Залуус архи, тамхинаас татгалзахаар нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Залуус архи, тамхинаас татгалзахаар нэгдлээ

Сүхбаатарын талбай өчигдөр хөл ихтэй өнжлөө. Сүхбаатрын талбайн эхний зочид их, дээд сургуулийн оюутнууд байлаа. Өглөөний 11.00 цагаас эхлэн залуус хөгжим, дуу хангинуулан зөрж өнгөрсөн хэн нэгний ч анхаарал татахуйц байв. Хэдийгээр жагсаал цагтаа эхлээгүй ч талбайд чамлахааргүй олон хүн цугласан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын   “Нэгдэх үү” цуглаанд оролцогчид “Ирээдүйгээ хорт зуршлаас аврая” уриан дор нэгдэж Засгийн газар болон УИХ-д шаардах бичиг өргөн барилаа. Цугларсан оюутнуудын төлөөлөл буюу МҮДС-ийн  I курсийн оюутан С.Гэндэнгончиг “Энэ арга хэмжээний утга агуулга, зорилгод санал нэгдэж байгаа учраас сургуулиасаа бүгд уриа лоозон барьж алхаж ирлээ. Үнэхээр оюутнууд архи, тамхины эсрэг хамтдаа нэгдэж чадаж байгаа гэдэг нь энд цугларсан хүмүүсээс харж болно” гэв. “Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй учраас бааранд үйлчлүүлж байгаа хүмүүс нь “залуус” гэж байнга ярьдаг. Тиймээс архи үйлдвэрлэж, зарж, борлуулдаг газрыг багасгаж, оронд нь чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх газрыг нь бий болгоод өгвөл баар, паб нь аяндаа багасна” гэж залуус ярьж байлаа.

Засгийн газарт хүргүүлж буй шаардах бичгийн хариуг энэ сарын 15-нд авах бөгөөд ямар нэг хариу өгөхгүй бол тэмцлийн өөр олон сонголт байгаа гэж оюутнууд онцлов. МОХ нэгдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд архи, тамхины эсрэг аяныг зохион байгуулж байгаа. Тэд өчигдөр өөрсдийн хүсэлтээр “Баасан гаригийг архигүй”, “Лхагва гаригийг тамхинаас гарах” өдөр болгон тэмдэглэхээр дуу хоолойгоо нэгтгэв.  Энэ жагсаалд оюутнуудаас гадна их, дээд сургуулийн багш нар, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов. ШУТИС-ийн багш Б.Төгсжаргал  “Оюутнууд архи, тамхины хор уршиг, архины эсрэг нэгдэж байгаад баяртай байна. Оюутнууд дуу хоолойгоо нэгтгэж байгаа энэ цаг үед бид ч гэсэн өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй. Тиймээс манай сургуулийн багш нарын төлөөлөл энд оюутнуудтайгаа хамт жагсч байна. Оюутнуудын маань санаачилсан энэ бүхэн үр дүнтэй байх болно гэдэгт итгэж байна” гэв.

Монголын оюутны холбооноос таван мянга гаруй хүмүүсийн дунд судалгаа явуулахад “долоо хоногийн баасан гариг болон гуравдахь өдөр ихэвчилэн архи хэрэглэдэг. Мөн тэмдэглэлт баяраар архи хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Үүний дагуу  МОХ-оос  “Хорт зуршлаас ирээдүйгээ аврахад залуус бид дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Бид шаардлагад архи согтууруулах ундааг худалдаалах, үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоох. Долоо хоногийн баасан гариг бүрийг архигүй,  лхагва гаригийг тамхигүй өдөр болгон тэмдэглэхийг уриаллаа.  Мөн өсвөр, залуу үеийг ман­суурлаас сэргийлэх “Ухаарахуй” ТББ-ын тэргүүн эмч Н.Донров “Сонинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд санал асуулга явуулсан. 2000 гаруй сурагчдын 50 хувь нь архи, тамхи хэрэглэж бас сонирхож байсан” гэж байв. Энэ нь өсвөр үе залуучуудын төдийгүй Монгол улсын хэмжээнд  архи, тамхи үндэсний аюулгүй байдлын хэмжээнд байгаа. Оюутнууд зөв цагт зөв нэгдэж  чадаж байна. Би ч бас үүнтэй санал нэгдэх гэж энд ирсэн. Одоо ямар нэг арга хэмжээ авах цаг болсон гэдгийг энд цугласан залуус харуулж байна” гэв.

Оюутнууд архины шилний хэлбэртэй томоос том хуванцарыг шатааж, Төрийн ордныг нар зөв гурав тойрлоо. “Сүхбаатарын талбайд ойролцоогоор 11 мянга гаруй оюутан цугласан байна. Энэ олон оюутан бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь бидний санаачилсан ажил үр дүнд хүрэх байх гэсэн итгэл өгч байна. Бидний хүргүүлсэн шаардлагын хариуг хугацаанд нь өгч, шаардлагад дурьдсан зүйлсийг биелүүлнэ гэж итгэж байна. Монгол Улсаас өөр хаана ч спиртийг устай найруулж хүнсэндээ хэрэглэдэг орон байхгүй. Архи, тамхины үйлдвэрлэлийг зогсоохыг шаардаж байгаа. Хэрэв Засгийн газар чадахгүй бол бид өөрсдөө тэмцэнэ” гэж МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл хэлж байсан юм. Жагсаж буй оюутнууд архи, тамхины үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй гэхэд согтууруулах шинжийг 29 хувь хүртэл бууруулах,  сурталчилахыг  хуулиар хориглох зэргийг шаардсан. Мөн хамгийн том зүйл бол бидний өвөг дээдэс болон агуу Чингисийн нэрийг “Морьтой, морьгүй, хар шар” гэж нэрлэж байгааг таслан зогсоох, тэмдэглэлт баяруудыг архигүй тэмдэглэх зэрэг архитай холбоотой асуудлыг багтаасан шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд гардуулсанаар жагсаал өндөрлөв. Энэ удаагийн жагсаал төлбөр, тэтгэлэг бус харин нийгмийн эрүүл мэнд, өөрсдийнх нь төлөө залуусийн маань нэгдэж байгаа нь сайшаалтай хэрэг харин үр дүн нь ямар байхыг төр түшсэн эрхмүүдийн шийдэх асуудал үлдлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж