Монгол Улсын эрчим хүчний салбарын нийт хамт олон, энэ салбарын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай хамт олон Монгол Улсынхаа гал голомт, хөгжлийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, байнгын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй хангах, эрчим хүчний салбарын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, санхүү, эдийн засгийн чадавхи, үнэ тарифын аргачлалыг боловсронгуй болгон сайжруулж үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эрчим хүчний системд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Ухаа худагийн 18 мВт-ын станц, Салхитийн 50 мВт-ын салхин парк зэрэг томоохон бүтээн байгуулалтууд бодитой ажил болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Эрчим хүчний салбарын 90 жилийн ойн босгон дээр 100 мянган нарны гэр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын 330 гаруй сумыг төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбоод байгаа юм.
Цаашид тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангах үүднээс Улаанбаатар хотод цахилгаан дулааны тав дахь эх үүсвэр барих ажлыг эхлүүлж, Багануурын уурхайг түшиглэн томоохон чадлын эрчим хүчний эх үүсвэр барих, уул уурхайн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн чиглэлд өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, сэргээгдэх эрчим хүчний томоохон хүчин чадлын эх үүсвэр бий болгох зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн чөлөөт зах зээлд оруулж, үр ашигтай ажиллуулах, хувьчлах бодлогыг цаашид хэрэгжүүлэх бөгөөд хувьчлалд салбарын ажиллагсдыг давуу эрхтэй оролцуулах нөхцлийг бий болгохоор ажиллаж байна.
Эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж байгаа эрчим хүчний салбарын нийт хамт олон, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэд, ахмад ажилтнууд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САЙД
М.СОНОМПИЛ