Хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

Монгол Улсын Засгийн газраас  2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласнаар яам агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар бүр ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж буй. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Т.Бадамжунай өмнө нь салбарынхаа хүрээнд 25-30 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой тухай дуулгасан. Харин өчигдөр болсон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны гуравдугаар хуралдаанд оролцсон Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт бэлэн бусаар олгох сая төгрөгийг орон сууц барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглахад зарцуулахыг хүслээ. Учир нь Дорнод аймгийн 12 мянган иргэн Хүний хөгжлийн сангаас олгох  хувь хишгийг дээрх хэлбэрээр ашиглаж, орон сууцтай болох хүсэлт гаргасан юм байна. Барилгын компаниудын хувьд ч орон сууц барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээд өгвөл, эхний ээлжинд 1000 айлын орон сууц барих бололцоо байна гэдгээ дуулгажээ. Санаачлагыг ажил хэрэг болгож чадвал УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжихийн зэрэгцээ Засгийн газраас дэвшүүлсэн иргэнээ ажилтай, орлоготой байлгах зорилго биеллээ олох бололцоо бүрдэнэ гэв.

Тус аймгийн хувьд 74 мянган хүн амтай, тэднээс 50.8 мянга нь хөдөлмөрийн насныхан боловч, 14800 иргэн ажилгүй хэмээн бүртгүүлжээ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийнхаа боломж бололцоонд тулгуурлан энэ онд 3500 хүнийг ажлын байраар хангах зорилт тавьсан. Тухайлбал, уул уурхайн салбарт 1200, хөдөө аж ахуйн салбарт 200, төмөр зам, мянганы зам хөтөлбөрийн хүрээнд 500 хүнийг ажлын байраар хангах бололцоотой аж. Социализмын үед ажиллаж байсан хуучин үйлдвэрүүдийн барилга байгууламжийг сэргээж, ашиглалтад оруулан, зориулалтынх нь дагуу ашиглаад эхэлбэл, нэмж 500 гаад иргэн ажилтай болох юм байна.

Дархан-Уул аймгийн хувьд 95 мянган хүн амтай, одоогоор 11 мянган иргэн ажилгүй гэсэн судалгаа гарчээ. Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь авч үзвэл 33 хувь нь дээд боловсролтой аж. Гэвч нийгмийн эрэлт хэрэгцээ нь мэргэжилтэй ажилтан шаардаж буй. Аймгийн хэмжээнд 19 том үйлдвэр ажиллаж байсан ч, зах зээлийн шуурганаар 12 нь зогсож, хаалгаа барьсан. Түүнийг дагаад ажилгүйдэл ихэссэн. Одоо ажлын байрыг шинээр бий болгох хамгийн зөв гарц нь үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах явдал гэнэ. Бололцоотой бол дахин хувьчилбал үйлдвэрүүд ажиллах бүрэн бололцоо байна гэж тус аймгийн Засаг дарга дээрх хуралдааны үеэр хүслээ. Дархан-Уул аймгийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд энэ онд 2000 хүнийг ажлын байраар хангах зорилт тавьжээ. Дарханчуудын дунд судалгаа хийхэд залуучууд нь төрийн албанд ажиллах сонирхолтой бол 40-өөс дээш насныхан нь зээл авч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Цаашид Дархан-Уул аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олгож байгаа зээлийг ахиухан өгвөл, ажлын байр шинээр бий болгоход том хөшүүрэг болох гэнэ.

Энэхүү хуралдаанд мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг хэрхэн зохион байгуулах боломжтой талаар загвар гаргаснаа танилцуулсны зэрэгцээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг өргөтгөх шаардлага байгааг дуулгалаа. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд 63 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийт 27 мянган залуусыг сургах суудлын тоотой ч, 49 мянгыг сургаж буй. Үүнийг дагаад дээрх сургуулиудын гуравны нэг нь гурван ээлжээр, үлдсэн нь хоёр ээлжээр хичээллэх болжээ. Яамдуудаас авсан судалгаагаар энэ жил барилгын мэргэжилтэн 10042, хөдөө аж ахуйн чиглэлээр 5416, уул уурхайн чиглэлээр 1331 ажилтан шаардлагатай байгаа. Авто зам барихад 3000 мэргэжилтэн шаардлагатай ч түүнийг нь өнөөгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр бэлтгэдэггүй тул энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бааз суурь бий болгох, сургуулиудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэрэг олон ажлыг шат дараатай хийх шаардлага байгааг дуулгалаа.

Түүнчлэн хуралдааны үеэр хөдөлмөрийн биржийн ажил тун хангалтгүй байгаа талаар хөндөгдөв. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдэд ажлын байр байдаг ч ажиллах хүчнээ хэнд хандаж, хаанаас авах вэ гэдэг нь бүрхэг. Иргэд ч ажил хийх сонирхолгүй, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлдэггүй, 200-400 мянган төгрөгийн  цалин голдог, шаардлага тавихад ажлаа хаяад явчихдаг тухай Хүнсчдийн холбооны төлөөлөл ярив. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан төгсч байгаа хүмүүсийн ур чадвар муу, ажлын шаардлага хангадаггүй тухай ч уул уурхайн ассоциацийн удирдлага хэлээд авсан. Мэргэжилтэй ажилчдад зэрэглэл тогтоож, ур чадварт нь таарсан цалин өгч байх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж мэргэжлийн холбоод үзсэн юм.

Харин Үндэсний хорооны гуравдугаар хуралдааныг дүгнэж Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсээ ажилтай болгох нь Засгийн газрын үүрэг. Төр, засаг хууль эрх зүй, хөрөнгө санхүүгийн хувьд боломжийг нь гаргаж өгнө, харин аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашиглаж ажлын байр бий болгох ёстой” гэлээ.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төрөлжихийн оронд экскэваторын жолооч, тогооч, үсчин гээд олон мэргэжлээр нэг зэрэг олон хүн сургадаг. Энэ нь хүчийг тарамдуулан, сургалтын чанар, сурах орчинд ч муугаар нөлөөлж байгаа нь амьдрал дээр харагдах боллоо. Цаашид сургалтын төвүүдийг төрөлжүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхдөө сургалтын чиглэлийг нь нарийвчлан тодорхой зааж өгдөг байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэв.   Мөн ажил олгогч болон ажил хайж байгаа иргэдийг хооронд нь хэрхэн холбох вэ гэдэг нь өнөөг хүртэл ойлгомжгүй байгаад гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүмжлэлтэй хандлаа. Хөдөлмөрийн биржийн ажил аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд бүх шатанд нээлттэй, хүртээмжтэй байж, ажил олгогч, ажил хайж байгаа иргэдийн уулзах цэг байх ёстой гэж тэрбээр тодотгосон юм.  Хэрвээ шинээр ажлын байр бий болгож, тогтвортой, урт хугацаанд хадгалсан, алслагдсан аймаг, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг бодитоор, тухайлбал сүүлийн таван жил төлсөн татварын хэмжээгээр нь урамшуулах боломж байгааг  ч Ерөнхий сайд сануулсан. Цаашид өрхийн бизнесийг дэмжиж, өрх бүрээс 1-ээс доошгүй, хоёр, гурван хүнийг ч ажилтай болгох, хөдөлмөрийн бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд үнэлэмжийг нь дээшлүүлэх механизм бий болгох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс зарим бараа, бүтээгдэхүүнийг заавал дотоодын аж ахуйн нэгжээс авдаг байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн, Үндэсний хорооны дарга С.Батболд үүрэг болголоо. Мөн ажил хайж хөдөөнөөс нийслэлд ирсэн иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх, хоршоог хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан малчдыг дэмжих, сум суурин газарт ялангуяа  дэд бүтэц, усан хангамж, зам зэрэг зорилтот төсөл хэрэгжүүлэхэд  анхаарахыг үндэсний хорооны гишүүдэд анхааруулсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж