Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүдийг байгууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдан Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, зарим асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан юм. Гаалийн тухай хуулийн 8 дахь хэсгийн 1-д УИХ улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны болон Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батлахаар заасан байдаг аж. Хуулийн энэ заалтыг үндэслэн лабораторийн зориулалттайгаас бусад бүх төрлийн спиртийг хилээр нэвтрүүлэхийг хориглохоор УИХ-ыг тогтоолоор батлуулж, лабораторийн зориулалттай спиртийн уламжлалын бодисуудыг Засгийн газрын тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулахаар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас энэхүү тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. “Азийн чоно”-ын гэх тодотголтой хэрэг гарснаас хойш УИХ-аас спиртийн экспортыг бүхэлд нь хязгаарласан, энэ нь лабораторийн зориулалттай спиртийг мөн хориглосон нь нэг талдаа эрүүл мэндийн салбарт хүндрэл бий болгожээ. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх УИХ-ын тогтоолын төслийг олонхи гишүүн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Дараа нь тус байнгын хорооны хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд “Хэлэлцэх эсэх” асуудлыг шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шаардлагатай хэмээн үзсэн юм. Энэ нь экспортын нүүрсэнд гаалийн албан татвар ногдуулах тухай агуулгатай аж. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, Б.Болор, С.Ганбаатар нарын гишүүд багтав. Мөн Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж