
-оролцооны томорсноор гүйцэтгэх засаглалын чиг үүрэг нэмэгдэж, эрх мэдэл болоод мөнгө Засгийн газарт ихээр төвлөрсөн, -парламентын лидерүүд гүйцэтгэх засаглалд орж ажилласнаар гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналт үгүй болсон явдал гэж үзсэн байна. Хэдийгээр тийм ч гэлээ парламент гүйцэтгэх засаглалыг хариуцлагажуулах, бодлогыг нь хянан зөвшөөрөх эрх мэдлээ хадгалахаар тэмцэж ирсэн аж. Харин энэ хугацаанд хамгийн их туршлага солилцсон нь ХБНГУ-ын Бундестаг болон АНУ-ын Конгресс. Хэдийгээр АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай ч гэлээ парламентын хяналтыг хүчтэй хэвээр хадгалсаар ирсэн нь Конгрессийн бүтэц дэх байнгын хороодыг хэдэн зуун жилийн өмнөөс хүчтэй зохион байгуулалт, бүтэцтэйгээр ажиллуулж ирсэн, сенатын сонгууль нь тусдаа явж ирсэнтэй холбоотой гэнэ. Одоо харин дэлхий нийтээр парламентын уналтаас гарч эхэлж байхад Монголд парламынтын хямрал оргил цэгтээ хүрээд байгаа. Харин ХБНГУ энэ хямралыг даван туулсан орнуудыг тэргүүлж, Германы Бундестаг АНУ-ын Конгресстой эн зэрэгцэхүйц хэмжээнд байнгын хороодоо хүчирхэгжүүлжээ.
Европын хуучин посткоммунист гэгддэг орнууд ч мөн адил өөрсдийнхөө ардчилалд шилжсэн замыг эргэн харж эхэлсэн бөгөөд хямралаас гарах арга замаа мөн л “парламентын хяналт” хэмээн тодорхойлжээ. Харин манай улсын хувьд туулсан замаа эргэж харж амжаагүй байхад “баялгийн хараал” хэмээх бас нэгэн гамшиг нүүрлээд байгаа. Энэ талаар өчигдөр Иргэний танхимд зохион байгуулсан “Парламентын хяналт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Хэлэлцүүлэгт гавьяат хуульч Б.Чимид “Парламентын хяналт: хөгжил, чиг хандлага” сэдвээр, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Парламентын төсвийн хяналт”, УИХ-ын тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Л.Өлзийсайхан “Парламентын хяналтын бие даасан хэлбэрүүд”, Нээлттэй нийгэм форумын судлаач Д.Энхцэцэг “Парламентын хяналт ба нээлттэй сонсгол”, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламентын мөрдөн шалгах эрх мэдэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
2006-2009 онд УИХ-ын даргын захирамж, байнгын хороодын шийдвэрээр шалгалтын 264 ажлын хэсгийг УИХ дээр томилон ажиллуулснаас 83 нь буюу 34,1 хувь нь огт шалгалт хийгээгүй, хийсэн боловч дүнгээ гаргаагүй 35 удаагийн ажлын хэсгийг нэмбэл 47,9 хувь дүнгээ гаргаагүй байна. Үүн дээр ажлын хэсэг холбогдох газарт мэдэгдэл хүргүүлснээс хэтрээгүй шалгалтыг нэмбэл шалгалтын үр дүн УИХ, байнгын хороодын сонорт хүрсэн дүн харагдахгүй. Гавьяат хуульч Б.Чимид УИХ-ын ажлын хэсгүүдийн шалгалтын энэ үр дүнг “хуурмаг хяналт” хэмээн нэрлээд жинхэнэ шалгалт үр дүнтэй байх ёстой гэв. “Гэмтнийг гэсгээхгүй өнгөрөөх нь урамшуулал болдог” гэж мэргэн үг бий. Ялангуяа банк санхүү, ашигт малтмалын чиглэлээр УИХ-аас хамгийн олон удаагийн ажлын хэсэг томилж байсан ч тухайн салбаруудын одоогийн өнгө төрх дээрх шалгалтууд үр дүнгээ өгөөгүйн тод жишээ болох юм. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн илтгэлдээ УИХ-аас томилогддог ажлын хэсгүүдийн талаар нэлээд ноцтой гэж болохоор мэдээллийг дэлгэлээ. Эрхэм гишүүн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг тандан судлахад дийлэнх нь олон нийтийн эрх ашиг гэхээсээ илүү өөрсдийн хувийн эрх ашиг, сонирхолд нийцэхгүй байгаа Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах зорилгоор ажлын хэсэг байгуулдаг гэнэ.
Одоохондоо манайд парламентын хяналт гэж үнэлэгдэж байгаа бас нэг төрөл нь УИХ-ын гишүүд сайд нарт асуулга тавьж хариулт авдаг Засгийн газрын мэдээллийн цаг. Үүнийг ч гэсэн Б.Чимид гуай “Гурван гишүүн чуулганы танхимд суугаад индэрт нэг сайд яриад байгаа нь парламентын хяналт гэхээсээ илүү өөртөө ашигтай бизнес маягийн мэдээлэл сонсоод байгаа юм биш үү” хэмээн шүүмжилсэн. Хуульчид парламентын хяналтын хамгийн хүчтэй хэлбэр болох мөрдөн шалгах хяналтыг хуульд тусгуулахаар нэлээд олон жилийн өмнөөс УИХ-д санал оруулж байсан ч тухайн үед хэрэг болгож аваагүй юм байна. Тэр энэ тухай “Ахмад үе нь бол халгаахгүй юм билээ, залуу үе нь хийх байлгүй. Гэхдээ энэ бол заналхийлэл биш шүү. Түшиг болох тулхтай хүмүүс ч байгаа байлгүй” гэснээр илтгэлээ дуусгасан юм.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн “Парламентын төсвийн хяналт” сэдвээр тавьсан илтгэл ч мөн л одоогийн нөхцөл байдалтай нэлээд уялдсан байлаа. Парламентын төсвийн хяналтыг манайхан тоо баримт, зарлагын хэрэгжилт талаас нь л хардгаас биш, бодлого хэрэгжсэн үү гэдгийг тооцдоггүй. Үр дүнг ингэж тооцдоггүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй, бодлогоо тодорхойлж чадахаа больсон, төрийн чадавхи суларсан. Тиймээс их сургууль дөнгөж төгссөн залуу сайдын суудал яриад явж байдаг. Энэ бүхэн хариуцлагын тогтолцоо байхгүйтэй холбоотой. Бодлогын хэрэгжилтийг хянадаг, үр дүнгээр нь хариуцлага тооцдоггүйгээс төрд хэн дуртай нь ажиллаж байна хэмээн дүгнэв. Бодлогоо гаргаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан нь яамдууд хэт жижиг бүтцээр ажиллаж байгаа явдал гэнэ. Тухайлбал Сангийн яам 100 орчим ажилтантай, ийм цомхон бүтэцтэй Сангийн яам өөр хаана ч байхгүй. Нэг хүн бодлогоо гаргаад хяналтаа тавина гэж байхгүй, аль ч сургуульд ийм “универсал” мэргэжилтэн бэлтгэдэггүй. Үндэсний шинэтгэлийн хорооны дарга гэдэг бол нэг л агентлагийн дарга. Агентлагийн дарга яамдын сайд нарыг зангидаад макро түвшинд хөгжлийн бодлого тодорхойлно гэж хэзээ ч байхгүй гэлээ.
Мөн сүүлийн үед манай парламентад бий болсон нэг том гажуудал нь УИХ-ын гишүүд Засгийн газарт орж болох тухай Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнээс болж парламентын хяналтын эрх мэдэл алдагдаж, Засгийн газар нь парламентынхаа толгой дээр гарсан. Нэг ангийнхан бие биенээ хянаад хатуу үг хэлээд байхгүй. Ялангуяа сүүлийн үед эвсэл гэдэг зүйл бий болсноор парламент дотор олонхийг хянах цөөнхийн хяналт үгүй болсон. Уг нь төсвийн хяналтын эрх мэдллийг зарлагын хяналтаар дамжуулан цөөнхөд өгөх ёстой. Гэтэл цөөнхөө Засгийн газарт оруулаад амыг нь үдсэнээс болж хяналт гудамжинд гарлаа. Үүнийг ашиглан зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж байна гэдгийг ч Төсвийн байнгын хорооны дарга онцлов. Энэ нь мэдээж сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайд өрнөж буй үйл явцыг дайруулж хэлсэн үг биз. Эцэст нь тэр,
-Бид улс орны нэгдмэл эрх ашгаа бариад явбал 2014 он гэхэд байгалийн баялгийн үр ашгийг мэдэрч эхэлнэ, 2020 он гэхэд хангалуун амьдардаг болно. Гэвч энэ бүхэн сайн засаглалтай байж л биелэх зүйл. Сайн засаглал байхгүй бол энэ баялгийг 10-20 жилийн дотор л зөөгөөд дуусна. Харамсалтай нь төрийн энэ бодлого тодорхойгүй байгаа учраас хариуцлагын тогтолцоо ч байхгүй болж байна. Москваг нэг өдөр байгуулаагүй гэдэг шиг парламентын хяналт ч гэсэн нэг өдөр сайн болчихгүй. Хяналт дутаад, хэрэгжүүлэх зориг нь дутаад ярьж болохгүй байвал нийгэмд түүнийгээ хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч үүндээ татан оролцуулах хэрэгтэй гэснээр илтгэлээ өндөрлөсөн.
Олон улсын жишигт парламентын хяналтыг хэрэгжүүлж байгаа 12 төрлийн хяналтаас хамгийн үр дүнтэйд тооцогддог нь нээлттэй сонсгол гэдгийг илтгэгч Л.Өлзийсайхан онцоллоо. Тухайлбал, парламентаар хэлэлцэгдэж байгаа асуудлын 71 хувьд нь харьяалах байнгын хороодоороо дамжуулан нээллтэй сонсгол явуулдаг аж. Үүний нэг жишээ нь Хиллари Клинтоныг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар томилогдох үед Конгрессоос явуулсан нээлттэй сонсгол. Түүний нөхөр Билл Клинтон сангийн үйл ажиллагаа явуулдаг нь Х.Клинтонд ашиг сонирхлын зөрчил авчирах уу, үгүй юу гэдэг асуулт сонсголын үеэр тавигдсан байна. Нээлттэй сонсголыг парламентын сувгаар орон даяар нэвтрүүлдэг АНУ-ын 300 сая иргэний өмнө шүүгдсэн ямар ч албан тушаалтан сонирхлын зөрчилд орох боломжгүй болдог аж. Нээлттэй сонсголыг парламентын хяналтын нэг арга хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд үүний нэг хэлбэр нь дээрх томилгооны сонсгол. Нээлттэй сонсголын энэ хэлбэрүүдийг урьд өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан УИХ-д өргөн барьсан УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуульд нэлээд тордорхой тусгасан байсан ч хуулийн төсөл хараахан дэмжигдээгүй байгаа.
Харин мөрдөн шалгах сонсголыг төрийн байгууллага, түүнээс гаргасан шийдвэр иргэдийн ашгийг ноцтойгоор хохироосон гэх баримт гарч ирсэн, эсвэл ингэж үзэх томоохон үндэслэл байгаа үед явуулдаг аж. Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэргээр явуулсан нээлттэй сонсголыг тухайлбал мөрдөн шалгах сонсголын нэг хэлбэр гэж үзэж болох юм. Харин энэ сонсголын үеэр нэг алдаа гарсныг Х.Тэмүүжин гишүүн хүлээн зөвшөөрлөө. Энэ нь цагдаагийн байгууллага, иргэн хоёрыг нэг ширээнд суулгасан явдал гэнэ. Учир нь мөрдөн шалгах сонсгол нь байцаалтын нэг хэлбэр бөгөөд энэ тохиолдолд төрийн байгууллага, иргэн хоёрыг нэг ширээнд суулгаснаар мэдээлэл авах бус, хоорондын мэтгэлцээн болоод өнгөрөх сул талтай аж. Хэлэлцүүлгийн эцэст илтгэгч нар болон оролцогчид парламентын хяналтыг сайжруулахын тулд дээр яригдсан хяналтын хэлбэрүүдийг яаралтай хуульчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн юм.
Б.СЭМҮҮН