
Ойн болон усны сав газарт үйл ажиллагаа явуулж буй алтны жижиг компаниудыг хуулийн дагуу цэгцлэх бодлогыг хэрэгжүүлэхээ Засгийн газраас өнгөрсөн онд мэдэгдсэн. 2009 онд УИХ-аас баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу 1700 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүрээд байгаа. Хэл халтирам хэтэрхий урт нэртэй энэхүү хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө хураалгахад хүрээд байгаа алтны компаниуд нэгдэж “Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөнийг байгуулж, УИХ-д санал хүргүүлсэн. Уурхайнхнаас гаргасан саналыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, нааштайгаар шийдвэрлэх байх гэсэн горьдлогыг ч тэд тавьж байгаа юм.
Нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн шалтгаанаар ӨМӨЗО-ны нүүрсний уурхайнууд үүд хаалгаа бариулахад хүрээд байгаа бол Монголын алтны компаниудад ч ийм арга хэмжээ учирч болзошгүй байна. Учир нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр хийдэг нөхөн сэргээлтийн талаарх шалгалтад алтныхан байнга хангалтгүй үнэлгээ авдаг. Эдийн засгийн өгөөж багатай, эрсдэл ихтэй, сөрөг үр дагавар олонтой алтны олон жижиг ордуудыг цэгцлэх хэрэгтэйг байгаль хамгааллын салбарынхан сануулж, уул уурхайнхан лицензээ алдахгүйн тулд уриа лоозон болцгоож, УИХ-ынхан баталсан хуулиа эргэн харахад хүрч буй Монголын нөхцөл байдлыг хятадууд овжин ашиглахаар шийдсэн байж ч болох юм. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газрын зүгээс алтны салбарт хятадуудтай хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийж буй, хийхээр зэхэж байгаа гэх яриа байхгүй хэмээн байр сууриа илэрхийлж байна. Урт нэртэй, ужиг ихтэй хуулиас болж алтныхныг хэрхэн шийдэхээ мэдэхгүй гацчихаад байгаа Засгийн газар хятадуудтай алт олборлоход түншлэхээр гэрээ хэлэлцээр хийсэн тохиолдолд өөрсдийгөө том асуудалд унагах нь тодорхой гэдгийг салбарынхны зүгээс сануулж буй. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй алтны ордуудын тусгай зөвшөөрлийн олонх нь хувийнхны мэдэлд байгаа.
Монголын Засгийн газар хийгээд, алтны салбарынхан ам хэлээ үл ойлголцох болсон нөхцөл байдлын үеэр өмнөд хөршийн зүгээс Монголоос алт олборлох мессежийг яагаад нисгэх болов гэсэн асуулт хариултгүй үлдэж байна.
Монгол Улсын засгийн газрын зүгээс хятадуудтай иймэрхүү яриа хэлэлцээр өрнүүлээгүй гэж байгаа. Тэгвэл тэд алтны ордын лизенз эзэмшиж буй Монголын компаниудтай яриа хэлэлцээр өрнүүлсэн байх магадлал өндөр байна. Үүнийг алтныхан ч өөрсдөө үгүйсгэхгүй байна. Алтны компаниуд тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, наймаалцах асуудалд харьцангуй их орооцолддог гэгддэг. Хуулийн дарамтаас болж тусгай зөвшөөрлөө алдахад хүрээд байгаа алтныхан оргүй хоосон үлдсэнээс гэх бодлын мөрөөр лицензээ хятадуудад худалдахаар шийдсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Алтны компаниудын асуудал хэрхэх нь цэгцрээгүй байхад Монголд хөрөнгө оруулалт хийхээ нэгэнтээ мэдэгдээд байгаа хятадууд хаанахын ордод хэзээ, хэнтэй түншлэхээр болсноо зарлаагүй л байна. Энэ нь Монголын эрхбаригчид болоод алтны компаниудыг түншихээр шийдсэн их гүрний санаа байж ч болох.