Ганцаараа биш улсаараа хийсэн нэг алхам

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Ганцаараа биш улсаараа хийсэн нэг алхам

С.Баярцогт “Монголчуудын “за” андгай буй за” хэмээх Бямбын Ренчин гуайн үгээр УИХ-ын дэд дарга С.Баярцогт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх халз мэтгэлцээнийг өндөрлүүллээ. Үнэхээр ч монголчуудын “за” хэмээх үг андгай тангарагийн дайтай, хэрэв хэлсэн үгэндээ хүрч чадахгүй гэвэл хаан бол харцын зэрэгт хүргэж, ард бол ардын энтэй үзэхгүй хэмээх Чингис хааны сургааль бий. Түүний энэ үг бол өнгөрсөн сонгуулийн туг нь гэгдэж, өмнөх Засгийн газрын “бамбай” нь болж байсан энэхүү гэрээг нэгэнт эхлүүлсэн л бол заавал дуусгаж, монголын ард түмэн түүний үр ашгийг нь хүртэж, даяаршсан дэлхийд хэлсэн байгуулсан гэрээгээ хүндэтгэж, ажил хэрэг болгож, хэлсэн үгэндээ хариуцлагатайгаар хүрдэг ард түмэн гэдгээ нотлох хэрэгтэй гэсэн санаа байв.  Одоогоос хоёр сарын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлсэн. Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, харин эрсдэлгүй, сайн гэрээ болсон гэж дүгнэгсдийг төлөөлөн  УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар өнгөрсөн баасан гарагт халз мэтгэлцлээ.  МҮОНТ-ийн “Студи 600”-гаас орон даяар шууд дамжуулан  ард түмэнд хүрсэн мэтгэлцээний явц, үр дүн, ач холбогдлын талаар хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийв. Харин мэтгэлцээний дараа “Eagle News” телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр 14500 орчим иргэн онлайн хэлбэрээр болон утсаар холбогдож, мэтгэлцээний талаарх саналаа ирүүлсэн байна. Үүнд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг 57,1 хувь нь дэмжиж, харин С.Ганбаатар гишүүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийт оролцогчдын 41,3 хувь нь саналаа өгсөн бол үлдсэн 1,6 хувь нь хэнийг нь ч дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн билээ. Түүнчлэн иргэд facebook болон твиттер хуудаснаа өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Энэхүү мэтгэлцээнийг монголчууд төдийгүй дэлхий дахинаа чих тавин сонссон. Учир нь Оюутолгой бол зөвхөн монголчуудад хамаатай орд биш. Тодруулбал, 25 сая тонн зэс, 1028 тонн алтны нөөцтэй  энэхүү ордыг хэрхэн эзэмшиж, ашиглах тухай гэрээний талаарх мэтгэлцээн мэдээж дэлхий дахины сонирхлыг татсан нь мэдээж. 

ОЮУТОЛГОЙН ОРД

Оюутолгой Оюутолгой….. Монголын өмнийн говиос илэрсэн уул уухайн аварга том энэ орд дэлхийн сонорт талын Монголыг хүргэсэн гавъяатай. Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1987-1989 онуудад анхны геологийн зураглалын судалгаа хийгдсэн гэдэг. Харин Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Монгол улсын геологийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болж барууны компаниуд Монгол орны уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлж эхлэв. Улмаар 2009 оны аравдугаар сард Монгол улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, Оюу Толгой ХХК болон Рио Тинто компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж хүчин төгөлдөр болж Монгол улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34 хувийг эзэмших болсон билээ. Энэхүү гэрээ нь 7.7 их наяд төгрөг буюу  зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уурхайн үйл ажиллагаанд зарцуулах үндэс суурь болсон юм. Харин 2010 онд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол улсын Засгийн газар албан ёсоор Оюу Толгой төслийн 34 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Түүнчлэн 2010 онд Рио Тинто Оюу Толгой төслийг удирдахаар болсон. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой хэмээн үзэж, УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж, иргэдэд бодит мэдээллийг хүргэхийг зорьсон хэрэг. Оюутолгойн гэрээний талаарх халз мэтгэлцээний эхний байр суурь нь Монголчуудад ашигтай болсон эсэх байв. УИХ-ын дэд дарга С.Баярцогт нэг номерийг сугалснаар мэтгэлцээний дүрэм ёсоор эхэлж хариулах эрхийг олж авсан юм. Түүний хувьд дээрх гэрээнд гарын үсэг зурсан цагаасаа эхэлж өнгөрсөн гурван жилийн туршид Оюутолгойн гэрээг тайлбарлаж байгаагаа энэ үеэр онцолсон. Тэрбээр цааш нь “Би энэ гэрээг гурван жилийн турш тайлбарлаж байхад өдийг хүртэл хүмүүс ойлгоогүй байгаа нь муу тайлбарласных юм болов уу. Харин одоо сайн тайлбарлах боломж олгосон УИХ-ын гишүүн С.Ганбаатартаа баярлалаа” гэв.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эрсдэлгүй, монголчуудад ашигтай гэрээ болсон, учир нь…

-Монголчуудад ямар ч ашиггүй гэрээ болсон хэмээн УИХ-ын нэр бүхий 23 гишүүн дүгнэж, гэрээг өөрчлөх ёстой хэмээн УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлсэн. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт ашигтай болсон эсэхэд гуравхан тайлбараар хариулав. Энэ гэрээ ашигтай болсон эсэх нь мэдээж энэ мэтгэлцээний хамгийн чухал сэдэв байсан юм. Оюутолгойн гэрээ ашигтай, эрсдэлгүй гэрээ. Учир нь нийт орлогын 53 хувийг буюу өнөөгийн үнэ цэнээр 59 хувийг Монгол Улс эзэмшиж байгаа юм. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ болохоос  зээлийн гэрээ биш.Түүнээс гадна байгалийн баялаг 100 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд, төслийн хөрөнгө оруулалт 100 хувь гаднаас орж ирж байна. Компанийн эзэмшлийн хувьд 34 хувь нь Монголын талд 66 хувь нь гадны мэдэлд байгаа. Ашгийн хуваарилалтын хувьд 53 хувь нь монголын талд 47 хувь нь хөрөнгө оруулагчдын талд байна. Санхүүжилт 100 хувь гаднаас ашгийн 53 хувь нь монголчуудад ногдож байгаа учраас энэ гэрээ ямар ч эрсдэлгүй. Хүмүүс үүнийг зээлийн гэрээ гэж ойлгодог. Бизнес ашигтай нөхцөлд Монголын тал 53 хувийн ашгаа авна, бизнес эрсдэлтэй үед буюу орлого зарлага тэнцүү нөхцөлд ч ашгаа хүртэнэ, алдагдалтай үед ч татвараар ашгаа хүртэнэ, санхүүжилтэнд нэг ч төгрөг гаргахгүй. Харин хөрөнгө оруулагч тал бизнес зөвхөн ашигтай нөхцөлд ашиг хүртэнэ. Ашигтай ажилласан нөхцөлд монголын тал 53 хувийн, хөрөнгө оруулагч тал 43 хувийн ашгаа тус тус хүртэнэ. Дээрээс нь санхүүжилт дээр 5.1 тэрбум ам.доллар нэмж гаргуулна.Орлого зарлага тэнцүү үед найман тэрбум төгрөгийн татварын орлогыг авна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтэнд нэг ч төгрөг гаргахгүй, өр төлбөр хариуцахгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал 5.1 тэрбум ам.доллараа алдаад зогсохгүй гарч буй өр төлбөрөө хариуцна. Санхүүжилтийн хувьд энгийн хувьцааны, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдээс авах зэрэг хамгийн сайн хувилбарыг ашигласан гэдгээ энэ үеэр УИХ-ын дэд дарга онцолсон юм. Харин одоогийн байдлаар нэг ч кг зэс олборлож эхлээгүй байж хэдийнэ 3.1 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байгааг анхааруулсан. Улмаар энэхүү гэрээнээс монголчууд ойрын 21 жилийн туршид ногдол ашиг хүртэхгүй гэдгийг сануулав. Гэхдээ С.Ганбаатар гишүүний хувьд Оюутолгойн гэрээний анхны хөрөнгө оруулалтын тоог мэдэхгүй байсан нь олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн юм. Тодруулбал, С.Ганбаатар гишүүн 6.1 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд түүнээс бидэнд ногдох өр нь 2.1 тэрбум ам.доллар, түүний хүү нь 1.1 тэрбум ам.доллар болсон. Бид энэ өрийг 21 жил төлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, монголчууд энэ гэрээнээс ойрын 21 жилдээ ногдол ашиг хүртэхгүй гэв. Харин С.Баярцогт гишүүн хариуд нь хайгуулын зардлыг ойролцоогоор нэг тэрбум, нэмж орох анхны хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум 425 сая ам.доллар гэж заасан юм. Ингээд нийлбэр дүнгээрээ 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болж байгаа тайлбарлав. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирчихсэн, үйлдвэрлэл нь эхлэх гэж байгааг сануулсан юм. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт түүнийг буруу дүгнэлт хийснийг баримттайгаар өгүүлээд дараах тайлбарыг хийсэн юм. Гэрээ байгуулсан учраас үүнийхээ төлөө хариуцлага хүлээхээ мэдэгдэж, гэрээний хавсралт нь өөрөө ТЭЗҮ болж байгаа тухай ч сануулсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн, учир нь…

-Мэтгэлцээний удаах асуудал бол гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн эсэх байв. Энэ гэрээнд хууль зөрчсөн нэг ч заалт байхгүйг тэрбээр хэлсэн юм. Тодруулбал, эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна гэж заасныг С.Баярцогт гишүүн тайлбарласан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээгээр талуудын эрх үүрэг адил төвшинд баталгаажиж чадсан, учир нь….

-Хичээнэ, чармайна гэсэн үгс орсон энэхүү гэрээг хэт нэг талыг барьсан гэрээ болсныг С.Ганбаатар гишүүн самбар ашиглаж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, ямар зээлийг хаанаас, ямар нөхцлөөр авч байгаа нь тодорхойгүй байгааг сануулсан юм. Тиймээс ч Монгол Улс тойргийн гадна гарчихсан байгааг анхааруулав. Тиймээс ч энэ гэрээ зээлийн гэрээ болсон гэв.  Харин С.Баярцогт гишүүн С.Ганбаатар гишүүнийг  энэ гэрээний талаар ямар ч ойлголтгүй байгааг дурьдаад зээлийн болон хөрөнгө оруулалтын гэрээний ялгааг тайлбарласан юм. Хэрэв зээлийн гэрээ байсан бол Монголын тал хариуцлага хүлээх байв. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ учраас ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг гэрээнд тусгасан талаар энэхүү гэрээ ДНБ-ний 60 хувьтай тэнцсэн хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд өөрөөр хэлбэл, монголд эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойн мөнгө гэдгийг онцолсон. 70 жил үргэлжлэх бизнесийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд нарийн тооцоо, судалгааг хийсэн гэдгээ ч мэдэгдсэн юм. 

Оюутолгойн уурхай  байгаль орчинд ээлтэй, учир нь….

Сэлэнгэ мөрнийг говь руу татна гэвэл Монгол Улсын Засгийн газар шалтгаангүйгээр татгалзах эрхгүй гэдгийг С.Ганбаатар гишүүн онцлов. Харин С.Баярцогт гишүүн байгаль орчны асуудлын хувьд тухайн компанитай гэрээ байгуулах шаардлагагүй гэдгийг сануулсан юм. Учир нь хуулийн хүрээнд  энэ асуудал шийдвэрлэгдэх учиртай. С.Ганбаатар гишүүн үнэхээр гуйвуулж байгааг онцлоод, ТЭЗҮ-г дахин сайтар уншихыг сануулав. Юун Сэлэнгэ мөрөн, ингэж асуудлыг гуйвуулж  болохгүйг сануулсан юм. Тус гэрээний ТЭЗҮ дээр усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай тодорхой заасан байгааг онцоллоо.

Монголын газар нутгийг зарахгүй гэсэн баталгаа энэ гэрээнд байгаа юу

Баялаг, газар, нөөц бол 100 хувь Монголын өмч. Ашигт малтмалын хуулиар 100 хувиар ОТ LLC… компанийн  66, 34 гэдэг бол хөрсөн доорхи баялгийг эзэмших тухай асуудал биш. Компани нь бүтээн байгуулалт явагдаад гарч буй хөрөнгөө хуваах асуудал. Монгол Улсын ашигт малтмалын хууль болон бусад хууль тогтоомжоор 100 хувь зохицуулжээ. Тиймээс ч газар нутгийн бүрэн бүтэн байдлын хувьд ямар ч асуудал байхгүй гэдгийг сануулсан юм. Дашрамд дурьдахад, Эрдэнэтийн үйлдвэр, Багануур, Шивээ-Овоогийн уурхай хэвийн ажиллаж ирснийг сануулав. Харин С.Ганбаатар гишүүний хувьд ямар ч хяналтгүй байгааг анхааруулаад С.Баярцогт гишүүнийг тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээ эсэхийг ялгахгүй байгааг анхааруулаад зэс хайлуулах үйлдвэр баригдахгүй гэв. Харин үндэснийхээ эрдэмтэн судлаачдын үгийг сонсоогүй хэмээн буруутгаж байгаагаа ч мэдэгдсэн юм. Тэгвэл С.Баярцогт гишүүн анхны ажлын хэсэг 2006 онд байгуулагдсаныг сануулаад түүнээс хойш гурван удаа ажлын хэсэг байгуулагдаж, гурван удаа УИХ-д  төсөл өргөн баригдсаныг анхааруулав. Энэ бүхэнд эрдэмтэн судлаачдын саналыг авсан. Тиймээс ч ийм том төсөл дээр санал нэгддэг зүйл байдаггүй юм. Санал зөрдөг Авирмэд, Хурц гуай нарын шүүмж, үгийг авахыг нь авч, хаяхыг нь хаясан гэдгээ таван Засгийн газар дамжиж, долоон жил үргэлжилж, УИХ-д гурван удаа оруулаад, улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гурван удаа орж, УИХ-ын 40, 57 дугаар тогтоол гарч байж төслийн баримт бичгүүд бүрдсэн. Санхүүгийн болон эдийн засгийн модель бүрэн хийгдсэн. УИХ дээр монголчуудын болон “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийн  санхүүгийн модель өрсөлдөж байсан. Үр дүн бол ойролцоо байсан. Харьцуулсан судалгааг бид олон байгууллагаар хийлгэсэн.

Ашиглаж дуусаад ордыг зарахгүй гэх баталгаа байгаа, учир нь…

-С.Ганбаатар гишүүний хувьд “Ийм тэнгэрийн умдаг атгасан мэт ордыг зарахгүй гэх баталгаа байхгүй  гэдгийг баталгаатай хэлнэ” гэв. Харин С.Баярцогт гишүүн “Би С.Ганбаатар гишүүн шиг далдыг хардаг  далай лам биш болохоор мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан найдвартай байх үүднээс нь хувьцаа шилжүү­лэхийг хязгаарласан батал­гаажсан нэмэлт гэрээ байгуулчихсан. Рио-тинто өөрийн 51 хувийн эзэмшлийг ямар нэгэн байдлаар хөдөлгөхийг хүсвэл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой.

Гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой, учир нь…

-Энэ бол 70 жилийн настай гэрээ учраас хоёр тал бичгээр гэрээнд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Тиймээс ч энэ бол өөрчлөлт орж болдог гэрээ болохыг С.Баярцогт онцолсон. Харин С.Ганбаатар гишүүн “Энэ бол өөрчлөлт оруулахад маш хэцүү гэрээ болсон. Ийм аймшигтай гэрээнд өөрчлөлд оруулахын тулд бид эрдэмтэн мэргэдтэйгээ хэлэлцэж, Засгийн газар гомдол гаргах бүхий л боломжийг нээлттэй болгох нь чухал.Тэгээд ч гэрээ нээлттэй байх ёстой, хүн бүхэн уншдаг байх хэрэгтэй” гэв. Харин Оюу­толгойн дөрвөн гэрээг хэвлэхийг даалгасан бөгөөд сонирхсон хүн нь уншдаг байх боломж олгохыг хүссэн тухайгаа С.Баярцогт гишүүн онцолсон юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс монголчуудын  гавьяа

Оюутолгойн гэрээг баталж, төслийг хөдөлгөөгүй бол эдийн засаг 17 хувь өсөх байсан уу. Намууд 2008 оны сонгуулийнхаа бэлэн мөнгөний амлалтыг ямар эх үүсвэрээс шийдэх байсан юм бол.  Хэрвээ энэ төсөл эхлээгүй байсан бол өнөөдөр 12 мянган хүн Оюутолгойд ажиллаж,төслийн дагалдах бизнест Монголын 2400 гаруй аж ахуйн нэгж оролцон нэг тэрбум шахам ам.долларын ажил гүйцэтгэх байсан болов уу. Чухамдаа ийм үр дүнд хүрэх гэж, Оюутолгойн гэрээг батлах гэж МАН олонхийн эрхээсээ, АН сөрөг хүчин байхаас татгалзан хамтарсан Засгийн газар байгуулсан. Зорилгодоо хүрч гэрээгээ баталсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутолгойн гэрээг баталснаар монголчууд бид улсаараа урагшаа нэг алхлаа” гэж дүгнэсэн. Ямартай ч Монгол Улсын эдийн засаг 17 хувь өссөн, хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг шийдсэн, иргэддээ 21 мянган төгрөг сар бүр тараасан, оюутнуудыг сарын 70 мянган төгрөгийн цалинтай болгосон, иргэдийн ажиллах урам зориг нэмэгдсэн, ахмадуудад байр, сая төгрөг өгсөн нь яах аргагүй Оюутолгойн гэрээний гавьяа. Тиймээс ч Монголчууд бид энэ гэрээнээс үр ашгийг нь эхнээс нь хүртэж эхэлжээ. Цаашид биднийг 70 жил тэжээх энэ уурхайн үйлдвэрлэл ирэх онд эхэлнэ. Дахин сануулахад, Оюутолгойн гэрээ бол монголын ард түмэнд ашигтай, эрсдэлгүй, зээлийн бус хөрөнгө оруулалтын гэрээ. Ямартай ч энэхүү мэтгэл­цээний үр дүнд гадны хөрөнгө оруулагчдад асуудал цэгцэрч, илүү ойлгомжтой боллоо. Учир нь Монгол Улсын Их Хурлын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар хоёр талцсан байр суурьтай байсан юм. Энэхүү мэтгэлцээнд хоёулаа Монголын талаас оролцсон нь нэгдсэн ойлголт, мэдээллийг өгсөн хэрэг байв.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж