
Тэрбээр “Парламентад сөрөг хүчний дуу хоолой байхгүй, УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахаа больсон, авлигатай бус АТГ-ын дарга нартай тэмцдэг, бүтээн байгуулалт гэж үлгэр ярьдаг, сонгууль шударга бус болдог нь тогтолцоондоо бус намууд, улстөрчдөөс хамаардаг” гэв. Нэгэнт сөрөг дуу хоолой сонсохыг хүсдэггүй ийм хариуцлагагүй парламент байгаа тул Ц.Шинэбаяр гишүүн хаврын чуулганы ихэнх хугацааг өөрийг нь сонсох хүсэлтэй ард түмэн дунд өнгөрөөж тэдэнд үгээ хэлэхээр шийджээ.
Тэрбээр “УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш намрын гурав, хаврын гурван чуулганы нээлт болоход сөрөг хүчний дуу хоолой нэг ч удаа сонсогдоогүй, цөөнхгүй тул парламент хоёр намын шийдвэрийг л биелүүлдэг болсноор ардчилал алга болсон” гэв. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахаа больсны бодит жишээг тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах тухай УИХ-ын гишүүдийн саналыг чуулганаар хэрхэн хэлэлцсэнээс харж болно гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “МАХН-ыг Улсын дээд шүүх бүртгэх эсэх тухай хариу өгөлгүй хуулийн хугацааг хэтрүүлсэн. Үндсэн хуулийн Цэцэд намын нэрийн асуудлыг өгсөн. Цэц өмнө нь үүгээр нэг удаа хариу өгсөн. Нэг асуудалд Цэц хоёр удаа хариу өгдөггүй. Иймд МАХН гэдэг нэрээ авсанд тооцож байгаа” гэж сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдэгдэв. УИХ-д сууж ажилла гэж сонгогчид мандат өгсөн байхад гадуур ажиллана гэдэг нь зүйд нийцэх эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Ц.Шинэбаяр гишүүн “Би ард түмний язгуур эрх ашгийн төлөө ажиллахаар тангараг өргөсөн” гэсэн хариу өгөв. Мөн тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид нээлттэй захидал илгээхээр болсноо мэдэгдлээ.