С.Баярцогт мэдээллээр, С.Ганбаатар хардлагаар илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

С.Баярцогт мэдээллээр, С.Ганбаатар хардлагаар илүүрхэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л халз мэтгэлцдэг гэж бодож байсан монголчууд Оюутолгойн гэрээг хэрхэн яаж монголчуудад ашигтай байлгах талаар мэтгэлцээн хийнэ хэмээн аль намраас хойш ярьсан С.Ганбаатар, С.Баярцогт нарын ирүүл тулааныг чамгүй сонирхож хүлээсэн.

Хоёр ч удаа хойшилж өнгөрсөн баасан гаригийн үдэш болоход нь хэд хэдэн телевизээр шууд дамжуулсан учир бүтэн хоёр цагийн турш хүмүүсийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чадлаа. Үзэгчдийн нэг хэсэг нь энэ мэтгэлцээнээс Оюутолгой гэж саалийн үнээнээс Монголын төр хэр их сүү авч, тэндээс нь 2,7 сая хүн тус бүртээ хэчнээн аягыг ууж болох вэ гэдэг дээр бодитой мэдээлэлтэй болно хэмээн хүлээсэн.

Бас нэг хэсэг нь хоёр улстөрчийн хэн нь илүү байхыг харахыг хүссэн байх. Яагаад гэвэл С.Ганбаатар ч тэр, С.Баярцогт ч тэр жүжигчнээр юм бол өөр өөрийн гэсэн фэнтэй, бас өөр өөрийн гэсэн тайзтай. Тиймээс фэнүүдэд нь шүтэн биширдэг хүнийхээ хэр мундгийг “амьдаар” нь харах боломж энэ мэтгэлцээнээр олдсон байж таарна. Харин өөр нэг хэсэг үзэгч зүгээр л сонирхож бас хажуугаар нь өө хайж харсан гэж болно. Ямартай ч  энэ мэтгэлцээн хүүхдүүдээс бусдад нь сонин байсан гэдэг яалт ч үгүй үнэн. Харин үзсэн хүн бүр хүссэн мэдээллээ авч, олж харахыг хүссэн дүр зургаа олж харсан уу гэвэл мэдээж өөр өөрийнхөөрөө тайлбар хэлэх биз.

Энэ удаагийн мэтгэлцээн Монголын нийгэмд яах аргагүй хэрэгтэй, шинэлэг уур амьсгал авчирсан гэдэгт олон хүн санал нийлж байгаа. Учир нь аливаа асуудлыг Монголд хэрэгтэй, хэрэггүйн тухай яриа гарч буруу зөвөө дуудалцахдаа манай улстөрчид эгээ л гудамжинд сайн муу, сайхан муухай үгсийг харамгүй шидэлцдэг хэрүүлч авгай нар шиг аягладаг. Тухайлбал, батлагдаад гурван жил болсон ч өнөө хэр хэрэгжиж чадахгүй байгаа Урт нэртэй хуулиар жишээ авч болно. Парламент яаж талцаж маргалдаж байсныг ард түмэн мартаагүй. Энэ асуудлаар тодорч гарах гэсэн улстөрчид байн байн хэвлэлийн бага хурал зарлаж, байр сууриа хамгаалж сонин, телевизээр ярилцлага өгөх ч үнэн хэрэгтээ мэдээлэл муутай ард түмний тархийг эргүүлэхээс цаашгүй байсан. Улмаар ингэж талцсан улстөрчид энэ асуудлыг өөр өөрийн өнцгөөр тайлбарлан бүр жонхуу хутгасны үр дүнд Монгол лав хөгжөөгүй. Хууль хэрэгжээгүй, уул уурхайнхныг хүлээлтэд оруулж, баахан лиценз банкны барьцаанаас суллагдаж чадахгүй байгаа юм билээ. Түүнээс гадна ажиллаж болох болохгүй нь үл ойлгогдох уурхайнууд нөхөн сэргээлт ч хийлгүй алгуурлаж, ухсан нүх, овоолсон шороон дээр нь нинжа нар “найрлаж” байгаа. Энэ бол талцаж хэрэлдээд тусыг эс олдгийн ганц жишээ. Харамсалтай нь ингэж талцсаных нь хөлд ард түмний амьдрал, улс орны хөгжил үрэгддэг.  Оюутолгой ч яг л ийм талцал тулааныг Монголын парламент төдийгүй, энгийн ард түмний дунд ч өрнүүлээд буй юм.

Зөв ашиглаж чадвал биднийг хэдэн үеэр нь тэжээх саалийн үнээнүүдийн нэг нь яах аргагүй Оюутолгой. Урьдчилан тогтоосон нөөцөөр 25 сая тонн зэс, 1028 тонн алт авч болох энэ том ордын 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг. Үлдэх 66 хувь нь “Туркуаз Хилл Рессурс” буюу хуучнаар “Айвэнхоу майнз” компанид хамаатай. Түүнийх нь  51 хувийг дэлхийн уул уурхайн томчуудын нэг “Рио Тинто” эзэмшдэг. Уурхайн үйл ажиллагаа хэдийнэ эхэлсэн. Нэг үгээр үнээгээ саагаад сүүг нь аваад эхэлсэн юм билээ. Үргэлжлүүлээд сайн саах уу, эсвэл тэгсхийгээд ширгээчих үү гэдэг өдгөө биднээс хамаарч магадгүй болоод байгаа.

Уг нь Монголын говьд ийм их баялаг байна гэдгийг санамсаргүй нээж, үүгээр дэлхийн анхаарлыг татаж чамгүй их хөрөнгө зулгаагаад ирсэнд нь “хорт” Бобод бид талархах учиртай. Яг үнэндээ манайх шиг тогтворгүй хууль эрх зүйн орчинтой улсыг зорьж зориглох хөрөнгө оруулагч олно гэдэг тийм ч амаргүй хэмээн олон улсын зах зээлээс хөрөнгө босгох чиглэлээр мэргэшсэн нэгэн хэлж байсан. Түүнээс гадна Оюутолгойн гэрээнд алдаа мадаг хангалттай их бий. Гэхдээ үүнийг яг одоо засна гэж давшлах нь тийм ч ухаантай алхам биш. Баялгийн ихэнх хувь хөрсөн доороо байгаа, тэр баялагт хүрэх замыг гадныхнаар баттай сайн тавиулж аваад шаардлагаа зугуухнаар чангалж өөртөө ирэх ашгийг тэр хэрээр нэмэх боломжтой ч гэж байсан. Тэгээд ч энэ удаагийн мэтгэлцээнээр С.Ганбаатар амлаж байсандаа хүрсэнгүй. Тэр өөрөө ирүүлд дуудаж, хамгаас чангаар хашгирч өөрийнхөө талд нийгмийн сэтгэл зүйг хангалттай сайн бэлтгэсэн хэрнээ тун ч муу “буудлаа”. Нөгөө л гудамжнаас шаардлага тавьж, хоосон баахан хашгирдаг С.Ганбаатар хэвээрээ харагдав. Тэр хэлж ярьж буйгаа бодитой гэж харагдуулахад огт анхаараагүй бөгөөд үүнийх нь уршгаар түүний ярьсан бүхэн ердөө л хартай эхнэр дуулсан ховоороо нөхрөө “ороолгож” буй мэт сэтгэгдэл төрүүлснээс цаашгүй. Уг нь УИХ-ын гишүүн болсон түүнд хэрэгтэй мэдээллээ хангалттай цуглуулж, ард түмний тархийг бүрэн цэнэглэх боломж байсан. Харамсалтай нь Оюутолгойн гэрээ яг ийм ийм зүйлээрээ ингээд монголчуудад ашиггүй байгаа юм гэдгийг хэн бүхний нүдэнд харагдаж сэтгэлд тэмтрэгдэхээр бодитой болгож чадсангүй. Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт самбар шохойтойгоо зууралдаж хичээлийн цагаа бардаг багш ч ховордсон атал эрхэм гишүүн самбар эрээчихээс хэтэрсэнгүй. Энэ нь бодит байдалд нийцэхгүй, тооцоо судалгаагүй, хий хардсан зүйл ярьж байсан болгож өөрийгөө харагдуулсныг ойлгосон болов уу.

Харин түүний өрсөлдөгч С.Баярцогт мэдээлэл хийгээд мэдлэгээр илүү, мэргэшсэн гэдгээ гайхуулж чадсан. Үзүүлж харуулах зүйл арвинтай ирсэн нь үнэндээ хүмүүст таалагдсан. Түүнээс гадна түүний өөрийнхөө хийсэн зүйлийг буруу ч байсан хамгаалах гэж бүх талаар бэлтгэсэн нь илүү оноо авчирсан байх. Гэхдээ тэр зодуулж буй талыг нь дэмждэг монголчуудын өрөвдөх сэтгэхүйг тооцоолоогүй тоглосон. Сонсогчдыг өөртөө татах илүү мэдээлэлтэйдээ илтэд омогшсон төрх нь хүмүүст таалагдаагүй ч монголчууд энэ гэрээнээс чухам ямар байдлаар яаж ашиг хүртэж буй талаарх мэдээлэл бага сага ч бол өгч чадсан юм. Тэгээд ч  С.Баярцогтын ярьж байгааг сайн ухаж ойлгох хэрэгтэй санагдсан. Хэдийгээр бид 34 хувийг нь эзэмшиж байгаа ч татварын бодлогоор, энэ уурхайг дагасан бусад үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэх замаар ашгаас нь илүү ихийг хүртэхийн хамт орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, хүмүүсээ сургаж мэргэшсэн боловсон хүчинтэй болох зэргээр гартаа барьж тоолох мөнгөн дэвсгэртээс гадна олж болох ашиг чамгүй арвин байх боломжтой юм билээ. Наад зах нь ханган нийлүүлэгчдийн зах зээлийг бид өөрсдийн болгох ёстой. Энэ талыг нь харж хүнээр яаж илүү их ажил хийлгээд ашгаас нь ахиухныг халааслах вэ гэдэг дээр уран бэрийн нүүдэл хэрэгтэй гэж бодогдсон. Түүнээс энэ миний юм, би бүгдийг нь авна гээд гараа хөдөлгөхгүйгээр бусдын бүтээснийг хуйгаар нь булаачихна гэж тооцож болохгүй юм билээ. Ингэвэл баялаг нь багтаж ядсан байлаа ч Монголыг гэж ирэх хөрөнгө оруулагч олдоно гэдэг бэрх.

Түүнээс гадна нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй юм. Оюутолгой манай баялаг, тиймээс бид 51 хувьд нь эзэн сууна гэж ярих амархан. Магадгүй авчихаж ч болох байх. Гэхдээ авсныхаа хэрээр хариуцлага хүлээж, хувь нэмрээ оруулах учиртай. Гэтэл бид яадаг билээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс эзэмшдэг. Энэ утгаараа орос ах нарт санаа оноогоо тулган, суудал сандлыг нь бужигнуулж нэг үгээр “Эрдэнэт” гэж саалийн үнээний ашиг шимийг ард түмнээс түрүүлж улстөрчид хүртэх боломжтой байдаг. Шахааны бизнесийн хөлд байдгаа шавхаж модоо барихдаа ч хүрэх үе гардаг гэсэн. Ийм маягаар эрх барьж буй намын гол санхүүжүүлэгч болж олон жилийн турш явж ирсэн энэ үйлдвэрийг өдгөө хамтрагч маань үнэ хүргээд зарах хатуухан болзол тулгаж байгаа. Оюутолгойн 51 хувийг Монголын төр эзэмшдэг боллоо гэхэд эгээ л “Эрдэнэт” лугаа болгохгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн хойно энэ гэрээний ашигтай ашиггүйгээр маргаж цаг алдахын оронд 34 хувийнхаа эрх мэдлийг нэмэх тал дээр санаа оноо уралдуулах хэрэгтэй юм.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛ УЛСАД ЯМАР Ч ЭРСДЭЛГҮЙ
-САНХҮҮГИЙН ЭРСДЭЛГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ

Халз мэтгэлцээний эхний асуулт Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашигтай болсон уу, үгүй юу гэдэг дээр оролцогчид байр сууриа илэрхийлэх байсан. Яг энэ асуултад УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар чухам юу гэж хариулсныг хүргэж байна.  

С.БАЯРЦОГТ:

-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ бол Монгол Улсад ямар ч эрсдэлгүй. Хоёрдугаарт, энэ бол ашигтай гэрээ. Нийт орлогын 53 хувийг буюу өнөөгийн үнэ цэнээр нийт орлогын 59 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ биш. Эрсдэлгүй гэдгээ тайбарлая. Байгалийн баялаг 100 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна. Төслийн санхүүжилт 100 хувь гаднаас орж ирж байна. Компанийн эзэмшлийн хувьд 66  хувь нь хөрөнгө оруулагчийн, 34  хувь нь Монголын талынх. Ашгийн хуваарилалтын хувьд 53 хувь нь Монголын талд, 47 хувь нь хөрөнгө оруулагчдын талд. Санхүүжилт нь 100 хувь гаднаас орж ирж буй гэрээний нийт ашгийн 53 хувь Монголд оногдож байгаа. Монголын талд яагаад эрсдэлгүй вэ гэдэг асуудал байгаа. Хүмүүс болохоор үүнийг зээлийн гэрээ гэж ойлгоод байгаа. Бизнесийн хувьд бүх нөхцөлд ашигтай байх юм бол эрсдэлгүй гэж тооцдог. Тэгвэл бизнес ашигтай нөхцөлд Монголын талд ашигтай, 53 хувийн ашгаа авна. Бизнесийн эрсдэлтэй нөхцөлд буюу орлого зарлага тэнцүү нөхцөлд ч Монголын тал ашгаа авна. Бизнес алдагдалтай үед ч Монголын тал татвараар ашгаа авна. Хөрөнгө оруулагч бол бизнесийн ашигтай нөхцөлд л ашгаа авна. Орлого зарлага тэнцүү нөхцөлд алдагдал хүлээнэ. Алдагдалтай нөхцөлд илүү алдагдал хүлээнэ. Дээрээс нь санхүүжилтэндээ 5.1 тэрбумын америк доллар оруулна. Харин бид санхүүжилтэд нэг ч төгрөг гаргахгүй. Орлого зарлага тэнцсэн үед бол орлогын татвараас бусад бүх татвараа авна. Ойролцоогоор найман тэрбум төгрөг. Хөрөнгө оруулагчид юу ч авахгүй, өр төлбөрөө бүрэн хариуцна. Алдагдалтай ажилласан үед монголчууд найман тэрбумынхаа татварын орлогыг бүтнээр нь авна. Орлогын албан татвар авахгүй. Санхүүжилтэд ямар ч мөнгө гаргахгүй. Өр төлбөр хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол Улсад огт эрсдэлгүй гэрээ. Санхүүжилтийн хувьд маш сайн, сонгодог санхүүжилтийн загварыг сонгож авсан. Гурван төрлийн санхүүжилт явна. Энгийн хувьцааны санхүүжилт, хувь нийлүүлэгчийн санхүүжилт, гурав дахь этгээдээс авах санхүүжилт. Энэ санхүүжилт дээр Монголын талын эрсдэлийг бүрэн хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгчийн гэрээгээ хийнэ. Гэрээний 10.1-т зааснаар бол шаардсан мөнгөн хөрөнгийн хэсгийг энэ гэрээний дагуу нийлүүлэх шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ ийм үүрэг хүлээхгүй.

С.ГАНБААТАР:

-Миний хувьд энэ гэрээний эсрэг биш. Ганцхан энэ гэрээ маш муу гэрээ болсныг ярих боломж олдож байна. 2006 оноос эхлээд олон олон удаа жагсаал цуглаан, олон эрдэмтдийн голоо харалтал орилж, хэлж байсан үг байна. Дээр нь нэмээд өлсгөлөн зарлаж байсан үеийн 11 хүн гээд олон хүний олон жилийн хөдөлмөрийг илэрхийлэх боломж өнөөдөр ирж байна. Цаашид энэ гэрээг ард иргэдэд сайн болгохын төлөө тууштай явна. Энэ гэрээ тааруу болсон гэдгийг хэлмээр байна. С.Баярцогт гишүүн маш чухал зүйлүүдийг ярилаа. 53 хувийг нь монголчууд авна гэж хэлсэн. Тэгэхээр тэр 53 хувь дотор юу багтаж байгааг задалж хэл. Ерөнхий хэлэх тусам энэ аюултай. Энэ дотор рояалти /нөөц ашигласны татвар/ байгаа. Ашгийн татвар байгаа. Энэ дотор бас ноогдол ашиг байгаа. Дээр нь нэмээд бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийн ашгийг арай оруулаагүй байх. Ер нь энэ дөрвөөр улс орон тогтвортой байдлын гэрээнээс ашгаа авдаг. Тэгэхээр рояалти, ашгийн татвар хоёрыг бид Лондонд юм уу, Австралид очоод, эсвэл Канадад уурхай ажиллуулсан ч авна. Дэндүү муу рояалти, дэндүү муу ашгийн татвар байгаа. Тэднийг дараа нь ярья. Ноогдол ашгаа эхэлж ярья. Бизнес бол ноогдол ашгаа эхэлж ярина. Ноогдол ашиг дээр уурхайгаас нэг кг зэс олборлоогүй байхдаа бид 3.1 тэрбум долларын өртэй байгаа. Одоо өрөнд орчихсон. Үүнийг санхүүгийн эрсдэлгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл эхний жил бид 9.9 дээр нэмэх нь Америкийн инфляцийг оруулаад 11 хавьцаа гэж судлаачид ярьдаг. Тийм өртэйгөөр авсан. Би бол судлаачдын өндөр тоог биш хамгийн багаар авъя. 6.1 тэрбум долларыг бид одоо энд анхны хөрөнгө оруулалт гэж тооцож байгаа. Гишүүн хэрвээ зөрүүтэй бол хэлээрэй. Нэг тэрбум нь хайгуулын зардалд, 5.1 тэрбум нь ТЭЗҮ дээр байгаа зардал. Гэхдээ гэрээн дотор бол дөрвөн тэрбум орчим гэж бичсэн. Яагаад зөрүүтэй байдгийг тайлбарлах байх. Тэгэхээр 6.1 тэрбумын бидэнд ноогдох өр нь 2.084. Нэг тэрбум долларын өртэй. Үүний хүү, одоо аль хэдийнэ 1.1 тэрбум долларын өр болон хүүний өртэй байгаа. Түүн дээр 250 сая доллар авсан. 150 сая доллар авсан. Үүний хүүг бид 21 жилдээ төлж чадахгүй. Бид ноогдол ашгийг 21 жил авахгүй гэсэн тооцоо байгаа.

Н.САРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж