Математикчид Төрийн соёрхол хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Математикчид Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай.

Математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье. Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе. Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж