Гурван ихэр хүүхдэд гурван сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.24-нд нийтлэгдсэн

Гурван ихэр хүүхдэд гурван сая төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2012.XI.24/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ" ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

    
Дэлхийн хэмжээнд 2012 оны байдлаар нийт 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар хиймэл дагуулыг эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар идэвхитэй 966 хиймэл дагуул байна. Монгол Улсад 1970 онд сансрын холбооны анхны газрын станц байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш 40 гаруй жилийн турш хиймэл дагуулын хэрэглээ болоод технологийн давуу талыг ашиглан, тодорхой мэдлэг туршлагыг хуримтлуулж байна. Сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид нь гадны орны хиймэл дагуулаас зурвас түрээслэн харилцаа холбооны бүхий л үйлчилгээг олон нийтэд хүргэж байгаа юм. Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутгийг шилэн кабелийн сүлжээгээр холбох ажлыг эрчимтэй хийж байгаа боловч хүн ам сийрэг суурьшсан манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан өрх бүрт, цаашлаад иргэн бүрт харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх асуудлыг сансрын холбооны хиймэл дагуул хөөргөснөөр шийдвэрлэх боломж нээгдэх юм. Дээрхи бодит шаардлагад үндэслэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг баталлаа. Урьдчилсан тооцоогоор харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 350, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 280 орчим тэрбум төгрөг шаардагдана хэмээн үзжээ. Энэ хөрөнгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж зэргээс санхүүжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болно хэмээн тооцоолж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн баталгаажууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамба нарт үүрэг болголоо.

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТАЛААР ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулахад Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтад зориулж 2012 оны оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 5 тэрбум төгрөгийг тусгасан учраас сангийн үйл ажиллагааг эхүүлж, тус хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах шаардлагатай болжээ. Мөн бусад орны Засгийн газар, олон улсын байгууллагаас жижиг, дунд үйлдэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгийг тус сангийн үйл ажиллагаанд төвлөрүүлэхээр Зээлийн батлан даалтын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болголоо.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРИМ ТЭТГЭМЖ,
ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэд хэдэн тэтгэмжийн хэмжээ болон бусад тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээг 2008 оноос хойш өөрчлөөгүй бөгөөд инфляцийн түвшин болон амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан 0.5-2 дахин нэмж, шинэчилсэн байна. Ингэснээр  нийгмийн халамжид зарцуулагдаж ирсэн 11.4 тэрбум 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 24 тэрбум гаруй төгрөг боллоо.

Байнгын асаргаа шаардлагатай 23300 иргэн байдаг. Эдгээр иргэд улиралд нэг удаа 30 мянган төгрөг авдаг байсан бол ирэх оноос 60 мянган төгрөг авна. 16 хүртэл байнгын асаргаа шаардлагатай 8400 хүүхэд бий. Сар бүр мөн л 30 мянган төгрөг олгодог байсныг 60 мянган төгрөг, 3 ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаад олгох 60 мянган төгрөгийг 120 мянган төгрөг, гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрх, 18 нас хүрээгүй хүүхдэд нэг удаа 50 мянган төгрөг олгодгийг 120 мянган төгрөг, хоёр болон гурван ихэр хүүхдэд нэг удаадаа 120, 180 мянган төгрөг олгодгийг 1 болон 3 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Мөн Төрийн шагналт, төрийн соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа 100 мянган төгрөг олгодог байсныг 150 мянган төгрөг, хараагүй иргэний холбооны зардалд сард нэг удаа 10 мянган төгрөг олгодгийг 20 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн унааны зардалд жилд нэг удаа 90 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүллээ.

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай 52 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг өөрчлөн найрууллаа. Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн нийтлэг тодорхойлолт ба дагалдах мөнгөн шагналын хэмжээг тодорхойлсон нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсгийн “Монгол Улсын сайд” гэснийг “холбогдох сайд, агентлагийн дарга” гэж, 2 дахь хэсгийн “30 000 /гучин мянга/” гэснийг  “100 000 /зуун мянга/” болгон өөрчилжээ. Ингэснээр тэмдгийн тусгайлсан загварыг холбогдох сайд, агентлагийн дарга баталж, дагалдах мөнгөн шагналын хэмжээг 100 мянган төгрөг болголоо. Мөн Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг шинэчилж, баталлаа.

ТОВЧ МЭДЭЭ:

  • Мал эмнэлэг үржлийн газрын даргаар М.Галбадрахыг томиллоо.
  • “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг дэмжин, тус санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарахаар тогтов  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж