Аймгууд тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Аймгууд тусламж хүслээ

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй салбарын өвөлжилттэй холбогдуулан 21 аймагтай цахим хурал хийлээ.

Одоогийн
байдлаар хэд, хэдэн аймагт өвөлжилт хүндэрчээ. Тухайлбал, Говь-Алтай
аймгийн газар нутгийн 80 гаруй хувь цастай, шөнөдөө орсон цас нь өдөртөө
хайлмагтаж мөстлөг үүсгэж байгаа нь мал бэлчээрлэх боломжгүй болгож буй
аж. Нөгөө талаар зам даваа байсхийгээд хаагдаж байгаа. Одоогоор гурван ч
сумын зам даваа хаагдсан, зам давааг нээхэд нэг удаадаа 5-6 сая төгрөг
зарцуулдаг. Цаашдаа зам даваа нээхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг
улсаас шийдэж өгөхгүй бол аймаг дангаараа дийлэхгүй болж байгаа тухай
тус аймгаас мэдэгдлээ.

Өвөлжилт үндсэндээ аймгийн хэмжээнд бүх
сумдад хүндрэлтэй болж байгаа тул малчдыг одооноос эхлэн малаа угтуулан
тэжээж эхлэхийг зөвлөсөн байна. Мөн малаа тарга тэвээрэгтэй дээр нь
нядалж махны нөөц бүрдүүлэхийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас
малчдад анхааруулжээ. 

Өмнөговь аймгийн хувьд найман суманд
цасан бүрхүүл тогтсон. Таван суманд өвөлжилт хүндэрч болзошгүй болсон.
Урьд шөнө цасаар шуурснаас Манлай сумын малчин н.Батжаргалын 300 гаруй
толгой мал уруудан алга болжээ. Аймгаас эрлийн баг гарган хайх ажиллагаа
явуулж байгаа ч мал олдоогүй тухай мэдэгдэв. Ер нь цаашид цас их
хэмжээгээр орвол өвөлжилт хүндэрнэ. Тиймээс одооноос эхлэн урьд жилийн
улсын нөөц дэх өвс тэжээлийн үнийг бууруулж, малчдад худалдах арга
хэмжээг авах шаардлага гарч ирж буйг тус аймгийнхан яамныханд санууллаа.
Өмнөговь аймагт одоо нэг боодол өвс 4400-4600 төгрөгийн үнэтэй аж, энэ
нь өнгөрсөн онд нөөцөлсөн өвсний үнэ. Үнийг нь буулгачихвал малчид
худалдаад авах боломжтой, нөгөө талаас фондыг шинэ өвс тэжээлээр хангах
шаардлагатай байгаа. Тийм учраас энэ ажлыг цаг алдалгүй зохион байгуулах
талд яамнаас шийдвэр гаргаж өгөхийг хүслээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж