Засаг даргын сунгаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Засаг даргын сунгаа эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооныхныг орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээ гаргахаар мунгинах зуур аймгуудад Засаг даргын сунгаа хэдийнэ эхэлжээ. Намуудаас гаргасан мэдээллээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 12 аймаг, долоон дүүрэгт ялсан бол МАН есөн аймаг, хоёр дүүрэгт олонхи болоод байна. Энэ нь Ардчилсан намаас 19 Засаг дарга, Ардын намаас 11 Засаг дарга тодрох болж буйг харуулж байгаа юм.

Орон нутгаас ирүүлж байгаа мэдээллээр олонхи аймгийн ИТХ арваннэгдүгээр сарын 27- 28-нд хуралдахаар тов зарлажээ. Нэг талдаа энэхүү хурлын тов нь шинээр сонгогдсон ИТХ ажилдаа шуурхайлахыг зарлаж байгаа ч нөгөө талдаа Төсвийн шинэ хуульд захирагдахыг сануулж буй аж. Учир нь дээрх хуульд зааснаар аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны өдөрт багтаан төсвөө батлах ёстой болж байгаа нь улстөрийн намуудын төвшинд Засаг даргыг тодруулах ажилд нэлээд шуурхай хандахаас аргагүйд хүргэжээ. Ямар ч байсан Ардчилсан намын удирдлагын төвшинд тухайн шатныхаа намын даргыг аймгийн Засаг даргаар томилох чиг барьж эхэлжээ. Үүнд Увс, Булган, Баянхонгор, Ховд, нийслэлийн Баянзүрх,  Чингэлтэй дүүргүүдийг нэрлэж болох аж. Онцлоход, хуульд тусгаснаар аймгийн ИТХ аас Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхий сайдад санал болгосноор батламжилдаг ч гол шийдвэрийг намын удирдлагаас гаргасаар ирснийг сануулъя.

Засаг даргад нэр дэвшигчдийн тухай өгүүлэхэд, Увсын Засаг даргаар хамтарсан Засгийн газрын үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын алба хашиж байсан Д.Нямхүү зүтгэнэ гэж хэвлэлүүдэд бичиж буй ч энэ нь өрсөлдөгч намынхных нь зүгээс  хэргээр “шидэж буй чулуу” бололтой, Д.Цэндсүрэнг Увс аймгийн Засаг даргаар томилно хэмээж байна. Тэрбээр аймгийнхаа Ардчилсан намын дарга аж. Түүний нэр Засаг даргад дуулдаж эхлэнгүүт “Сумын Засаг дарга хийж үзээгүй хүн яаж бүхэл бүтэн аймгийг удирдах вэ” гэсэн бор шувууг нисгэх болсон ч 20 гаруй жилийн турш улаарч ирсэн увсчуудыг цэнхэр тойрог болгон хувиргахад түүний нөлөө их байсан гэх. Тиймээс басч үл болох боловсон хүчинд тооцогдож байна. Тэгвэл Булган аймгийн Засаг даргаар тус аймгийн Ардчилсан намын дарга н.Эрдэнэбат томилогдох магадлал өндөр байгаа бол Баянхонгор аймгийн Засаг даргад тус аймгийн Ардчилсан намын дарга Д.Жаргалсайханы нэр дуулдаж буй юм.

Харин Ховдын Засаг даргад хоёр хүний нэр дуулдах болсны нэг нь тус аймгийн Ардчилсан намын дэд дарга н.Амарсанаа бол нөгөө нь нэгэн үе МАН ын гишүүн байсан Ш.Адьшаа. Тэрбээр УИХ ын сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй байсан ч аймгийн Засаг дарга Г.Нямдаваад мандатаа “булаалгаснаар” бие даан нутагтаа өрсөлдсөн. Хэдийгээр тус сонгуульд ялагдал хүлээсэн ч, орон нутгийн сонгуульд Ардчилсан намын сонгуулийн штабыг удирдаж ажилласнаар Увсын нэгэн адил час улаан байсан Ховдын хязгаарыг хөх болгож хувиргасан гавьяатнаар тодроод байна. Хэрвээ Ардчилсан намын удирдлагаас түүнд аймгийн Засаг даргын суудал оноодоггүй юм бол ачийг нь мартсан хэрэг болох тул зүгээр орхихгүй нь лавтай хэмээж байна. Тиймээс Ш.Адьшааг Засаг даргаар томилж, н.Амарсанаагаар бариулж магадгүй гэх таамаглал байна. Энэ таамаг биеллээ олбол н.Амарсанаа нь Ховд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдох нь.

Орон нутгийн сонгуулиар сонголтоо шинэчилж, ардчиллынханд итгэл хүлээлгэсэн аймгаар Төв тодроод буй. Тус аймгийн Ардчилсан намын дарга нь Эрчим хүчний дэд сайдын алба хашиж байгаа тул До.Ганболдыг Засаг даргаар томилох тушаал дээрээс буусан гэх яриа байна. Мөн Архангай аймгийн Засаг даргын томилгоог ч дээрээс өгсөн гэх шум хүч түрэх болов. Энэ үнэн бол УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн нэр дуулдана. Хэдийгээр түүнд УИХ ын сонгуульд нэр дэвших тийзийг намаас нь олгож байсан ч “Залуусаа дэмжинэ” гээд нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболдод тойргоо өгч шийр зааж байсан түүнийг намынхан нь тийм ч амар тэтгэвэрт суулгахыг хүсээгүй бололтой, хуучин тойрогт нь Засаг даргаар томилох чиг барьж буй гэх.

Тэгвэл нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сонгууль болохын өмнө хэдийнэ зарлачихсан. Түүний хэлснээр тус дүүргийн Ардчилсан намын гишүүн Д.Оросоо Баянгол дүүргийн Засаг даргад нэр дэвших бол Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус дүүргийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдаваа томилогдох магадлал өндөр яваа талаар намын нөхөд нь ам алдлаа. Хэнтийн Засаг даргад тус аймгийн Ардчилсан намын дэд дарга н.Оюунбаатарын нэр дуулдаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай гар нийлж ажиллах болсноор хэнтийчүүдийн итгэлийг олж, тэр хэрээр Ардчилсан намын нэр хүнд өсөх болсон гэнэ. Өнгөрсөн 2008 оны сонгуульд Ардчилсан нам дөрвөн аймагт ялалт байгуулж байсан, тэдгээрээс гурав нь сая дахин олонхийн суудлаа хадгалж үлдэж чадсан тул   Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нар улиран Засаг даргаар томилогдох нь нэгэнтээ тодорхой болжээ.

МАН ын хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд өмнөх саналаа хамгаалж чадалгүй цөөнх болсон ч МАХН хэмээх том санал хуваагчидтай хамт нэгэн зэрэг сонгуульд оролцоод энэ дайны суудал авсан нь “Намын рейтинг ард түмний дунд бүр уначихсаны жишээ ч бас биш” гэж үзэх хүн байна. Аймгуудад ялалт байгуулаад байгаа тус намын хороодын хувьд Удирдах зөвлөлөөс ирэх шийдвэрийг харж байгаа аж. Ийм аймгийн тоонд Завхан зүй ёсоор багтаж байна. Завханчууд энэ удаагийн сонгуулиар олонхийн суудлыг Ардын намаас нэр дэвшигчдэд олгосон нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр нөлөө ч их байжээ. Тэрбээр сонгуулийн сунгаа эхэлсэн үед аймгийнхаа намын даргатай хамт 15 сумаар орж, иргэд сонгогчидтой биечлэн уулзаж, уйгагүй ажилласан нь ийнхүү намдаа ялалт авчрахад ихээхэн нөлөөлсөн гэнэ. Тус аймаг нийт 41 мандаттайгаас 28 суудлыг нь МАН аас нэр дэвшигчид авсан байна. Одоогоор аймгийн Засаг даргад хэд, хэдэн хүний нэр дэвшиж яваа ч Ж.Жамъянтив хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Учир нь Завханчууд гал голомтоо сахиж яваа хүнээ аймгийн Засаг даргаар томилох нь нутаг орны хөгжилд илүү нэмэртэй хэмээн үзэж буйтай холбоотой гэнэ. Ж.Жамъянтив нь аймгийнхаа МАН-ын хорооны дарга аж. Уг нь аймгийн Засаг даргад УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирын нэрийг санал болгож магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа ч суугуул иргэд нь үүнийг үгүйсгэлээ. Түүний оронд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ч.Пунцаг, “Алтанбулаг” компанийн захирал Н.Аюушжав нарыг өрсөлдүүлсэн нь дээр гэж хэлж байна.

Тэгвэл Хөвсгөл аймагт олонхи болсон МАН-ынхны хувьд гурван ч хүний нэр Засаг даргад дуулдлаа. Хэдийгээр Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхны зүгээс сонгуулийн зарим хэсгийн хороодод санал хураалт будилаантай болсон гэж үзэж буй ч МАН-ын хорооныхон “41 суудлын 23-ыг нь авсан” хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Болж буй процессоор Хөвсгөл аймгийн Засаг даргад аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг, “Лидер кашмер” компанийн захирал Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга А.Эрдэнэбаатар нар өрсөлдөж эхэлжээ. Хөвсгөлчүүдийн яриагаар “Лидер Л.Ганболд нь нэр цэвэр” гэж байна. Төрийн алба хашиж байгаагүй нь нэг талаар “Төсвийн мөнгийг идсэн уусан, ах дүү, хамаатан саднаа ажилд оруулсан” гэх явган ярианаас холдуулж, бусад хоёр нэр дэвшигчтэй нь харьцуулахад хамгийн өндөр рейтинг авахад нөлөөлж байх талтайг учир мэдэх хүмүүс хэлж буй юм. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягийн хувьд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хүн гэгддэг, хэрвээ намын удирдлага талаас түүнд дэмжлэг үзүүлчихгүй бол хувийн хэвшилд ажиллах хугацаандаа хатуу ширүүнийг туулж, ажилд нухлагдаж хатаагдсан гэдгээрээ нутаг орны хөгжлийг өөд татах хүн нь Л.Ганболд гэж хөвсгөлчүүд дүгнэж байна. Тэр дундаа малчдын дунд нэлээн нэр хүнд олсон түүний хувьд өнгөрсөн хугацаанд ноос, ноолуурын салбарт бизнес эрхэлж явсан нь ийнхүү дотно сэтгэл төрүүлж буй бололтой.

Харин Өвөрхангай, Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарын тухайд хөдөлгөөн орохгүй, одоогийнх нь удирдлага улиран сонгогдох магадлал өндөр байгаа сураг дуулдлаа.

Засаг дарга нарын тухай тандахад ийм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж