Цагдаагийн экс удирдлагуудыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс удирдлагуудыг шүүнэ

2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг  өнөөдөр Улсын дээд шүүхэд шүүнэ. 

Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон бол цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан юм.

Давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнгөрсөн сарын есдүгээр сарын 21-нд  хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг нар ажиллаж байгаа.

Дашрамд дурьдахад, хошууч генерал Ч.Амарболд өдгөө хуучнаар Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид шилжээд нэг сар гаруй болж байгаа бол хурандаа Ш.Батсүх Амгалан дахь хориход ял эдэлж байгаа. Харин хурандаа О.Зоригт Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж