Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 13

Дөрөвдүгээр сарын 13-ны баяр

Тайландын Сонгкран хуанлигаар тэнд шинэ жил тэмдэглэнэ. Тайландын шинэ жил энэ сарын 13-15-ны өдрүүдэд албан ёсоор тэмдэглэгддэг. Тайчууд гол төлөв хүүхдүүд хүмүүсийг усаар шүршин цацаж, “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг. Тэнд ус амьдралын эх сурвалж учраас усанд шүршигдсэн хүн бүр баярлан амжилт ирнэ гэж найдна. Мөн бурхдынхаа баримлыг хүртэл тэд усаар угаан шүршдэг.

Энэ өдөрЭнэтхэгт нарны шинэ оноо угтдаг байна. Индусууд хэдэн мянган жилийн өмнө Ганга дагина газарт бууж ирсэн гэдэгт итгэдэг бөгөөд 13-ны өдөр тэд Ганга мөрний усанд орон ариутгал хийдэг ажээ. Цэцгийн хэлхээ зүүж гоёсон хүмүүс шинэ оны мэндийг бие биендээ хүргэн сайн сайхны хүсэн ерөөдөг ажээ.

Өдрийн ишлэл

“Өөрийн биеэр бүхнийг мэдрэн, ялалт, ялагдалд оролцож, өлсгөлөн, өвчин, шархыг туулах ёстой. Өөрийн цус, махаа золиослохоос айх хэрэггүй. Эс тэгвээс миний зурагнууд юу ч биш байх юм”

(Оросын зураач Василий Иванович Верщагин дөрөвдүгээр сарын 13-нд ажлаа хийж байгаад амь алджээ)

В.И.Верщагин дайны зураач болохоосоо өмнө Японд очин зургаа зураж байжээ. “Завиар зугаалж байгаа эмэгтэйчүүд”, 1903 он

Верщагин Орос-Японы дайны тухай зураг зурахаар Порт-Артурт ирээд цэргийн хөлөг онгоц дээр зураг зурж байх үеэр нь тэр онгоц Японы минатай дайралдан  дэлбэрээд живсэн юм.

Үйл явдал

1742 он. Өнөөгөөс 268 жилийн өмнө Дублины “Мюзик-холл”-д немцийн хөгжмийн зохиолч Георг Фридрих Генделийн “Мессия” гэх магтаал хөгжим анх тоглогджээ. Тэрээр өөрийн бүтээлийн библийн судраас үндэслэн бичсэн байна. Анхны тоглолтод үзэгчид маш ихээр ирж байсан учир шахцалдахгүйн тулд хатагтай нарыг уян корсеттай даашинзтай, эрчүүдийг гэртээ сэлмээ орхиод ирэхийг хүсч байсан гэнэ. Анхны тоглолтод 700 хүн ирж, буяны үйлст 400 фунт стерлинг цуглуулсан байлаа. Түүний магтаал хөгжим нь дэлхийн хөгжмийн урлагийн энэ төрөлдөө тэргүүлэгч болж чадсан билээ.

1895 он. Манай эриний 79 онд Везувийн галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгаст хийсэн малтлагийн үеэр нэгэн араг яс олдсоныг хэн нэг нь “эртний харамч баатар” гэж нэрлэсэн нь их оновчтой нэр байв. Тэр араг ясыг ховор нандин эрнэс дундаас олсон юм. Нийтдээ алт мөнгөн 108 эдлэлийг олсон нь Помпейн тухай ойлголтыг улам тэлж өгөв. Сонирхолтой нь олсон олдворуудыг Францын баячуудад нууцаар худалдсан байв. Ам султай хүн энэ тухай хэлснээс болоод Италид ихээхэн шуугиан дэгдсэн боловч тэднийг буцаах замгүй болсон байжээ. Ингээд түүхийн энэ ховор нандин эдлэл Луврын музейнх болсон ажээ.

1943 он. АНУтусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч, Америкийн гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсоны 200 жилийн ойгоор Вашингтон хотын “Баруун Потомак” цэцэрлэгт түүнд зориулагдсан дурсгалын цогцолборын нээлт болсон байна. Уран барилгач Жон Рассел Поуп эртний Ромын Пантеоны хэлбэрээр неоклассик дугуй дацанг бүтээжээ. Тэр нь Жефферсоны бүх насаараа эрмэлзэж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнол ба тэгш эрхийг харуулах ёстой байв. Одоогоос гурван жилийн өмнө явуулсан олон нийтийн санал асуулгаар америкчуудын хамгийн дуртай дурсгалын чансааны жагсаалтад энэ дурсгалын цогцолбор дөрөвт нэрлэгдэж байв. 1934 онд АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт уг цогцолборын суурийг тавьсан юм. 1947 онд дугуй дацан дотор 5,8 метрийн өндөртэй Жефферсоны хөшөөг байрлуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж