Германы эмгэнэлт явдал

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Германы эмгэнэлт явдал

Германы нийтийн тээвэрт тасалбар үнэтэй, хямдрал урамшуулал энэ тэр тоймгүй олон, тэдгээрийн учрыг олоход ч хэцүү. Ийм байдал нь зорчигч, шалгагч нар хоорондоо ам мурийхад хүргэхээс гадна зальтай заримд нь мөнгө зувчуулах бололцоо олгодог. Харин унаанд тасалбаргүй суувал 40 евро төлнө. Шалгагч нар орж ирэх нь ховор тул тасалбаргүй явах зүрхтэй хүн мундахгүй. Унаандаа мөнгө хэмнэх хүсэлтэй хүн ч бишгүй бөгөөд хямдхан явчих гэсэн хүмүүс хуурамч тасалбар авч хохирох явдал цөөнгүй гардаг байна. Тасалбарыг хуурамчаар үйлдэгчдийн зарим нь энэ аргаараа хэдэн зуун мянган евро олдгийг саяхан илрүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Мюнхэний шүүх нэгэн автобусны жолоочийн хэргийг хэлэлцэв. Тэрбээр ажлын бус цагаар гэртээ тасалбар хуурамчаар хийж байсан бөгөөд мөрдөн байцаагчдын тогтоосноор, борлуулалтаас нь 240 мянган еврогийн ашиг олжээ. Тэрбээр энэ хэрэгтээ эхнэрээ болон танилынхаа гэр бүлийнхэн тэр дундаа эхнэр, хадам ээжийг нь татан оролцуулсан байна. Тэрбээр орой бүр гэртээ тасалбар хэвлэдэг цэвэрхэн цааснаас олноор авчирч шаардлагатай программ хангамж ашиглан эхнэртэйгээ тасалбар хэвлэдэг байсан бөгөөд хамсаатнууддаа тараан заруулдаг байжээ. Хуурамч тасалбараа хямдралтайгаар, тухайлбал түгээвэрт байдгаас 10 хувийн доогуур үнээр борлуулдаг байсан нь мэдээж. Цагдаагийнхан түүнийг 2011 онд илрүүлсэн боловч хэвлэсэн тасалбар нь цөөхөн байсан тул тэнсэн харгалазх ял оноожээ. Гэвч амархан олдог мөнгөндөө дотроосоо хатгуулсан жолооч дахин тасалбар хэвлэж баригдаад дээлээ нэгмөсөн толгой дээгүүрээ нөмрөх нь энэ. Хамсаатнууд нь хэргээ хүлээсэн бөгөөд арай хөнгөн ял хүртэх болов уу гэсэн горьдлоготойгоор одоо гадуур байцаагдаж байна.

Германы баруун нутагт найз хоёр залуу арай нарийн арга бодож олсон нь, оюутнуудад зориулсан хичээлийн нэг улиралд хүчинтэй унааны тасалбар хэвлэжээ. Ийм тасалбар суралцагч этгээдийн их сургууль байдаг хотын бүх төрлийн нийтийн унаанд хүчинтэйгээс гадна тухайн мужийн бүх чиглэлийн галт тэргэнд үйлчилдэг аж. Оюутнуудад ийм тасалбарыг нэг бол үнэгүй, үгүй бол багавтар үнээр олгодог байна. Сайхь хоёр залуу ийм тасалбар хуурамчаар үйлдээд оюутан бус хүмүүст 150 еврогоор зардаг байжээ. Гэвч ийм тасалбар нь оюутны билеттэй хамтдаа хүчинтэй бөгөөд авсан хүмүүс нь хэрхэн ашигладаг байсан нь сонирхолтой юм. Хар ухаанаар бодоход л тэдгээр хүмүүс мөн л хэн нэгний үйлдсэн оюутны хуурамч билет хэрэглэдэг байсан байж таарч байна.

Иймэрхүү аргаар хүүдээ туслах гэсэн үү эсвэл мөнгө хэмнэх гэсэн нэг ээж мөн хэрэгт холбогджээ. Хүүхэд нь сурагчийн унааны тасалбараа гээчихсэн тул сайхь эмэгтэй шинээр өөрөө хэвлээд өгсөн байна. Гэвч гай болж хүүтэй нь тасалбар шалгагч таарч, галт тэрэгнээс буулгаад шууд цагдаагийн газар хүлээлгэж өгчээ. Хүү нь ээжийгээ өнгөт хэвлэгчээр тасалбар хийж өгснийг мэдүүлснээр сайхь эмэгтэйд цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд байна.

 Тасалбарын луврын бас нэг арга нь ашигласан тасалбар зарах явдал юм. Луйварчид энэ аргыг хэрэглэхдээ оргил цагаар яарч давчидсан хүмүүс метроны түгээврээс тасалбар авах гэж дугаарлахаас төвөгшөөдгийг нь далимдуулдаг аж. Тэд тасалбар дээр тавьсан тэмдэглэгээг хурц зүйлээр хусч арилгаад хуурамч тэмдэглэгээ тавьж зардаг бөгөөд яарсан хүмүүс үүнийг нь анзаарахгүй авч одох нь элбэг байдаг гэнэ. Ингэхдээ луйварчид уг тасалбараа хөгийн хямд үнээр зардаг нь мэдээж. Өнгөрсөн долоо хоногт ингэж луйвардуулсан нэг хүн гэмт этгээдийг олж цагдаад өгсөн хэдий ч нэгэнт хуурамч тасалбараар зорчсон тул 100 цаг нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн байна.

Арай боловсронгуй луйварчид интернэтээр тасалбар зардаг явдал ч байна. Саяхан Гамбургт баривчлагдсан таван хүнтэй бүлэг хууль бус замаар олж авсан зээлийн картын мэдээллээр Германы төмөр замын сайтаас тасалбар захиалж аваад түүнийгээ хүмүүст цахим шуудангаар борлуулж байсан бөгөөд ийм аргаар 300 мянга гаруй еврогийн ашиг олжээ.

Нийгмийн халамжаар амьдардаг ажилгүй германчууд ч тасалбарыг хууль бусаар мөнгө олох хэрэгсэл болгон ашигладаг байна. Ингэхдээ ажилгүйчүүдэд нэр заан олгодог, нэг сарын хугацаатай төмөр замаар зорчих тасалбарыг эхлээд авна. Нэг ийм тасалбараар амралтын өдрүүдэд дөрвөн хүн нэгэн зэрэг үнэгүй зорчиж болдог бөгөөд тэд хэрэг дээрээ энэ эрхийг энгийн тасалбарын тал үнээр бусдад худалддаг байна. Амралтын өдрүүдэд тэд Гамбург Берлиний хооронд өдөржин нааш цааш явж энэ аргаараа дээд тал нь 2500 евро олдог гэнэ. Харин тасалбарын үнэ нь 625 евро аж. Замын хүмүүс энэ эрхээр нь зорчиход 50 хүртэл евро хэмнэдэг тул туйлын ашигтай, тэгээд ч шалгагчид тэднийг сэжиглэх, илрүүлэх бололцоо бараг үгүй юм.

Германд нийтийн тээврээр зорчих тариф бүс бүсээр ондоо, учрыг нь олоход адармаатай байдаг нь луйварчдад бололцоо олгодог төдийгүй зорчигч шалгагчдын хооронд маргаан гарах үндэс болох нь бий. Тухайлбал саяхан Майны Франкфуртад амьдардаг африк гаралт Дерегэ Вефельзипт ийм явдал тохиолджээ. Инженер мэргэжилтэй тэрбээр өөрийг нь үрчилж авсан герман айлд өссөн бөгөөд нийтийн тээврээр зорчих дүрэм журмыг сайн мэддэг аж. Д.Вефельзип нэг сарын хугацаатай зорчих эрхийн тасалбараа сүйт бүсгүйдээ өгч хэрэглүүлсэн байна. Харин шалгагч сүйт бүсгүйг нь торгохыг завдсан тул бүсгүй залуугаа дууджээ. Д.Вефельзип даруй ирж болсон явдлын учрыг олохыг хичээсэн боловч шалгагч түүнийг “Герман бол Африк биш” гэж дайрсан бол африк эр “Өнөөдөр 1942 он биш” хэмээн хариуг нь барьсан байна. Шалгагч түүнийг нацизмыг дайруулж хэллээ хэмээн эмзэглэсэн бол инженер африк гаралтайгаар нь доромжиллоо гэж гомдсон байна. Улмаар цагдаа нар ирж асуудалд оролцсоноор байдал бүр дорджээ. Д.Вефельзипийн хэлснээр, цагдаа нар түүнийг гэмттэл нь зодоод гэрт нь аваачиж хаясан гэнэ.

Тээврийн байгууллагууд туулайчлагчид, луйварчидтай тэмцэж байгаа нь мэдээж. Зорчигчдын ердөө гурван хувь нь л мөнгө төлөхгүй зорчиход тээврийн компаниуд жилдээ 20 сая еврогийн алдагдалд ордог тооцоо бий. Гэвч нийтийн тээвэр дэх хууль бус үйлдлүүдийг илрүүлэх нь тийм ч амар биш бөгөөд шалгагчдын хувьд хамгийн үр дүнтэй арга нь, зорчигчдын дунд энгийн хувцастайгаар явж гэмтнүүдийг гэнэдүүлж барих явдал гэнэ.

Германы хуулиар, нийтийн унаанд гурван удаа тасалбаргүй зорчсон хүнд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тасалбаргүй зорчсон хүний зардлыг тасалбараа авдаг, хуулиа хүндэтгэдэг хүмүүс төлдөг гэх ойлголтыг эрх баригчид нийгмийн рекламаар дамжуулан олон нийтийн сэтгэхүйд суулгахыг оролдсоор байгаа юм. Тэгвэл саяхнаас Германы Далайн дээрэмчдийн нам нийтийн унаанд туулайчлагчдыг шийтгэдэг явдлыг болиулах санаачлага гаргаад байна. Учир нь тэднийг олж илрүүлэхийн тулд төрөөс гардаг зардал нь, тэднийг тасалбар авсан тохиолдолд улсад орох орлогоос давчихаад байгаа ажээ.

Б.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж