“Бодь Электроникс” ХХК “Corporate Solution” семинар зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

“Бодь Электроникс” ХХК “Corporate Solution” семинар зохион байгууллаа

Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Бодь электроникс” компаниас нэгэн сонирхолтой үйл ажиллагааг өнгөрөгч пүрэв гаригт зохион байгууллаа.

“Corporate Solution” нэртэй энэхүү арга хэмжээнд манай улсын томоохон яамд, тамгын газар, бусад төрийн болон бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөл оролцсон юм. Учир нь энэ үеэр “Бодь электроникс” компани мэдээлэл технологийн салбарт дэлхий нийтэд хүртээл болж буй хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан тул ийн төрийн болоод бизнес, уул уурхайн салбарынхан нэгэн зүгт анхаарлаа хандуулсан хэрэг. Түүнчлэн энэ үеэр арга хэмжээнд уригдан ирсэн мэдээлэл технологийн инженерүүд ажлын уялдаагаа сайжруулах, харилцаа холбоог нягтруулах, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрчим хүч, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан билээ.

Арга хэмжээг нээж “Бодь электроникс” компанийн гүйцэтгэх захирал Х.Оюунчимэг үг хэлсэн бол дараа нь борлуулалт, маркетингийн захирал Б.Золбоо компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх шинэ соргог мэдээллийг өгсөн юм.

“Бодь электроникс” компани нь 1995 онд мэдээлэл технологийн шийдлүүдийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор анх байгуулагдаж байсан гэдгийг хэрэглэгчид санаж буй биз ээ. Энэ үеэс хойш олон улсын болоод бүс нутгийн хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр өнөөдрийг хүртэл тогтмол амжилттай ажиллаж байгаа юм. Тус компанийн хамт олны зорилго нь дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй танилцуулж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой.

Уг арга хэмжээнд илтгэл тавьсан эрхмүүд мэдээлэл технологийн салбарыг арван хуруу шигээ мэддэг хүмүүс байлаа. Тэдний нэг бол Молодецкий юм. Тэрээр Япон улсын “Fujitsu” корпорацийн Азийн бүсийг хариуцан ажилладаг. “Fujitsu” бол “Бодь электроникс”-ийн хэрэглэгчдэдээ хүргэдэг чанартай бүтээгдэхүүнүүдийн нэг. “Fujitsu” нь компьютер болон мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр 1999 оны аравдугаар сарын 1-ний өдөр Герман-Японы хамтарсан компани болон байгуулагдаж байсан юм. “Fujitsu” нь байгаль орчинд хоргүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг компьютерийнхаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой. Тиймээс ч байгаль хамгаалал болон экологийн хамгийн хатуу шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүнд олгох “Gereen IT” хэмээх тэмдгийг санаачлан хэрэгжүүлж, үйлдвэрлэгчдэд энэхүү тэмдгийг авах болзлыг хэрхэн хангах талаар зарлаж байв. Энэ нь тухайн технологиор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлтийн болон ашиглалтын явцдаа байгаль орчинд хор хөнөөлгүй буюу учруулах хор хөнөөлийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн норм стандартын хэмжээнд байна гэсэн үг юм. Мөн хэрэглэлтийн хугацаа дууссаны дараа ч ямар нэгэн хортой элемент үүсгэхгүй, байгальдаа эргэж шингэх боломжтой учир бусад ийм төрлийн техникүүдээс олон талаар давуу талтай гэсэн үг юм.

Үүнийг ч энэ өдөр илтгэл тавьсан Молодецкий хэлж байсан юм. Түүний хэлснээр “Fujitsu” нь дэлхийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын гуравдугаарт буюу IBM, HP брэндүүдийн дараа ордог байна.

Хэрэглэгчид “Fujitsu”-гийн бүтээгдэхүүнийг авахыг хүсвэл зөвхөн албан ёсны эрхтэй “Бодь электроникс”-тэй харилцахыг ч сануулж байсныг энд хэлэх хэрэгтэй болов уу. Ингэснээр хэрэглэгчид Япон улсад байдаг үнээр нь буюу ямар нэг нэмэгдэл зардалгүйгээр хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой юм.

Энэ мэт “Fujitsu”-гийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа тус компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн “notebook”-ийг танилцууллаа. Дэлхийн хамгийн нимгэн “notebook”-ээр шалгараад буй уг зөөврийн компьютер нь 14 инчийн, 3G, байгальд ээлтэй, сим картаа хийгээд интернэтэд шууд орох боломжтой зэрэг зөөврийн компьютерт байршуулж болох бүхий л боломжийг багтаажээ.

Молодецкийгийн дараа илтгэл тавьсан хүн бол Максим байв. Тэрээр “Fujitsu”-гийн Zero Client буюу виртуал зохион байгуулалтын нэгэн шинэ шийдлийг танилцуулсан юм.

Уг бүтээгдэхүүн нь мөн л байгальд ээлтэй, ногоон технологи гэдгээрээ олон улсад алдартай. Олон хүнтэй, хэрэглэгчийн тоо ихтэй байгууллагад эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хэмнэлт авчраад зогсохгүй зай талбай хэмнэсэн, нууцлалын шинэлэг шийдлийг агуулсан гэдгээрээ манай зах зээлд шинэлэг юм. Олон тооны хэрэглэгчийн ширээн дээр зөвхөн дэлгэц байх бөгөөд процессор нь нэгдсэн сервер байх тул хэрэглэхэд хялбар найдвартай технологи ажээ.

Орчин үеийн видео хурлын шийдлийн тэргүүлэгч “Cisco”-гийн шинээр худалдаанд гарах бүтээгдэхүүнийг ч энэ үеэр танилцуулсан. Энэхүү бүтээгдэхүүн нь цаг хугацаа, хөрөнгө санхүү, аюулгүй байдал, шуурхай ажиллагаа, шийдвэр гаргалт зэргийг цогцоор нь шийдэж чадна гэдэгт та итгэлтэй байж болох нь ээ. Мэдээж гадаад, дотоод томилолтын зардлыг хэмнэнэ гэдгийг хэлэх нь илүүц болох болов уу. Тус компанийн брэнд менежер Д.Энхболдын хэлснээр Cisco-г ашигласнаар байгууллагын бүхий л ажилчид хоорондоо илүү бодитойгоор холбогдон хийж буй ажлынхаа талаар зөвлөгөө авах хамтран нэг баг болж ажиллахад маш хялбар болох ажээ.

Манай улсын төрийн байгууллагууд нь ихэвчлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт засаг захиргааны нэгж болон байрласан байдаг. Иймээс удирдлагууд хөдөө орон нутагт шууд үйл ажиллагаагаа явуулах, удирдах, хянахад боломж хомс байдгийг ч энэ үеэр хэлж байлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж