”Тамхи татахгүй байж болдог л юм байна”

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

”Тамхи татахгүй байж болдог л юм байна”

“Монголчууд бид тамхи таван нас хорооно” хэмээн ярьдаг. Гэвч энэ үгээ амьдрал дээр хэрэгжүүлэх нь үгүй. Сонссон ч нэг чихээрээ оруулаад нөгөөхөөр нь гарга­даг гэхэд болно. Гэтэл энэ үгний цаана бидний эрүүл мэнд цаашлаад амь нас нь байгааг үл тоосоор л…

Үүнээс болоод Монголд гэлтгүй дэлхийд хэчнээн мянган хүн амиа алдаж байгааг бодоход дэндүү харамсмаар. Яагаад гэвэл тамхи нь хорт хавдрын тэргүүлэх шалтгаан гэдгийг дэлхий нийт нотлочихоод байгаа. Тэр дундаа тамхинаас шууд хамааралтай өвчин бол яахын аргагүй уушгины хорт хавдар гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг. Та өнөөдөр тамхи татаж л байгаа бол маргааш энэ өвчнийг тусахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэхээр уушгины хорт хавдраар өвчилсөн 10 хүний ес нь тамхичин байдаг гэсэн. Уушгиний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 2005 онд 11.2, 2006 онд 10.8, 2007 онд 9.8, 2008 онд 13.5, 2009 онд 12.1 хувь болон өссөн аж. Насны хувьд ч залуужиж байгаа гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

ТАМХИ БИЙ БОЛОХООС ӨМНӨ УУШГИНЫ ХАВДАР ГЭДЭГ ӨВЧИН БАЙГААГҮЙ

Тамхи бий болохоос өмнө уушгины хавдар гэдэг өвчин байгаагүйг судлаачид тогтоосон байдаг юм билээ. 1796 он хүртэл уушгины хавдрын талаар тодорхой мэдээлэлгүй байсан аж. 1810 оноос эхлэн энэ өвчний талаар янз бүрийн баримттай болсон гэнэ. 1929 онд Германы эмч Фритц Ликинт нь уушги­ны хавдар нь тамхинаас хамааралтай болохыг мэдээлсэн гэдэг. 1950 онд Английн эрдэмтдийн судалгаагаар уушгины хавдар нь тамхитай хамааралтай болох нь нотлогджээ.

Үүний дараа судлаачид хэд хэдэн шалтгаан эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлсэн боловч уушгины хавдар нь ихэвчлэн тамхинаас хамааралтай болохыг нотолсон байна. Учир нь тамхинд агуулагдах олон төрлийн хортой бодис нь уушгины эсүүдийг гэмтээдэг. Энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл хорт хавдарт шилждэг ажээ. Тамхи нь уушгины хавдар үүсгэх эсэх нь тухайн хүн хэдэн наснаас эхлэн хэр удаан хугацаагаар тамхи татсан, хэр гүн орсон, өдөрт хэрэглэдэг тоо зэргээс хамаардаг бөгөөд уушгины хавдраар өвчлөгсдийн 90 хувь нь тамхинаас хамааралтай байдаг гэсэн. Тиймээс эмч нар уушгины хавдраар өвчилсөн бол тамхиа хаях нь дахин хавдраар өвчлөхөөс сэргийлдэг болохыг зөвлөдөг. Түүнчлэн уушгины хавдраас сэргийлэх хамгийн шилдэг арга нь хэзээ ч тамхи татахгүй байх болоод тамхинаас гарах гэдгийг ч сануулсаар байгаа.

Монголд уушгины хорт хавдрын байдал нийт хавдруудаас эхний гуравт жагсч байна. Энэ нь жилд 330-400 орчим хүн уушгины хавдраар өвчилдөг гэсэн үг аж. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монголын хувьд энэ нь тийм ч бага тоо биш. Жилд нийт өвчлөгсөдийн 50-иас дээш хувь нь буюу 150-200 нь нас барж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа нийт хавдрын 13 хувь нь уушгины хавдар байгаа аж. Хамгийн харамсалтай нь оношлогдож буй хавдрын 70-80 хувь нь III-IV шатандаа орсон буюу хүндэрсэн байгаа нь эмзэглэл төрүүлж байна. Сүүлийн хоёр жилийн статистикаас харахад эмнэлэгт ханддаг байсан хүний тоо 2009 онд энэ үзүүлэлт 70 хувьтай байсан бол 2010 онд 65 хувь болтлоо буурчээ. Энэ нь та бидний хэнэггүй зангийн л гай. Бид ямар ч зүйл дээр хэнэггүй ханддаг сул талтай. Өвчин тусахаасаа урьтаж биш өвдсөн хойно нь эсвэл бүр босч чадахаа больсон цагтаа л эмчид хаддаг муу зуршилтай. Үүнээсээ болж амьдралыг бүрэн мэдрээгүй, цэл залуу насандаа л хорвоог орхих нь бий.


ТАМХИА Л ХАЯЧИХ ТЭГВЭЛ УУШГИНЫ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЖ ЧАДНА

Хүмүүс энэ бүхнийг биеэр мэдэрч байж л тамхиа хаях алхам хийх нь бий. Мөн зарим нь тамхи хортой шүү гэсэн сэрэмжлүүлэг судалгааг уншиж, судлаад татгалзсан нэгэн ч байдаг. Миний нэг танил анх хөдөөнөөс хотод оюутан болж ирээд тамхи татаж эхэлсэн бөгөөд таван жил хэртээ тамхи татсан гэдэг. Татах тусам л тамхинд дондож,  татахгүй л бол байж сууж чадахгүй, хоол цайнаасаа илүүд үзэж эхэлсэн гэх. Сүүлдээ өглөө сэрээд л тамхи татчихсан зогсдог болж. Гэтэл ханиалгаж бөхшүүлэхээс эхлээд олон бэрхшээлтэй тулгарсан байна. Хамгийн хэцүү нь хоолны дуршил нь багасч, ходоод нь хатгуулж, дотор нь муухайрчээ. Түүнчлэн батга салахаа байжээ. Тиймээс мань хүн энэ бүгд тамхинаас л болоо гэдгээ ухаарч, энэ аюулаас салахын тулд татах тамхиныхаа тоог өдөр өдрөөр багасгах биш шууд л хаясан нь дээр гэж шийдэж. Тэгээд нэг найзынхаа зөвлөсний дагуу тамхи татмаар санагдсан үедээ бохь зажлах, иштэй чихэр идэж сатаарах аргыг хэрэглээд сарын дотор тамхи гэдэг зүйлийг мартаж чадсан гэсэн юм. Одоо тамхины үнэр үнэртэхээр дотор нь муухайрч, “Ийм муухай үнэртэй билүү” гэж боддог гэсэн шүү. Түүнчлэн тэрбээр “Тамхи татахгүй байж болдог л юм байна” хэмээж байсан. Үнэхээр л тамхи татдаг хүний хайрын эрхтэн нь үгүй болдог гэдэг үнэн юм билээ. Муухай үнэртэй болохоор хайртай бүсгүйгээ үнсэх, хүүхдээ үнэрлэхэд хүртэл тэднийхээ сайхан үнэрийг мэдрэхээ байдаг гэсэн. Түүнчлэн хайртай бүхэн нь тэр муухай үнэрээс нь залхдаг. Учир нь тамхи нь хамрын салстыг ч мөн гэмтээдэг гэсэн. Соёлтой нэгэнд “Таниас муухай үнэр үнэртэж байна” гээд хэлчихсэн чинь тамхиа хаясан ч тохиолдол байдаг юм билээ. Гэхдээ тамхинаас гарсан хүн бүр “Хамгийн гол нь тамхинаас гаръя гэсэн чин хүсэлтэй байх хэрэгтэй юм шүү” гэдгийг хэлж байсан. Нэг залуу “Би тамхинаас гарахын тулд сар зарцуулсан. Эхний удаа тамхи татах хугацаагаа цаг цагаар уртасгаад л байсан. Нэг мэдэхэд өдөрт би ганцхан тамхи татдаг болсон байсан. Ингээд нэг сар өнгөрөхөд би тамхийг мартчихсан байсан. Ер нь тамхийг л хаячих юм бол уушгины хавдраас сэргийлж чадна” хэмээн хуучилж байсан.

ТАМХИНААС БОЛЖ ЖИЛД 10 САЯ ХҮН АМИА АЛДДАГ

Уушгины хавдар нь бусад хавдрыг бодвол бүрэн сэргийлэх боломжтой. Яагаад гэвэл тамхи огт татахгүй бол та уушгины хавдраар өвчлөх магадлал бараг байхгүй гэж хэлж болно. Тиймээс уушгиа хордуулж, тамхи татсаар байх уу, хорт хавдаргүй эрүүл амьдрах уу гэдэг нь таниас л шалтгаална. Дэлхий дээр тамхины гурван том үйлдвэр байдаг. Гэтэл Хятадад байгаа тамхины үйлдвэрлэл 30 гаруй хувиар өсчээ. Энэ нь Монгол Улсын тамхины хэрэглээ их байгаатай холбоотой юм байна. Учир нь манай улсын эрэгтэйчүүдийн тамхи таталт 67 хувьд хүрсэн байна. Өнөөдөр дэлхий дээр зургаан тэрбум гаруй хүн бий. Үүний 1.2 тэрбум нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ судалгаагаар өндөр хөгжилтэй орон гурав дахин бага, хөгжиж байгаа орнуудын 900 сая хүн нь тамхи татдаг гэж тооцоолжээ. Тамхи нь хэрэглэж байгаа хүнийхээ тал хувийг үхэлд хүргэж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд тамхинаас шалтгаалж 5-10 сая хүн нас барж байна гэж үзэж буй юм. Ийм байдал удаан үргэлжилсээр тамхи таталт нь хөгжиж байгаа орнуудын нас баралтын 4.3 хувийг нь эзэлдэг болжээ. Тиймээс тамхинаас гарах нь 1001 ашиг тустай гэдгийг судлаачид зөвлөсөөр байгаа.

Дашрамд дурдахад, Дэлхий дахинд жилд 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг байна. Судлаачдын тооцоолж байгаагаар хэрэв хорт хавдраас сэргийлэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жил бүр 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байгаа аж. Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсч буй. Жилд 4400 гаруй хүн хорт хавдраар шинээр өвчилдөг байна. Судлаачдын үзэж байгаагаар хорт хавдрын 40 хувийг сэргийлэх боломжтой болох нь батлагджээ. Тиймээс хувь хүн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой юм байна.

Б.АЗЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж