгойд шилжүүлснээр 2.1 толгой сая
мал өвөлжинө. Цас нэлээд тогтсон нь бэлчээрт хүндрэл учруулах төлөвтэй
байгаа. Одоогоор Чандмань, Дуут, Мөст, Мөнххайрхан зэрэг сумдад
бэлчээрийн даац хэтэрсэн, цас нэмж орвол байдал бишдэнэ. Ойрын хугацаанд
яаралтай авах арга хэмжээний нэг нь шатахууны нөөц бүрдүүлэх
шаардлагатай. Цас их хэмжээгээр орж болзошгүй үед шатахуун тослох
материалынхаа нөөцийг бүрдүүлэхгүй бол сандаргаж мэдэхээр байгаа аж.
Хэсэг хугацаанд аймгийн хэмжээнд дизель түлш тасалдсан, тиймээс дахин
ийм аюултай байдалд орохгүй тулд шатахууны нөөцөд анхаарал хандуулах
шаардлагатай болжээ.
Хөвсгөл аймагт өвөлжилт гайгүй байна, гол
нь Шинэ-Идэр, Цагаан-уул, Цагаан-Үүр сумдад өвс тэжээл байршуулах
шаардлагатай. Зам даваа хаагдсан үед энэ ажлыг зохион байгуулна гэвэл
амжихгүй, тиймээс цаг алдалгүй эл асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт
тавилаа. Мөн Эрдэнэбулган, Тариалан сумдад бэлтгэгдсэн өвс тэжээлийг
улсын нөөцөд худалдан авах хэрэгцээ гарч байгаа гэнэ.
Завхан
аймгийн хувьд нийт газар нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон.
Аймгийн хэмжээнд 7400 малчин өрхийн 2.4 сая толгой мал өвөлжинө. Өвс
тэжээл дутагдаж болзошгүй байгаа, ямар ч байсан аймаг дахь өвсийг сумд
руу хүргэх зэргээр зах зухаас нь ажил эхлээд байгааг дуулгав.
Архангай
аймгийн хувьд өндөрлөг бүсэд оршдог нь цас ихээр орж зам даваа хаагдсан
үед өндөр хүчин чадлын техник хэрэгсэл ашиглан нээх шаардлагатай болдог
байна. Гэсэн ч ийм техник хэрэгсэл нь байхгүй тул Зил-130 машинаа
ашигладаг, харин түүнийх нь хүчин чадал хүрэхгүйгээс зарим бэрхшээл
тулгарч буй тухай аймгийнхан хөндлөө. Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт
гайгүй байгаа, гэхдээ Хотонт, Жаргалант, Булган, зэрэг сумдад өвөлжилт
хүндэрч болзошгүй аж.
Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч
болзошгүй болжээ. Аймгийн хэмжээнд 30 гаруй удаа цас орсон, үүнээс
сүүлийн зургаан удаагийн цас малчдын төдийгүй тээвэр хийж яваа иргэдэд
бэрхшээл учруулах болсон тухай аймгийн удирдлагууд мэдэгдлээ.
Одоогоор
нийт 11 сум хүнд нөхцөлд өвөлжиж байгаа гэнэ. Цасны зузаан зарим газарт
60-80 см тогтсон. Зуншлага сайн байсан нь малчид өвс тэжээлээ ахиу
бэлтгэж авсан ч мал бэлчээрлэх боломжгүй байгаагаас малчид бэлтгэсэн
өвс, тэжээлээ өгөөд үндсэндээ дуусах шатандаа оржээ. Сумдад байршуулсан
өвс, тэжээл ч дуусах төлөвтэй болсон. Гэтэл өвөл дөнгөж эхэлж байдаг,
цаашлаад хаврын урт өдрүүд залгана, тиймээс малаа турж эцээгүй тарга
тэвээрэгтэй байгаа үед нь төхөөрч нөөцлөх үүргийг аймгаас өгчээ.
Увс
аймгийн хувьд нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон, хунгарласан
хэсэгтээ цасны зузаан 1.60 метрт хүрч байгаа. Улсын тусгай хамгаалалттай
нутаг дэвсгэрт 100 мянган толгой мал, хилийн зурвас бүсэд 660 мянган
толгой мал өвөлжих шаардлагатай, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх.
Цас ихтэй байгаа нь зам даваагаар явах боломжгүй болгож байгаа, зам
давааг нээхэд 100 гаруй сая төгрөг зарцуулсан. Тиймээс өвөлжилт
үндсэндээ хүндэрч болзошгүй аймагт тооцогдож байна.
Дээрх
мэдээллийг сонссоны дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан
дараах даалгаврыг аймгуудад өглөө. Нэгд, өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө
дутуу бүрдүүлсэн аймгуудын удирдлагад хандаж зах зээлд борлуулах өвс
тэжээлтэй байгаа Сэлэнгэ, Булган, Төв аймгуудтай гэрээ байгуулан өвс,
тэжээлийн бэлэн байдлыг хангах.
Зам даваа хаагдахаас өмнө
шаардлагатай газруудад өвс, тэжээлээ байршуулах, малчдаас хүнсний
хэрэгцээнд нийлүүлэх мал, махыг нэгдсэн зохион байгуулалттайгаар
бэлтгэх. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол цагт
хүлээн авч, хүчтэй салхи, цасан шуурга болж болзошгүй үед малчид, ард
иргэдэд урьдчилан мэдээллийг сайн цацах. Отроор яваа малчдад нийгэм,
эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй үзүүлэхэд анхаарах. Цас ихтэй
газруудаас өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг
яаралтай гаргах. Зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлж шаардлагатай
машин техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн
нэг зүйлийг онцлон захисан нь байгаль цаг уурын хүндрэлийг эдийн
засгийн хохирол багатай даван туулах арга нь малаа зах зээлд борлуулах
явдал гэдгийг малчдад ойлгуулж малаа тарга тэвээрэгтэй байгаа үед нь
төхөөрч, төв суурин газарт хүргэх ажлыг зохион байгуулах нь хойшлуулшгүй
арга хэмжээ болохыг сануулсан юм. Дашрамд тэмдэглэхэд, 2009-2010 оны
өвөл Монгол Улсын хэмжээнд 10 гаруй аймагт цаг агаар хүндэрч зудын
байдалд шилжсэнээс 10.3 сая толгой мал зүй бусаар хорогдож 570 тэрбум
төгрөгийн хохирол амссан гашуун сургамж байдаг аж. Тухайн үеийн Засгийн
газраас энэхүү хохирлыг даван туулахын тулд 9.8 тэрбум, гадаадын орон,
олон улсын байгууллагаас 12.3 тэрбум, гадаад дотоодын хандиваар 27.1
тэрбум нийт 49.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулж байжээ.