Ардчилсан намынхан видео хурал хийв

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан видео хурал хийв

Ардчилсан намаас сар бүр аймгуудын Ардчилсан намынхантай хийдэг видео хурал өнөөдөр болж, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Түүнтэй цуг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Ардчилсан намын нарийн бичгийн дарга нар байлцсан юм.

Дөрөвхөн аймагт Засаг барьж байсан Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар орон даяар ялалт байгуулсанд Н.Алтанхуяг баяр хүргэж, энэ ялалтад олон хүний хөлс урсаж, хүч орсон гэдгийг марталгүй дотоод эв нэгдэлтэй байж, иргэдийнхээ ахуй амьдралд хүрэхүйц ажил хийхийг захив.

Тэрбээр мөн “Ард түмэн та нарыг арай өөр нүдээр харж, Ардчилсан намынхан  хийж чадах юм байна гэж үзээд итгэлээ хүлээлгэсэн. Энэ итгэлийг даах ёстой. Аймгийн удирдлагыг гартаа авахад та бүхнийг эмх замбараагүй, хог новшоо цэвэрлээгүй айл шиг нөхцөл байдал угтана. Эхнээс нь усандаа яваад гэрээ цэвэрлээд эмх цэгцэнд нь оруулдаг шиг аль болох иргэдэд төвөг чирэгдэлгүй, авлигагүй орчин бүрдүүлэхийн төлөө эрч хүчтэй, хурдтай ажиллах ёстой. Эв нэгдэл, зохион байгуулалт, дэг журмыг өөрсдөөрөө үлгэрлэж, багаараа амжилт үзүүлэхийн төлөө ажиллаарай” гэлээ.

 Харин аймгийн Ардчилсан намын удирдлагууд харилцан бие биендээ баяр хүргэж, намын удирдлагуудаас сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж