Цагийн хязгаарыг цааш нь түлхэе

Хуучирсан мэдээ: 2012.11.28-нд нийтлэгдсэн

Цагийн хязгаарыг цааш нь түлхэе

Архидан согтууралт, залуусын задгай байдал, олон нийтийн аюулгүй байдал. Энэ бүхний гол буруутан нь баар, ресторанууд. Гэхдээ энэ тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтнууд гаргасан юм шүү. Чухамдаа эд л цаг хэтрүүлэн ажиллаж байгаа болохоор залуусыг муу, муухай зүйлд уриалан дуудаж байна гээд нийгмийн “дайсан”-аар тодорхойлсныг энд иш татав. Тэгээд үүнийг засах нэгэн ”мэргэн” аргыг бодож олсон нь цагаар хязгаарлах явдал. Шөнийн 00:00 цагаас хойш баар, рестораныг ажиллуулахгүй байвал “арван цагаан буяныхаа замаар орно” гэж тэд үзсэн. Гэхдээ бодит байдал ямар байна вэ?

Үнийн хөөрөгдөл бий болсон. Бодоод үзье. Цагаа хэтрүүлж байгаа баар, ресторанууд шалгагчдыг бага зэрэг “молигдчихоод” такс болоод доторх бүтээгдэхүүнийхээ үнийг 1500-2000 төгрөгөөр нэмсэн. Тэртээ тэргүй эрэлт нь байгаа болохоор нийлүүлэлт байж л таараа. Гэхдээ цагийн хязгаарлалттай нөхцөлд ажиллаж байгаа болохоор үнээ нэмэх нь тодорхой. Дээрээс нь таньдаг “ах” нарын гарыг хүндрүүлэх хэрэг гарна. Зарим нэг  баарууд цагаа хэтрүүлэн ажилладаг хэрнээ өнөө хэр нь хаалга, үүдээ барихгүй байгаагийн гол нууц нь ердөө л энэ. Мэргэжлийн хяналтын болоод цагдаагийн хэсэг бүлэг хүмүүсийг таньдаг, тэр холбоо сүлбээгээрээ аж ахуйгаа залгуулах шинэ төрлийн тогтолцоо цагийн хязгаарлалттай хамт иржээ.

Маш энгийнээр хэлэхэд хэсэг бүлэг баар, рестораныг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий хүмүүс нь амар, хялбархан аргаар мөнгө олохын тулд тусгай зөвшөөрөлтэй нь ярьдаг болсон гэсэн үг. Хэрвээ тэдэн төгрөг өгвөл хаалгыг чинь барихгүй гэдэг их сайхан “бизнес”-ийн санал байдаг учраас тэд ажиллаж байгаа хэрэг. Яагаад  шөнийн 12.00 цаг болчихоод байхад зарим нэг баар, караоке ажиллаад байна вэ, гэдгийг захаас аваад хэн хүнгүй мэднэ. Эрх мэдэл бүхий нэгэн эрхэм үүнийг “атгадаг” болохоор дархан эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин танил талгүй ч эрх мэдэлтнийг хүндрүүлэхгүй бол энгийн иргэдийн түрээслэсэн баар ресторан дампуурдаг нь нэгэнт тодорхой болсон.

Гэвч баар ресторан, дэлгүүрүүдийг цагийн хязгаарлалттай болгосон ч эрүүлжүүлэгчдийн тоо буурсангүй, бүр өссөн үзүүлэлт гарчээ. Дунджаар 15-20 хувиар өссөн үзүүлэлт цагаан дээр хараар дурайж байна. Гэхдээ эрүүлжүүлэгчдэд морилогчдын насны хэмжээ ч буурсангүй. 13-18 насныхан голдуу үйлчлүүлдэг болсоор уджээ.

Энэ мэтчилэн сайн гэхээсээ саар зүйл олон. Хэдийгээр цаг хэтрүүлэхийг хориглосон ч шөнийн 12.00 цагт хаалгаа барьдаг нэг ч баар, ресторан гэж үгүй. Учир нь залуус ихэвчлэн оройн цагаар үйлчлүүлдэг болохоор тэр.

Хэрвээ үүнийг зэрэглэл тогтоогоод хязгаарлах захирамжаар баталсан бол арай өөр дүр зураг ажиглагдах байсан байж болох. Үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан газар нь цаг хэтрүүлэх эрхийг өгөөд, шаардлага хангаагүй газар нь тэдэн цаг хүртэл, ийм хэмжээний бараа зарна гэдгийг тодорхой болгосн бол авлига ч ихсэхгүй, үйлчлүүлэгчид нь үйлчилгээний дадал, соёлд суралцах байлаа. Бүх газрыг цаг хэтрүүлэн ажиллах эрхийг нь дүрэм, журмаар хязгаарласнаар буруу зүйлсүүд улам гаарах болж. Угаасаа ямар нэгэн зүйлийг хориглох тусам далдуур улам цэцэглэдэг гэсэн бичигдээгүй хууль орчин үеийн иргэншсэн нийгэмд мөрдөгддөг номтой.

Үүнийг засах цаг өчнөөн бий. Хамгийн гол нь хэрхэн хаах вэ гэдгийг аж ахуйн эрхэлдэг хүмүүстэй нь зөвлөлдөж баталвал зүйд нийцнэ. Угаасаа энэ шийдвэр буруу байсан гэдгийг өнгөрсөн өдрүүдийн практик бэлхнээ харуулчихлаа шүү дээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж