
Уг нь Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийн нэрээр намын жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюунбаатарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх хүсэлтийг өнгөрсөн намар УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлээд байсан юм. Гэвч УИХ тэр даруй асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэлгүй явсаар бусад нэр дэвшигчдийн хамт өнгөрсөн долоо хоногт тангаргыг өргүүлэхээр болсон нь ийм алхам хийнэ чинээ бодоогүй явсан МАХН-ынханд хүнд цохилт өгчээ. Хэдийгээр асуудал Ц.Оюунбаатарын талд эргэсэн байгаа ч тус намынхан “Ц.Оюунбаатарын оронд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг “Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүнээр баталгаажуулах ёстой” гэсэн байр суурь баримталж буй юм байна. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд ирэх пүрэв гаригт ямар акци хийх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж буй юм. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд оролцоогүй нь Ц.Оюунбаатарын нэрийг гэнэт УИХ-д оруулж ирэхээр бэлтгэл хангасан байсантай холбоотой гэнэ.
Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Цогийн өрөөнд Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй тус намын толгой лидерүүд цуглаж, энэ асуудлаар яриа өрнүүлжээ. Одоо харин яах вэ, олон нийтийн дунд МАН, МАХН-ынхан хоёр биендээ муу, хонь чоно шиг харагдсаар удаж байгаа ч УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлаас болж, эрх ашиг нь нэгдэж эхэлж мэдэх талтайг ч улстөрийн хүрээнийхэн сануулж байна. Хэрэв дээрх хоёр улстөрийн хүчин хамтраад эрх ашгаа хамгаалахаар тэмцвэл ирэх пүрэв гаригт таван нэр дэвшигч цугтаа тангараг өргөх асуудал хойшилж, тэр хэрээр УИХ дахь намын бүлгүүдийн дунд зөвшилцөл шаардлагатай болж мэдэх гэнэ.
Нөгөөтэйгүүр, Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуульд аль улстөрийн нам, хэдэн аймагт олонхи болсон, сонгогчийн ирц хэдэн хувьтай байсан талаарх албан ёсны мэдээг “цацахгүй” цаг алдсаар байгаа нь УИХ-ын гишүүдийн тэвчээрийг ч барж буй сураг ч дуулдана. Тэр тусмаа тойргоос сонгогдсон гишүүд, өөр, өөрсдийн намаас нэр дэвшигчдийг сонгуульд ялуулахын тулд УИХ-ын ажлаа хаяад их ажил удсан атал өнөөг хүртэл зөвхөн ажиглагчдаар ирүүлсэн мэдээгээр “Ялалт, ялагдлаа” тунхаглаад суух нь тийм ч таатай санагдахгүй байгаа аж. Тиймдээ ч зарим нэг түшээд Улаанбаатарт ирсэн байгаа ч сэтгэл нь тойргоосоо уяатай яваа бололтой юм. Өөрийн талын хүнээ аймгийнхаа Засаг даргаар томилуулах гэсэн хүсэл нь ийн сонгуулиас сонгуулийн хооронд амьдрахад хүргэж чөдөрлөжээ. Хэрэв зээ Сонгуулийн ерөнхий хороо дүн мэдээгээ албан ёсоор баталгаажуулж, ойрмогхон мэдээлэхгүй бол гишүүд ажлаа хийхгүй цалгардуулж, тэр хэрээр шийдвэрлэх ёстой олон чухал асуудал хойш шидэгдсээр байх нь. Уг нь орон нутгийн сонгуульд улстөрчид, намууд оролцох бус иргэд л илүүтэй ач холбогдол өгөх ёстой ч эрх ашиг гэдэг зүйл ийнхүү байр суурийг нь сольж орхив. Хэзээ орон нутгийн сонгуулийг улстөрөөс салгах юм болдоо, энэ намууд.