“…Төрсөн өдөр маш гоё баяр. Бид үзэгчидтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэхийг мөрөөдөж байлаа. Өнөөдөр энэ мөрөөдөл биелэх нь…” Энэ бол хамтлагийнхны сэтгэгдэл. Тайзны гэрэл унтарч хаа сайгүй гар утасны гэрэл гялбалзаж байх тэрхэн мөчид тоглолт эхлэхийг зарлан тунхаглаж хамтлагийнхан дэлгэцэн дээр өнөөдрийн тоглолтыг хэр удаан хүлээснээ үзэгчиддээ хэлэв. Угтаа тэд ч хүлээж, бид ч бас тэднийг удаан хүлээчихэж. Тэдний дүрс дэлгэцэн дээр гарсны дараа танхимд дахин харанхуй ноёлов, энд тэнд бүлтэлзэх гар утасны гэрлийг эс тооцвол шүү дээ. Тайзны ар талын гурван тусдаа дэлгэцэн дундуур хамтлагийнхан гарч ирлээ. Энэ бол удаан хүлээсэн мөчийн эхлэл байсан юм.
“Нулимс”. Энэ бол тэдний анхны клиптэй дуу нь. Бүтэн жил тойрон байж анхны клип нь мэндэлж байсан түүхтэй. Энэ үдшийн тоглолт ч энэ дуугаар эхлэв. 12 жилийн өмнө цацагдаж байснаасаа ялгаатай нь тэд Т.Солонгоогүй дуулсан. Үзэгчид ч түүнийг хаа нэгтэйгээс эрж байгаа мэт “Солонгоотой дуулдаг шүү дээ” гэж ам, амандаа шивнэлдэх. Тэд ийнхүү тоглолтоо эхлүүлэв. Араас нь ая болгонд нь дурсамж агуулсан дуунууд үзэгчидийн зөвхөн чихэнд биш зүрхэнд өртөөлөн эгшиглэсэн билээ.
Тоглолтын эхний хэсэгт анхны дуунууд болоод дунд үеийн үзэгчидийн сэтгэлд хүрсэн дуунуудыг хүргэв. Мөн сүүлийн цомогт нь багтсан дуунууд ч сонор мялаасныг хэлэхэд илүүдэхгүй. Харин хоёр дахь хэсэгт үзэгчдийг бүр илүү уяраасан үйл явдлууд хүлээж байсан. Хэдийгээр энэ тухай өмнөх өдрийн үзэгчдээс аль хэдийнэ сонссон ч нүдээр үзэж, чихээр сонсох тэрхэн агшныг чухам юу ч гүйцэхгүй гэлтэй.
“Эмоушин”-ы эхлэлийг тавигч хүн бүхэнд ил ч “нууц” ноёнтон. Ингэж хэлэхээр хэн бүхэн андахгүй. Энэ бол хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат. Тэрээр амьд хөгжмийн хамтлагтай нэгдсэн юм. Төгөлдөр хуурын айзам, хэмнэл, эвлэгхэн хоолойгоороо тэр энэ үдшийг чимсэн. Бас ч үгүй үзэгчдийг бага зэрэг хөгжөөгөөд авсан гээч.
“Хунгийн дэгдээхэй”. Энэ бол хуучны дуу. Бүр тодруулбал “Анхны алхам” киноны дуу. 2000-аад оны эхэнд энэ дууг Б.Чинбат, “Эмоушн” хамтлаг дахин амилуулсан билээ. Угтаа шинэ цагийн хүүхдүүд бараг мартагнаад байсан энэ дууг дахин сануулсан гэхэд хилс болохгүй. Тэд энэ дуугаа үзэгчидэд сонирхуулсан. Гэхдээ нэг онцлогтой. Хуучны “Эмоушн” үзэгчдийн өмнө Т.Солонготойгоо гарч ирлээ. Тэд хамтдаа яг л хуучных шигээ тийм л аялгууг үзэгчдэд харуулсан, сонсуулсан. Басхүү мэдрүүлсэн юм. Тоглолт эхэлснээс хойш үзэгчид хайж, дурсч байсан тэр хүн гарч ирснээр үзэгчдийн сэтгэлийг улам их хөдөлгөсөн билээ. Бүсгүйчүүд нэг, нэгэндээ талархлаа илэрхийлж, баярын нулимс унагаасан нь ч хуран цугларсан үзэгчид, ялангуяа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж дөнгөв. Гэхдээ энэ бүхэн эхлэл нь.
1997 он. Залуучуудын соёлын төвд таван хүний бүрэлдэхүүнтэй нэгэн охидын хамтлаг үзэгчдийг уярааж байлаа. Энэ бол “Охид” нэртэй хамтлаг. Сүндэрээ, Болороо, Сарнай, Сэрчмаа, Солонгоо. Энэ таван охин ирээдүйд Монголын урлагийн түүхэнд бас нэгэн хуудас болон нэмэгдэх тийм л хамтлаг Залуучуудын соёлын төвийн тайзнаа мэндэлсэн нь энэ. Тухайн үедээ тэднийг “Охид” гэж нэрлэдэг байв. "Охид"-оос "Эмоушн" болсон охид АНУ-д уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэхэд монголчуудын ихэнх нь бус ч цөөнгүй нь эргэлзэж байсан. Тэд АНУ-д уран бүтээлээ үргэлжлүүлэхэд зохиогчийн эрхийн асуудал яригдахаар байсан учраас "Эмоушн" хэмээх танил нэрээ “Sweetymotion” болгосон. Хэдийгээр тухай үед ч олны танил нэрээ өөрчиллөө гэсэн шүүмж өрнөсөн боловч “Sweetymotion” өнөөдөр урьдын л "Эмоушн"-ын адил танил бөгөөд брэнд нэр болж чадсан билээ.
Энэ цаг үедээ эргэн ирье. Өчигдөр оройн тоглолтод “Охид” хамтлаг эргэн ирсэн билээ. Тэд бүгд нэг тайзнаа “Ингэн тэмээний дууг” Б.Чинбатын хөгжимдсөнөөр үзэгчдэд хүргэв. Дөрвүүлээ дуулж байсан тэдэн дээр Сэрчмаа нэмэгдэв. Түүнийг гарч ирэхийг таамагласан нь ч бий байх, үгүй нь ч байсан байх. Тэд тавуулаа таван хоолой салгаж, хуучны тэр дууг сэтгэлд хүртэл эгшиглүүлж чадсан юм. Хөгжмийн хэллэгээр бол “квинт” хоолой дуугарсан нь энэ.
Дурсамжууд эргэн сэдэрч, сайхан аялгуу эгшиглэсэн үдэш үргэлжилсээр. Хамтлаг ч дурсамжаа сөхөж эргэн тавуулаа тайзнаа гарч үзэгчдийг тэрхэн мөчид уяраасан билээ. Ийнхүү “Sweetymotion” эргэн ирж сүүлийн үеийн дуунуудаа үзэгчдэд сонирхуулсаар л… “Хамтдаа бүжиглэе”, “Надаас битгий холдооч” гээд л дээхнэ үеийн дуунууд, “Хаах нь явна даа”, “Хайрласан хайр” зэрэг сүүлийн үеийн дуунуудтай хамт үзэгчдэд хүрч, сонорыг нь мялаасан билээ.
Гэхдээ үүнд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Тэд дэлхийн томоохон охидын хамтлагуудын дууг попури болгож дуулсан нь маш сонин шийдэл гэж хэлж болно. “Supreme”, “TLC”, “Destiny’s Child”, Spice Girls” зэрэг хамтлагуудын дууг Монголын тайзан дээр, Монголын алдартнууд дуулж байсныг өмнө нь хэзээ ч харж байсангүй. Харин тэд дуулсан. Гэхдээ жинхэнэ хувилбараас нь доордуулалгүйгээр шүү.
15 жилийн турш тэд үзэгчиддээ уран бүтээлээ хүргэжээ. Сүүлийн найман жил АНУ-д байсан тэднийг бас л тараад алга болчихлоо гэж байсан ч тэд шинэ уран бүтээлээ хүргэсээр л байна. Цаашид хичнээн жил энэ уянга үргэлжлэхийг та, бид тааж мэдэшгүй билээ. Ямар ч байсан дэлхийн түүхэнд 15 жил оршин тогтносон охидын хамтлаг байдаггүйг хэлэхэд илүүдэхгүй.
Тоглолт дуусаад, үзэгчид тарах мөчид дөнгөж саяхан дууссан тоглолтын талаар яриа хаа сайгүй өрнөж байв. Энэ нь тоглолт сэтгэлийн таашаал өгч чадсаныг гэрчлэх нэгэн том баримт. Бас нэгэн зүйл гэвэл энэ тоглолтод хуурамч зүйл байсангүй. Хоолой, хөгжим, хөгжмийн найруулга бүгд амьдаар хүмүүст хүрч байв. Амьдаар дуулах боломжгүй гэж гомдоллодог ч үнэхээр хоолойтой нь дуулж чаддагыг энэхэн тоглолт мэдрүүлсэн билээ.