Ц.Нямдорж: Шийдвэр гаргах цаг болсон
-Та УИХ-ын энэ хаврын чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Дараа жилийн хаврын чуулган сонгуулийн үетэй давхцах учир гишүүд тараад олигтой ажил болохгүй. Энэ хаврын чуулганаар гол асуудлуудаа хэлэлцэж шийдэх байх гэж бодож байна. Сонгуулийн хуулийг хэрхэн шийдэх эсэхээс олон зүйл цаашид хэрхэх нь шийдэгдэнэ.
-Сонгуулийн хулийн талаар энэ чуулганаар нааштай хариу гарах болов уу?
-УИХ-ын гишүүд бараг гурван жил дараалан энэ асуудлаар зөвшилцлөө. Одоо ямар нэг шийдвэр гаргах цаг болсон байх. Шулуухан хэлэхэд зүгээр суугаад байвал гардаггүй хууль шүү. Ч.Улаан: Сонгуулийн хуулийг ямар ч гэсэн хэлэлцэнэ
Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентийн сонгуулийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль зэрэг олон гол гол хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Эдгээр хуулийг энэ чуулганаар хэлэлцэж батална гэж бодож байгаа. Ялангуяа санхүү төсөв мөнгөний талд ихээхэн чухал хуулийг гишүүд өргөн барьсан. Нөгөөтэйгүүр энэ хаврын чуулганы хугацаанд сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах байх гэж бодож байна. МАН-ын хувьд сонгуулийн хуулийг ямар ч байсан хэлэлцэж батална гэсэн бодлого гарч байгаа.
Д.Загджав: Казиногийн хуулийг шийдэх ёстой
-УИХ-аар эхний ээлжинд сонгуулийн хуулийг батлах ёстой. Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө гэж зориод бараг гурван жил болж байна. Энэ хуулийг өөрчилж байж дараа дараагийн олон асуудлын учир зангилааг тайлах ёстой юм. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж ярилцах ёстой. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. Миний хувьд батлах хэрэгтэй гэж хүлээж байгаа. Нэр бүхий 10 гишүүний санаачилсан Монгол Улсын Казиногийн тухай хуулийн хэлэлцэж батлах ёстой. Бид өнөөдөр ашигт малтмал, эрдэс баялаг, нүүрсийг ярьж байна. Өнөөдөр нүүрсний том, том орд газар илэрлээ гээд байна. Гэтэл бид бэлэн байгаа нөөц бололцоого олж харахгүй байна. Бид асар том мөнгөний бассейн дотор оршиж байгаа. Үүнийгээ хөгжүүлж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, казиногийн тоглоомын салбарын хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Энэ боломжыг ашиглаж чадахгүй байна. Өнөөдөр Улаанбаатар хот хүн амын төвлөрөл их, агаарын бохирдолтой, хогондоо дарагдсан зэрэг олон шийдэж чадахгүй асуудал хуримтлагдсан байна.
-Козиногийн хуулийн төслийг энэ хаврын чуулганаар баталж чадах болов уу?
-Бүрэн дэмжих гишүүд бий. Дэлхийн олон орон энэ салбарыг хөгжүүлснээр үр дүнд хүрч байгаа.
-Парламентын хоёр танхимтай байх асуудлыг та дэмжиж байгаа юу?
-Энэ асуудлыг ярихаас өмнө манай төрийн тогтолцоо өөрөө зөв буруу эсэхийг эргэж харах хэрэгтэй. Энэ асуудлыг дэмжихгүй, гадны хүмүүсийн гар хөл болж Монгол Улсын төрийг самуурулж байна. Айл эзгүйгүүлэхгүй гэж эцэг байдаг, адуу эзгүйрүүлэхгүй гэж азарга байдаг, төрд нэг л толгой байх хэрэгтэй. Бид хоёр том хөршийнхөө жишээнд тулгуурлан амьдрах хэрэгтэй. Хятад улс нэг том намын зохион байгуулалт дор оршин тогтнож байна. Нөгөөх нь ерөнхийлөгчийн засаглалтай улс орноо өөд нь татаад болж байна. Хажууд ийм жишээ байхад бид туршлагаас нь авч ашиглах хэрэгтэй.