Нөөцийн махыг бэлтгэж, хадгалах, жижиглэн савлах, худалдаж борлуулах ажлыг Улаанбаатар хотод “Жаст Агро” компани хариуцан гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус компанитай “Нөөцийн махны менежер”-ийн гэрээ байгуулж, хяналт тавин ажиллах юм байна.
Өмнөх жилүүдэд нөөцийн мах бэлтгэгч компаниудад урамшуулал олгодог байсан бол энэ жилээс зөвхөн хөнгөлттэй зээл олгохоор болсны дагуу “Жаст Агро” компанид 87 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгохоор болжээ.
Нөөцийн махны менежерийн сонгон шалгаруулалтаар сонгогдсон “Жаст Агро” компани мах бэлтгэх ажлыг маргаашнаас эхлүүлж, ирэх оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл малчдаас мах худалдан авч, нөөцлөх гэнэ.
“Малчид хамтраад өөрсдөө малаа нядалбал асуудал үүсэхгүй. Манай компани махыг нь баталгаатай худалдаж авна. Баян-Өлгий, Увс, Завхан, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Сухбаатар, Дорнод зэрэг хамгийн их мал нийлүүлдэг аймгуудад 12 цэг ажиллаж байна. Малчид нэг хонь авчирсан ч, 10 хонь ч авчирсан бид авна” гэж “Жаст Агро” компанийн захирал Ш.Батхишиг News.mn-д мэдээллээ.
Нөөцийн махны менежерийн хувьд малчдаас мах худалдан авахдаа одоогийн ханшаар үнэлнэ. Одоо худалдан авч, нөөцөлсөн махаа хавар түгээж эхлэх учраас үнэ огцом өсөхгүй гэж найдаж буй тухай ҮХААЯ-ны зүгээс мэдэгдэв.
Нөөцийн махыг өмнө нь Улаанбаатараас худалдаж аваад, энд нь нөөцөлдөг байсан. Гэтэл алслагдсан аймгуудад малчид малаа борлуулж чаддаггүй. Тиймээс Нөөцийн махны менежерийг сонгон шалгаруулж, нийслэлд тээвэрлэж авчирч чаддаггүй махыг авчраад, нөөцөлж түгээх шинэ хувилбарыг энэ жилээс турших гэж байгаа юм.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын нөөцийн махны менежерийн талаар иргэдийн санал гомдлыг хүлээн авч, мэдээлэл өгөх 88046551, 88046552 утас ажиллуулж эхэлжээ.